Монгол Улсад хөрөнгийн зах үүсч хөгжсөний 20 жилийн ойг их л хөл хөдөлгөөнтэй тэмдэглэж байна. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүүгийн хувьд энэ бол аргагүй л тэмдэглүүштэй баяр нь юм. Тэрбээр Монголын хөрөнгийн захын хөгжилд өөрийн хувь нэмрийг чадах чинээгээрээ оруулж, сүүлийн таван жил энэ байгууллагыг удирдаад байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа ч энэ салбарын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг боловсруулан батлалцаж явсан ч гэдэг. Харин энэ баярын дараа тэрбээр гардан хийж өдий хүргэсэн ажлаа хүлээлгэн өгөөд өөрийн сонгосон “месть” руу гаа явна. Түүний сонголт Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар бөгөөд МХЕГ-ын даргад Р.Содхүүгийн нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд буй. Өнгөрсөн пүрэв гаригт болсон Төрийн албаны зөвлөлийн хурлаар энэ тухай хэлэлцэж, Ерөнхий сайдаар батлуулахаар болсон юм. Хэрвээ Ерөнхий сайд батламжилбал Р.Содхүү өнөө маргаашгүй Хөрөнгийн биржийг орхин явна. Ерөнхий сайд өөрөө Лондонгийн биржтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаа учраас Р.Содхүү даргыг сонголтыг дэмжиж, түүний нэрийг батламжлах нь дамжиггүй гэх хүн олон байна.
Нөхцөл байдлаас харахад Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах нь нэгэнт тодорхой болоод буй. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын хөрөнгийн биржийн удирдлага ч мөн солигдох юм.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн тэрбээр энэ асуудалд их л уужуухан хандаж байгаа бололтой. Хөрөнгийн захын ойн баярын арга хэмжээнүүдэд удахгүй буйраа сэлгэх тэрбээр ердөө ч гудийхгүй явна. Сураг дуулах нь ээ, Р.Содхүү дарга ойн баярын дараа ажлаа хүлээлгэх өгөх бололтой.
Б.СҮРЭН