Еврозоны инфляци өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Еврозоны инфляци өсчээ

Түлш, шатахууны үнэ нэмэгдсэнээр арваннэгдүгээр сард 1,9 хувь байсан Еврозоны инфляци арванхоёрдугаар сард 2,2 хувь болтол нэмэгджээ. Евростатын мэдээлснээр хэрэглээний өртгийн индекс евро бүсийн орнуудад сард дунджаар 0,6 хувиар өссөн аж. Пүрэв гаригт Европын төв банк тус бүст үнийн өсөлтийн аюул нүүрлэж байгаа гэж сануулж байсан юм. Банкны зүгээс жилийн өмнө л 0,9 хувь байсан инфляцийн төвшинг одоо хоёр хувьд барина гэж тооцоолж байгаа.
Шатахууны үнэ нэмэгдсэнээр тээвэрлэлт, хүнсний үнийг өсгөж, инфляцид нөлөөлсөн юм. Эрчим хүчний үнэ арванхоёрдугаар сард хүртэлх нэг сарын хугацаанд 2,3 хувиар өссөн бөгөөд энэ нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар илүү байгаа аж.
Хамгийн өндөр инфляцитай улс нь Эстони юм. Өнгөрсөн онд Еврозоны гишүүн болоогүй байсан бөгөөд 2011 оноос эхлэн албан ёсоны гишүүн болсон билээ. Тус улсын инфляцийн төвшин 5,4 хувь байсан бол евро бүсийн ууган гишүүдийн нэг, санхүү, эдийн засгийн томоохон асуудалтай байгаа Грек улс 5,2 хувийн инфляцитай байв. Харин хамгийн бага инфляцитай орон нь Словак /1,2 хувь/ байв.
Пүрэв гаригт Европын төв банкны удирдах зөвлөл хуралдаж, бодлогын хүүгийн төвшинг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл хүүгийн төвшин 20 сарын турш ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй байна. Гэсэн хэдий ч тус банкны ерөнхийлөгч Жан Клауд Тричет эрчим хүчний өндөр үнээс болж, Еврозонд ирэх саруудад инфляци нэмэгдсээр байна гэж сануулж байна.
Тричет “Инфляци цаашид өссөөр байх бөгөөд оны эцэс хүртэл хоёр хувиас илүү байхаар байна” гээд Засгийн газруудыг төсвийн зардлаа бууруулж, алдагдлаа багасгах арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг уриалжээ.
Баасан гаригт гарсан мэдээллээс харахад Европын бусад орнуудад ч инфляци өсөхөөр байна. Газрын тосны үнэ өсч байгаа нь Их Британийн үйлдвэрлэлийн өсөлт 4,2 хувьтай болсон тухай Үндэсний статистикийн газраас мэдэгдэв. Харин Энэтхэгт бөөний үнийн индекс арванхоёрдугаар сард 6,43 хувь болов. Хүнсний үнийн өсөлтийг бууруулах зорилгоор Засгийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, экспортын асуудлыг авч хэлэлцэн хүнсний хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох сонгины үнийг тогтвортой барихаар ажиллаж байна.
Энэ үед БНХАУ-ын төв банк мөн инфляцийн эсрэг дайн зарлаад байгаа. Төв банк зээлийн бодлогод өөрчлөлт оруулж, зээл олголтыг бууруулах замаар хэрэглэгчдийн зарцуулалтыг бууруулж, инфляцийг бууруулах арга хэмжээ авч байгаа юм. Банкуудыг мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэхийг шаардах замаар эдийн засагт эргэлдэж буй илүүдэл мөнгийг татаж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж