“Дархан-Их урлаг” наадам нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Дархан-Их урлаг” наадам нээлтээ хийлээ

Дархан хот байгулагдсаны 50 жилийн ойд зориулсан “ДАРХАН-ИХ УРЛАГ” наадмын нээлт боллоо. “Дархан-Их урлаг” наадам энэ оны 1-7 дугаар сарыг дуустал, Найрамдлын Дархан хотноо үргэлжлэх юм. Уран бүтээлчдийг аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Т.Ганболд, Нийгмийн  Бодлогын хэлтсийн дарга Л.Золбоот, “Залуучууд” театрын дарга Г.Дэмбэрэлсамбуу нарын удирдах хүмүүс угтан авцгаалаа. Зочдыг Монголын МУАХолбооны тэргүүн А.Дашпилжээ, гүйцэтгэх захирал Б.Тунгалаг, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дэд дарга Р.Ганбат нар ахлан тус аймагт зочиллоо.

Их наадамд Монголын урлагийн бүх шилдэг театр, чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдүүнээрээ хүрэлцэн ирж, Дарханы үзэгчдэд урын сангийн дээжээ толилуулахаар хөтөлбөрөө урьдчилан гаргасан байна.  Энэ наадамд, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр “Учиртай гурван толгой”  дуурь, “Хунт нуур” бүжгэн жүжиг, Улсын Драмын Эрдмийн театр “Тамгагүй төр” жүжиг, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Жаран дамжсан дуулал” , Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга “Энхийн цэргүүд дуулж байна”  нэгдсэн концерт зэрэг сонгодог бүтээлүүдээ дарханчуудад хүргэх юм.  Их наадмыг  Монголын Урлагын Ажилтны Холбоо, Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байна.

Их наадмын нэгэн онцлог нь урлагийн байгууллагууд бүрэн бүрэлдүүнээрээ, тайзны бүх засал, тоноглолтойгоо Дархан хотод хүрэлцэн ирж, “Залуучууд” театрын тайзнаа тоглох юм. Дарханы үзэгчид энэхүү их наадмыг үзэх тасалбарын багцыг долоон сарын өмнөөс урьдчилан захиалгаар худалдан аваад байгаа гэнэ.

О.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж