Олноо "Овоотын" хэмээн алдаршсан хилийн долдугаар отрядод уг хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус отрядын долдугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хоёр гэрээт хилчин заставын орлогчтойгоо архи ууж байгаад маргалдан зодолдож түүний толгой руу нь өшиглөж амь насыг нь хохироосон байна. Хохирогч офицер нь 2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг дүүргэсэн дэслэгч цолтой нэгэн байжээ. Уг хэрэг 2011 оны нэгдүгээр сарын 15-ны 13.00 цагийн үед болсон бөгөөд хэрэг гарснаас хойш офицер ухаан орохгүй байсаар 17.00 цагийн үед амьсгал хураасан аж. Уг хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас ажлын бүлэг гарч Өмнөговь аймгийг зорьсон байна.
С.Дөл. Зохиогчийн эрх: "Нийгмийн толь" сонин.