Монгол үндэсний өв болох уран бичлэг (calligraphy)-ийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой.
Үндэсний монгол бичиг нь мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, гүйлгэн, таталган гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ.
Уран бичлэг буюу Calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй.
Шинэхэн цасан дээрх уран бичлэг мэт цагаан танхимд дэлгэгдсэн олон сайхан бүтээлүүд угтан авсан юм. Таазнаас шал хүртэлх зотон даавуун дээр хар бэхээр урласан үгс, бийр янтай, бэх өөрийн эрхгүй хараа булаан байлаа. Мөн ган төмрөөр есөн эрдэнийн нэрийг дугуй дотор эвхмэл бичгээр сийлэн хийж есөн эрдэнийг шигтгэн чимжээ. Энэ жилийн “Шинэ цас”-наар “сонгодог” монгол бийрэн бичлэгээс гадна бийр бэх муутуугаар урласан хийсвэр гэмээр зураг, бухын зохиомж, ямар арга барил гэдгийг нь тодорхойлж мэдэхгүй “галзуу” бүтээлүүд ч байв. Зөвхөн хар бэхээр бус цагаан бэх, модон бар, амьтны ясан эвэр дээр хүртэл каллиграфиар бичсэн байсан нь өвөрмөц сонин тусч байлаа.
“Шинэ цас-2011” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл”-ийн эзэн каллиграфич Б.Түвшинжаргалтай уулзлаа.
-“Шилдэг бүтээл”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Та мөн өнгөрсөн жилийн “Шинэ цас” үзэсгэлэнгийн шилдгийг хүртэж байсан шүү дээ. Энэ уран бичлэгээр хэдийнээс эхлэн ажиллах болов. Энэ удаад оролцсон бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Баярлалаа. “Шинэ цас” үзэсгэлэн үүсгэн байгуулагдсан таван жилийн өмнөөс оролцож эхэлсэн. Өнгөрсөн жил “Сэтгэл” гэдэг бүтээлээрээ тэргүүн байр авч байсан. Энэ жил “Өнө мөнхийн тэнгэр шиг бай. Чи ялна” гэж О.Дашбалбар гуайн шүлгийг цагаан бэхийн техникийг холимог техниктэй хольж бичин тэргүүн байрын шагнал хүртлээ.
-Энэ шүлгийг бүтээлдээ онцлон авсан шалтгаан тань юу байв?
-“Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийн цөм нь болох “Өнө мөнхийн тэнгэр шиг бай тэгвэл чи ялна” гэж үг нь өөрөө надад их хүчтэй нөлөөлсөн. Монголчууд тэнгэр язгууртай гэж ярьдаг. Хүчтэй үг чинь өөрөө хүчийг илэрхийлдэг. Дээрээс нь дүрсний зурлага, хүчийг оруулан цацсан цалгисан тийм байдалтайгаар бүтээсэн бүтээл юм.
-Яагаад каллиграфийн урлагийг сонгох болов?
-Монгол хүн юм чинь. Угаасаа монгол бичгээрээ бичиж байгаагийн хувьд сураад, судлаад ирэхээр зайлшгүй энэ каллиграфийг сонирхоод ирдэг. 1998 онд Монгол Улсын гавьяат багш Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуульд сурч байхдаа Жамьянсүрэн гэж мундаг бичээчтэй танилцаж түүний шавь болсноор энэ бичгийн урлагт хөл тавьсан даа.
-Цагаан бэхийн техникийн онцлогийн тухайд?
-Цагаан бэхийн техник хар бэхээс их ондоо юм. Цаасан дээр эхэлж цагаанаараа биччихээд сүүлд нь хараараа тагладаг. Тэгэхээр нэг бодлын амархан мэт боловч техникийг нь сурахад хүндрэлтэй асуудал байдаг л даа. Маш их туршиж үзэж байж гаргаж авдаг бүтээл.
-Өнгөрсөн онд хийж байсан “Сэтгэл” бүтээл цагаан бэхийн техникээр хийсэн байсан?
-Тийм. Сүүлийн үед цагаан бэхээр нэлээд оролдоц байгаа.
-Яг цагаан бэхийн техник бусад улс оронд хэрхэн хөгжсөн байдаг вэ?
-Дорны каллиграфит цагаан бэхний техник зонхилох байр суурийг эзэлдэг. Ялангуяа Японд мундаг бичээчид цагаан бэхийг сонгож уул усны зураг бүтээдэг маш онцлогтой бэх л дээ. Хар бэх бол хар цагаан жаахан саарал болж хувирна. Харин цагаан бэх бол бүх талаар хувирах чадвартай байдаг.
-Өнөөдрийн үзэсгэлэнд нэлээд олон каллиграфийн бүтээлүүд дэглэгдсэн байна. Бусад хамтран оролцож байгаа уран бүтээлчдийнхээ бүтээлийн тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монголын орчин үеийн каллиграфийн холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголд шинэ залуу каллиграфичин төрүүлье гэдэг үндсэн дээр “Шинэ цас” үзэсгэлэнг нээж эхэлсэн. Өнөөдөр л гэхэд хориод уран бүтээлчийн бүтээл тавигдсан байна. Бараг тэн хагас нь нэг хоёр дахь жилдээ оролцож байгаа тийм залуу уран бүтээлчид байна. Тэргүүний хувьд ойлгомжтой Д.Баттөмөр гуайг хүн бүхэн мэднэ. Монголын орчин үеийн каллиграфит бол маш үнэтэй хувь нэмрээ оруулсан. Д.Ганбаатар гээд дэлхийн урлагийн олимпийн алтан медальт манай Монгол бичиг, монгол каллиграфи дэлхийд ямар үүсэл хөгжилтэй болж байгаа вэ гэдгийг харуулж өгсөн хүн. Ер нь бүгд л сайн ажиллаж байна. Жил ирэх тусам сайжирч байгааг нь хараад манай үзэсгэлэнгийн үр дүн гэж бахархаж байна.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Г.Даша