
Баасан гаригт нэг баррель Брент нефтийн үнэ 99,20 ам.доллар болтол өсч, долоо хоногийн өсөлтийг 6,2 хувь болгосон. Харин арилжаа хаагдах үед тус бүтээгдэхүүний үнэ 98,68 ам.доллар болсон бол Нью Йоркийн бирж дээр WTI нефтийн үнэ 3,9 хувиар өсч, 91,54 ам.доллар болжээ.
Брент нефть нь дэлхийн зах зээл дэх үнийг тодорхойлдог бөгөөд одоогийн байдлаар 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээнд очоод байна. Хямралын үед нефть 2008 оны долдугаар сард 147 ам.доллар болж байсан билээ.
Нигерийн Бонни Лайт болон Хятадын Дачин зэрэг бусад төрлийн нефтийн үнэ ч долоо хоногийн хэмжээнд 100 ам.доллараас илүү үнээр арилжаалагсдсан бол Тапис маркийн нефть 104,75 ам.доллар болсон тухай “Bloomberg”-ийн мэдээлэл харуулж байна. Үнийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК байгууллага хангамжийг нэмэгдүүлэх шинжгүй байгаа явдал. Зарим орнууд нефтийн үнийг 100 ам.доллар болсон ч энэ нь дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлөхгүй гэж мэдэгдээд байгаа нь импортлогч орнуудын нуруун дээрх ачааг нэмэгдүүлж байгаа юм.
ОПЕК-ийн хуваарьт чуулга уулзалт зургадугаар сараас нааш болохгүй бөгөөд үнэ хяналтаас гарсан ч хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай уулзалт хийх төлөв бараг байхгүй байгаа билээ.
Нефтийн үнэ өсөх нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж, инфляцийг өсгөж, санхүүгийн хямралаас дөнгөж гарч буй орнуудын эдийн засгийн сэргэлтийг зогсоох аюултай. Гэхдээ газрын тосны зах зээл 100 ам.долларын нефтиэс төдийлөн айхгүй байгаа төдийгүй “хэт тайван” байгаа юм. Энэ долоо хоногийн мягмар гаригт Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн нефть хэрэглээний өсөлтийн талаар тайлан гаргана. Үүний дараа л зах зээлд хөдөлгөөн орох магадлал байна. 2010 онд хэрэглээ өдрийн 2,3 сая баррелиар өссөн нь ажиглагчдыг цочирдуулсан билээ. Ямартай ч тус агентлаг нефтийн өдрийн хэрэглээг 1,3 сая баррелиар өссөн гэх таамаг дэвшүүлээд буй. Харин ажиглагчид үүнийг хэт дэвэргэж байгаа хэрэг гэсэн сөрөг хандлагатай байгаа билээ.

Гуравдугаар сарын урьдчилсан гэрээт худалдаанд нэг тонн зэсийн үнэ 1,9 хувиар өсч, 9690 ам.доллар хүртэл өссөн юм. Харин одоогийн байдлаар Лондоны бирж дээр 9572 ам.долларын үнэтэй байна.
Суурь металлуудын хувьд никелийн үнэ 4,5 хувиар өсчээ. Нэг тонн нь одоо 25,800 ам.доллар болсон нь найман сарын хамгийн өндөр үнэ болов. Тугалга, цайр, ган төмөр болон хөнгөн цагааны ч үнэ өссөн байна.
Э.Очирт