Эерэг нөхцөлийн хүндрэлд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Эерэг нөхцөлийн хүндрэлд бэлэн үү?

Хэдхэн жилийн өмнө 2000 онд улсын төсөв нь 200 тэрбумд л эргэлдэж байсан бол өнөөдөр хэдэн их наядаар тоологдох болж, уул уурхайн баялаг маань Монгол Улсыг дэлхийн баячуудын эгнээд авчрана гэгдэж байна. Харин үүнд бид бэлэн үү гэсэн асуултыг Сангийн яамныхан өөрсдөдөө тавьжээ. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн 20 жилийн турш зөвхөн дутагдаж байгаа мөнгийг хаанаас олох, суларсан валютын ханшаа хэрхэх гэх мэт сөрөг үйлдэл дээр тоглож байсан бол харин одоо эерэг нөхцлийн хүндрэлтэй тулгарна гэж тэрбээр тодорхойлов.

Тэрбээр өнгөрсөн баасан гаригт яамныхаа дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нарын хамт сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзсан юм. Улсын сан хөмрөгийг атгаж байдаг яамныхны хувьд зангиагүй уулзалт бас олон тоо баримт дурдсан ажил хэрэгч болов. Үүнд Сангийн яамны газар хэлтсийн дарга нар мэдээллээ багцлан хүргэсэн юм. Нэгэн үе эдийн засаг гэхээр хэдхэн хүнд хамааралтай, сонирхолтой бус сэдэв юм шиг байдаг асан бол эдүгээ бүхний анхаарлын төв дэх асуудал болоод байгаа. Тийм ч байх ёстой нь зүй. Харин одоо ихээр орж ирэх хөрөнгийг хэрхэн шингээх вэ гэдэг асуудал тулгараад байна. Уул уурхайн баялагтаа хэт шүтэн эдийн засгаа эмгэгшүүлсэн түүх дэлхийд бий. Голланд өвчин хэмээгдэх эдийн засгийн өвчлөлийн талаар хэн хүнгүй мэдэх болсон. Уул уурхайн их орлого бусад салбаруудыг үнэгүйдүүлж, өрсөлдөх чадваргүй болгодог. Мэдээж баялаг гэдэг дуусч дундаршгүй биш юм хойно эдийн засгаа хэрхэн эмгэгшүүлэхгүй байх вэ гэдэг асуудал чухал. Үүнд Чили зэрэг улсууд ирж буй орлогыг дотоодын эдийн засагтаа аль болох оруулахгүй байх бодлогыг баримталдаг. Ямар ч эдийн засаг өөрийн шингээх хэр хэмжээтэй байдаг юм хойно. Тогвтортой байдлын сан гэх мэт Голланд өвчнөөс сэргийлэх олон янзын арга зам байдгийг сануулах юун. Тийм учраас бид аз, лай алийг нь ч дагуулах магадлалтай баялгийн орлогын урсгалыг хүлээн авахад бэлтгэлтэй байх ёстой гэсэн бодлогыг тэд боловсруулж байна. Гэрэл байх ахул сүүдэр буй. Гэрэл хэдийчинээ тод байх тусам, сүүдэр төдий чинээ түнэр харанхуй байдаг гэдгийг Сангийн сайд сануулж байна. Тэрбээр бусад салбаруудаа татварын бодлогоор дэмжих, татаас олгох зэрэг олон арга замууд байдгийг дурдаж байна. Ийн аз, гай алиныг дагуулахыг шийдэх олон реформ байгааг бас мэдээллээ. Өнгөрсөн оны хувьд тэлж томрох төсвийг хянах Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан, Тогтворжилтын сан байгуулсан гээд амжуулсан ажил бий. Түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны реформ хийх зэрэг олон ажил өмнө хүлээж буй. Тийм учраас Сангийн яамныхны хувьд энэ жил ажил ихтэй байх нь. Харин энэ бүхнийг олон нийтэд ойлгуулан таниулахад хэвлэлийнхэн онцгой ач холбогдолтой гэдгийг сайд онцолж байна. Тийм ч учраас эдийн засгийн сэдвээр дагнан мэргэшсэн ажиллаж буй сэтгүүлчидтэй хамтын ажиллагаагаа илүү өргөжих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнээс гадна Монгол Улс тусгаар тогтносон 1911 онд анх байгуулагдсан таван яамны нэг энэ их айлын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Ингээд Зангиагүй уулзалтын үеэр яригдсан зүйлсээс тоймлон хүргэж байна.

Нийгмийн даатгалын сан найдвартай юу?
Нийгмийн даатгалын хөрөнгө Төрийн сангийн нэгдсэн данс хэмээх нэг амтай том сав руу ороод алга болчихдог. Татвар төлөгчдийн бол ирээдүйдээ хэрэглэхээр үүцэлж байгаа энэ хөрөнгийг эрхтэн дархтангууд эргүүлж, хэрэглэж ашиг олж байна уу гэсэн хардлага байдаг. Бусад улс орнуудад их хэмжээний хуримтлал болдог энэ мөнгийг санхүүгийн эргэлтэд оруулж, хүүгээр нь үржүүлж байдаг учраас ийн хардах нь ч бас аргагүй хэрэг. Харин Сангийн яамныхны хувьд Нийгмийн даатгалын хөрөнгө дунджаар 60-80 тэрбум төгрөгт эргэлдэж байдаг. Харин үүнийг санхүүгийн эргэлтэд оруулж, хэн нэгэн ашиг олж байна уу гэдэгт эргэлзэх зүйл үгүй гэж тайвшруулав. Учир нь энэ мөнгө төвбанкны дансанд байршиж байдаг. Харин санхүүгийн эргэлтэд оруулах боломжийн талаар одоохондоо манайд эрсдлийг дааж ажиллах боловсон хүчин байхгүй гэж Сангийн сайд хэлж байна. Нийгмийн даатгалын мөнгийг хадгаламж хэлбэрт оруулан хүү олох боломж байна уу гэтэл Монголбанкинд хүү олгох боломж байхгүй. Зөвхөн хадгаламж гэлтгүйгээрээ бонд гаргах, арилжаанд оролцуулах гэх мэтээр эргэлтэд оруулах бэлтгэл боломж өнөөдөртөө алга гэж байна. Уг нь Монголбанк гадаад валютын нөөцийг санхүүгийн эргэлтэд оруулан тодорхой хэмжээний ашиг олдог ч энэ нь бас л эрсдэл дагуулах магадлалтай учир одоогоор Монгол мэргэжилтнүүд чадахгүй ээ гэж үзэж байгаа аж.
Бид татварын мөнгөө төлөөд байхад нэрийн дансанд мөнгө маань байхгүй, тэтгэвэрт гарлаа гэхэд насаараа төлсөн шимтгэлийнхээ үр ашгийг хүртэж чадах нь уу, үгүй юу гэсэн эргэлзээ байдаг. Яг ийм нөхцөлд шилжилтийн буюу 1990-ээд онд тохиолдож гүйцэтгэх засаглал тэтгэвэрт олгох мөнгө алга аа гэж гараа алдлан, толгойгоо маажиж байсан. Харин үүнд Сангийн яамныхан өмнө нь хуримтлал үүсгэх боломж  байгаагүй, нэрийн дансанд байршуулах ёстой мөнгө хэдэн их наядаар тоологдох болоод байгаа учир шууд нөхөж чадахгүй байгаа. Гэхдээ 2008 оноос эхлэн график гарган тодорхой хэмжээгээр үе шаттайгаар хуримтлал бий болгож байгаа гэлээ.

Хөгжлийн банкны хөдөлгөөн эхэлсэн үү?
Сүүлийн хэдэн жил яригдаж байгаа Хөгжлийн банкийг хөл дээр нь босгож нээхийн тулд хууль эрх зүйн орчныг нийцүүлэх буюу өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсад төв банкны болон арилжааны банкны хууль л байдаг. Хөгжлийн банкны хувьд арилжааны банкны хуулиар зохицуулах аргагүй учир хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Удахгүй Монголд орж ирнэ гэж байгаа мөнгөний их урсгалыг зохицуулах, хөгжлийн тодорхой зорилгот үйл ажиллагаануудыг зохицуулахын тулд ийм банкийг байгуулах нь зүй. Гэхдээ Монгол Улсын жилийн төсвөөс их буюу долоон их наядаар тоологдох хөрөнгийн урсгалын талаар яригдаж байгаа учраас хууль зүйн зохицуулалт шаардлагатай гэлээ.
Нөгөөтэйгүүр Засгийн газраас баталгаа олгосон Айбекс Молам, Марубени гэх мэт хэргээс болж гүйцэтгэх засаглал баталгаа гаргахыг хориглосон. Харин Хөгжлийн банкны бонд гаргах гэх мэт асуудалд Засгийн газар баталгаа гаргах асуудлыг бас нэг мөр шийдэх хэрэгтэй болох нь. Одоогоор зөвхөн Хөгжлийн банкны асуудалд Засгийн газар баталгаа гаргахаар зохицуулалт хийх бололтой. Энэ ч бас нэлээд асуудал дагуулж магадгүй л юм.

Тавантолгой & Оюутолгой
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ­ний та­лаарх дуусдаггүй маргаан өнөө ч идэвхжиж байгаа. Гэрээг гардан байгуулсны хувьд С.Баярцогт сайдыг асуудал байнга ээрч байдаг. Тэрбээр өнгөрсөн жилд дэгдсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хийж буй өөрчлөлтийн талаар дашрамд тайлбар өглөө. Хөшигний цаана нууцаар баталсан гэгдсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хөрөнгө оруулагчид гуравдагч хувьцаа худалдах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт заавал мэдэгдэх гэх мэт зарчмын нэлээд томоохон өөрчлөлт хийхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр 2011 оны нэгдүгээр сараас үргэлжилнэ гэж байсан. Харин С.Баярцогт энэхүү асуудлыг Цагаан сарын өмнө шийдсэн байхыг хичээж байгаа гэсэн шинэ мэдээлэл дуулгалаа. Гэрээний урьдчилгаа хэмээн өндөр хүүтэй мөнгө аваад халамжийн бодлогодоо цацсан гэсэн шүүмжлэлийн тухайд ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээр татвараас эргүүлэн суутгах урьдчилгааны эхний 100 сая нь ам.долларыг гурван хувийн хүүтэй авч байсан бол хоёр дахь удаагийн 50 сая ам.долларыг 1,7 хувь, үлдэх 100 сая ам.долларыг нэг хүрэхгүй хувийг хүүтэй авахаар гэрээ хэлцэл хийж чадсан гэв. Хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаанд татварын урьдчилгаа бүтээгдэхүүний урьдчилгаа оролцооны урьдчилгаа гэсэн гурван хэлбэр байдаг бол Оюутолгойн хувьд нэг л хувилбарыг хэрэглэж чадсан. Харин Тавантолгойн гэрээний хувьд энэ гурван нөхцөлийг бүгдийг нь ашиглах бодолтой байгаа гэсэн нэмэлт мэдээллийг Сангийн сайд С.Баярцогт хүргэлээ.
А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж