Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, урчуудын эвлэлийн хорооны дэд дарга, урлаг судлаач О.Сосортой уулзан шинэхэн үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.
-Өнөөдрийн үзэсгэлэнгийн талаар?
-Үзэсгэлэнгийн маань нэр “Дөрвөн зүг, найман зовхист”. Энэ удаагийн үзэсгэлэнд өнгөрсөн жил уран бүтээлчид задгай агаарт плинерт ажиллаж байгалийн үзэсгэлэнт байдлыг газар дээр нь буулгах зорилгоор аянд гарсан. Тэр аяны үр дүнд бий болсон үзэсгэлэн. 100 гаруй уран бүтээлч энэхүү аянд оролцсон болохоороо арваад баг болсон. Энэ багууд тал тал тийшээ гарсан. Говь, хангай, тал хээрийн бүс гээд Монголынхоо өргөн уудам нутгаар аяллаа. Үүний дүнд Монголын үзэсгэлэнт байгалийг тал талаас нь цогцлуулсан үзэсгэлэнгээ толилуулж байна.
-Оролцсон уран бүтээлчид ямар төрөл, жанраар бүтээлээ голлон туурвисан бэ?
-Төрөл жанрын хувьд гол төлөв байгаль, монгол ахуйгаа харуулсан, дүрслэх урлагийн цөөн төрлийг хамарсан. Гэхдээ плинерт ажиллана гэдэг зураачдын хийдэг ажил учраас голдуу уран зураг тэр дотроо усан будаг, пастель, тосон зургийн гэсэн ийм бүтээлүүд тавигдсан.
-Монголын урчуудын эвлэл хэчнээн гишүүн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг вэ?
-Монголд уран бүтээлчид маш олон байгаа шүү дээ. Манайх 500-гаад гишүүн уран бүтээлчтэй байгаа. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим уран бүтээлч байдаг.
-Дараагийн үзэсгэлэнгийн хувиараас сонирхуулахгүй юу?
-Монголын багш нарын баярт зориулан манай Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш нарын “Орон зай” гэдэг үзэсгэлэн гарна. Энэ үзэсгэлэнгийн баг юугаараа онцлог вэ гэхээр Монголын зөвхөн тэр Дүрслэх урлагийн сургуулийн хөтөлбөрт байдаг 16 төрлийн хичээлийг заадаг багш нар оролцох учраас маш олон төрлийг хамарсан сонирхолтой болно гэж бодож байна.
-Өнөөдрийн үзэсгэлэн бусад үзэсгэлэнгээс юугаараа ялгаатай вэ?
-Байгаль дээр шууд уран бүтээлээ туурвисан нь онцлог. Байгалийн тэр хоромхон зуурын үзэгдлийг маш их хурдтайгаар буулгадаг, зураачдаас нүдний ур, гарын ур, ухааны ур бүгдийг шаарддаг ийм л байдалд хийгдсэн бүтээлүүд гэж ойлгож болно.
-Та сая нээлт дээр энэ үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлч явсан ч тийм хангалттай үр дүн харагдахгүй байна гэж онцолж хэллээ.
-Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр санхүүгийн тусламж аваад тусгай нөхцөл бололцоогоор хангагдаад явсан 100 гаруй уран бүтээлчээс өнөөдөр 70 уран бүтээлч бүтээлээ тавьсан. Зарим нь өдий болтол уран бүтээлээ хийж чармайгаагүй гэхээр хангалтгүй л үр дүн харагдаж байна гэдгийг хэлсэн л дээ. Зарим хэсэг нь сайн ажилласан. Жишээлбэл энд тав зургаан бүтээл хийсэн хүн байхад огт бүтээл хийгээгүй хүн бас байгаа юм. Тийм учраас түүнийг онцолж хэлж байгаа юм.
-Яг энэ плинерт явсан хүмүүсээс онцолж хэлэх юм бол Д.Бадам зураачийн зураг оны өмнө нилээн шуугиан тарьж байсан шүү дээ. Онцолж энэ бүтээлийн тухай яривал.
-Зураач Д.Бадам бол монгол зургийн аргаар зурдаг. Монгол зургийн аргаар плинерт бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Хамгийн гол нь плинерээс өнгө, дүрс, сэдвээ олж авах хэрэгтэй. Үлдсэнийг нь урландаа дуусгадаг маш их нарийн чимхлүүр ажил ихтэй. Бадамын хувьд энд монгол зургийн аргаар зурсан бүтээл нь их содон харагдаж байгаа. Тийм дассан байдлаар биш харагдаж байгаа байх аа.
-Өнөөдрийн үзэсгэлэнг ирж үзэж байгаа үзэгчдийн хувьд юуг илүүтэй их олж хараасай гэж та бүхэн хүсч байна?
-Юун түрүүнд өнгө их сонирхолтой л доо. Монголын 365 хоногоос 360 өдөр нь нартай байдаг гэж ярьдаг. Энэ нарны дор Монгол орон ямар гоё харагддаг юм бэ гэдгийг зураач болгон өөр өөрийнхөө өнгөний тоогоор харуулж чадсан. Зарим нь маш олон өнгөтэй хурц тод бүтээл хийсэн байхад зарим нь бүдэг саарал өнгөнд захирагдсан бүтээл хийж байгаа нь тухайн үеийн байгалийн хувирлыг гайхамшигтай дамжуулсны л илрэл юм.
Г.Барс