МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Т.Баасансүрэнг сонгов

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Т.Баасансүрэнг сонгов

МСНЭ-ийн Гүйцэтгэх Хороо, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурал 2011 оны нэгдүгээр сарын 14-нд болж МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэнг ерөнхийлөгчөөр баталсан байна. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга, тус эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Заяабатыг сонгожээ.

Т.Баасансүрэн нь мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирал бөгөөд “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал таван боть судалгааны томоохон бүтээл нийтлүүлсэн сэтгүүл зүйн нэрд гарсан судлаач, доктор профессор юм. Хэвлэл мэдээллийн салбарт гуч гаруй жил ажилласан манай улсын туршлагатай сэтгүүлчийн нэг. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн. 1987-1990 онд Монголын сэтгүүлчдийн холбооны орлогч дарга, 2008-2010 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр, 2010 оноос тус байгууллагын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байв.

Д.Заяабат Цэргийн дээд сургуулийг 1990 онд улстөрийн ажилтны мэргэжлээр төгсчээ. 1994 оноос “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар, 1996 оноос “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Тамгын газрын даргаар 15 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байна. Улс орны өмнөх тулгамдсан асуудлаар олон арван нийтлэл бичжээ. МСНЭ-ийн III их хурлаас тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдсон байна.

Мөн хамтарсан хурлаар удахгүй тэмдэглэх тус байгууллагын 60 жилийн ой угтсан төлөвлөгөөт ажлуудын хэрэгжилтийн явцыг сонсож, ой угтсан ажлыг үлдсэн хугацаанд эрчимжүүлэхээр тогтсон байна. Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ой 2011 оны гуравдугаар сарын 4-нд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж