МАН-ын гишүүд МАХН-ыг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд МАХН-ыг өмөөрөв

Намын даргаа эзгүйчлэн, хэвлэлийн хурал хийлгэж, сенсааци тариад амжсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдод ил захидал өргөн барьжээ. Ил захидлыг Ерөнхий сайдыг албан ажлаа өндөрлүүлснийх нь дараа оройхон өргөн мэдүүлсэн тухай эх сурвалж дамжууллаа. Хэдийгээр дээрх дөрвөн гишүүнтэй цуг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нэгдэх сонирхол байсан ч Ерөнхий сайд айлчлалаас ирсэн өдрийнхөө оройхон тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт албан өрөөндөө дуудаж, бүтэн цагийн турш загнасан тул, нам дотор хөсөг тэрэг хөдөлгөх хөдөлгөөнд энэ удаа оролцохоосоо татгалзсан гэх.
Харин Ерөнхий сайдад хаягласан энэхүү захидалд юу өгүүлснийг сийрүүлье. Захидалд “МАН-ын дарга, эрхэм журмын нөхөр таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол орон ардчиллын замаар тууштай замнаж 20 жилийн босгыг алхлаа. Шинэ Үндсэн хуулиар тунхагласан эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс Монгол оронд төлөвших үйл явцдаа багагүй саад бэрхшээлийг туулсаар  өнөөдрийг хүрч байна. Та бид үзэл бодлын зөрүүтэй хүмүүстэйгээ дайсагналцах бус харин тэдэнтэй  зохицож, зөвшилцөн амьдардаг тийм эринд амьдарч байгаа билээ.

Тун саяхан өөрчлөлт, шинэчлэлтийн уриан дор болсон МАХН-ын ХХҮI  их хурлаас сонгогдсон МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг маш шуурхай явуулж байгаад бидний нөхөд үнэхээр харамсаж байна.  

Нэгэн үйл хэргийн төлөө хамтран тэмцэж явсан журмын нөхдөө үг зөрлөө, үзэл бодол сөрлөө гэж буруутган, аймшигтай гэмт хэрэгтэн бидний дунд байсан мэтээр олон нийтэд бүхий л арга хэрэгслээр ойлгуулахыг хичээж байгаа нь манай намын түүхэнд байсан өмнөх архаг дутагдал илаарших биш, харин ч улам сэдэрч байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.  Тухайлбал,  сүүлийн саруудад “МАХН” нэрээ авч үлдэе гэсэн бодол, байр сууриа илэрхийлж байгаа хэсэг нөхдийн талаар явуулж буй төлбөртэй, захиалгат нэвтрүүлгүүдийг дурдахад хангалттай юм. Иймэрхүү захиалгат гүтгэлэг нь намын нэрийг солихгүй байх, мөн намын шинэчлэлийн талаар сэтгэл дундуур явдаг, тэдэнтэй адилхан бодож сэтгэж яваа манай намын олон мянган гишүүдийг мөн л хамруулан дайрсан хэрэг болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ, удирдлагатай ам зөрлөө гэж гишүүдээ нүд үзүүрлэж, нэр төрийг нь гутаан доромжилдог үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсээр байх уу?
Түүнчлэн намдаа үнэнч, сэтгэлээрээ ханддаг шударга, зарчимч журмын нөхдөө эрхэмлэхээсээ илүү эрх ашгийн сонирхол, хөрөнгө чинээний боломжийг гол шалгуур болгож боловсон хүчний асуудалд хандаж буйд намын жирийн гишүүд, дэмжигчид илт дургуйцэж байгааг та анхаарч байна уу?  Энэ мэт зөрчлөөс намд ямар нэг хэмжээгээр үл ойлголцол, хагарал үүсэх нь дараагийн том ялагдлын эхлэлийг тавина гэж бид үзэж байна. Тийм учраас намаасаа нэг ч гэсэн гишүүн, дэмжигчээ “яв” гэж хэлэх бус, харин яаж явуулахгүй байх талаас нь бүхий л арга хэмжээг намын удирдлага авч ажиллах ёстой. Саяхан хуралдсан түүхэн гэж нэрлэж буй XXVI их хурлын шийдвэр намаа хагалан бутаргаж, хүчгүйдүүлэх бус харин ч намын эв нэгдлийг бэхжүүлж ажиллахыг намын удирдлагад үүрэг болгосон билээ. Иймд намын дарга таныг  нам, түүний гишүүдийг хагарч бутаргахад хүргэж буй үйл явцыг цаг алдалгүй хэлэлцээ, ойлголцлын зарчмыг эрхэмлэн шийдвэрлэхийг хүсэж байна. 

Ард иргэд маань тэдний амьдралд нааштай үр дүн гарсан, мэдрэгдсэн ажил хийгээсэй гэж хүсэж байгааг та бид анхаарч ажиллах ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа “үсэргээд өгнө, одоо л сайхан болгоно” гэж амласан нь саяхан. Үүнийг монголчууд мартаагүй. Гэтэл ам, ажлын нэгдэл төдийлэн сайн хангагдахгүй байна. Түүнчлэн С.Баярын Засгийн газрын үед гарын үсэг зурагдсан, ард түмний итгэл алдраад байгаа ”Оюутолгойн” гэрээг хугацаа алдахгүй засаж, сайжруулахыг өнөөгийн Засгийн газраас олон нийт хүсэн хүлээж байна.  Стандарт бус гэгч Засгийн газрыг хаацайлж хамгаалахын тулд төр засаг нь эхнээсээ стандарт бусаар асуудалд хандаж, ажиллаж ирсэн. Энэ байдал нь нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүхий л шатанд ардчиллын зарчмуудыг гажуудуулж, муу үр дагавар дагуулсан ноцтой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүний нэг тод жишээгээр, зэс нь цухуйж буй ”Оюутолгойн гэрээ” болон намын XXVI Их хурлын дараах нөхцөл байдлыг дурдаж болох юм.

Иймд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд танд намын эв нэгдэл болон эх орны язгуур эрх ашигтай холбогдсон дараах 3 саналыг тавьж байна. Үүнд,

Нэгдүгээрт, намд сүүлийн үед үүсээд байгаа хагарлын асуудлаар намын нийт гишүүд, дэмжигчдийн дунд “Санал асуулга” явуулж, намын гишүүдийг эвдрэлцүүлэх бус, эвлэрүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах, намын ээлжит бус онц Их хурал яаралтай хуралдуулах асуудлыг судалж үзэх.

Хоёрдугаарт, Оюутолгойн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг хянан үзэж, УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу дахин шинэчлэн батлуулах.

Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийг байгалийн баялагтаа Монголын ард түмэн эзэн байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн өөрчлөх асуудлыг манай нам санаачлан ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Танхимынх нь сайдыг нэг, нэгээр сугалж аван огцруулах операци өрнөчихсөн учрыг нь олох гэж ядаж байхад намынхаа итгэлийг даана гэж бодож явсан гишүүд санал нэгдэн, захидал өргөн барьсан нь С.Батболд даргын хувьд ойрын үед шийдвэрлэж, учрыг нь олох асуудлыг ийнхүү нэмлээ. Дээр нь намын даргын албан тушаалыг Ерөнхий сайдын сэнтийтэй цуг С.Баяраас хүлээн авч, үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байсан түүний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэгч бас нэгэн дуулиант хэргийн учрыг олох томоохон ажилтай зууралдахаас аргагүйд хүрэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж