Аль-Аттияа Дакар раллид анхны цомоо өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Аль-Аттияа Дакар раллид анхны цомоо өргөлөө

Аргентин, Чили улсын нутаг дэвсгэрээр хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн 32 дахь удаагийн Дакар ралли уралдааны ялагчид өчигдөр тодорлоо. Хамгийн ихээр олны анхаарлыг татдаг суудлыг машины ангилалд Катарын тамирчин Нассер Аль-Аттияа түрүүлж, Дакарын анхны цомоо өргөсөн бол мотоциклийн ангилалд Испанийн Марк Кома илүүрхэж, Дакар раллид гурав дахь түрүүгээ авсан байна. Бямба гаригт болсон сүүлийн буюу 13 дахь гараанд Аль-Аттияа хоёрдугаарт бариалсан бөгөөд түүний харьяалагдаж буй Volkswagen энэ жилийн Дакар раллигийн шилдэг багаар тодорчээ. Харин өнгөрсөн жилийн аварга, мөн л Volkswagen багийн  тамирчин Испанийн Карлос Сайнс 13 дахь гараанд 38 секундээр түрүүлж, барианд орсноор тус гарааны ялагч болсон ч ерөнхий дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. Тэгвэл хоёрдугаар байрт Өмнөд Африкийн Гиниэль де Вилльерс шалгарчээ.
Мотоциклийн ангилалд тэргүүлсэн Кома сүүлийн гараанд тавдугаарт бариалсан ч нийлбэр дүнгээр Францын Сайрил Деспрегээс 15 минут, дөрвөн секундын илүү амжилт үзүүлснээр аваргалсан юм. Харин Деспрегийн араас гуравдугаар байрт Португалийн Хелдер Родригес шалгарсан байна.
Харин дөрвөн дугуйтын ангилалд Аргентиний Алехандро Патронелли, том оврын машины ангилалд ОХУ-ын Владимир Чагин нар тус тус түрүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж