Ер нь бол Персийн буланг тойрон орших арабын хаант засаглалтай зургаан орныг хамтад нь Булангийн орнууд гэж нэрийдсээр удаж буй. Анх 1981 онд эдгээр орнууд буюу Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт, Бахрейн, Оман, Саудын Араб болон Катар улсууд Булангийн араб улсуудын хамтын ажиллагааны зөвлөлд нэгдэн орсон нь ингэж нэрийдэхэд хүргэсэн бололтой. Тэгээд ч эдгээр орон нь шашин шүтлэг төрийн байгуулалтаараа төдийгүй эдийн засгаараа ч ижил байдаг нь нөлөөлсөн хэрэг. Мөн дээрх орнууд хүн амд ноогдох баялаг болон орлогын хэмжээгээрээ бусад хөрш орнуудаасаа харьцуулшгүй өндөр бөгөөд голлон газрын тос, байгалийн хийн олборлолтоор төсвийн орлогоо бүрдүүлж чаддаг байна. Мөн Кувейт, Бахрейн, Катар болон Арабын нэгдсэн Эмират улсууд сувд олборлолтоор их хэмжээний орлого олж байгаа бөгөөд нийлүүлж байгаа импортлогч орны тоонд Япон улс голлодог ажээ.
Саудын Арабаас бусад орнууд нь хүн амын хувьд цөөвтөр тоотой бөгөөд булангийн гэгдэх араб хэлний өвөрмөц аялгаар ярьж байдгийн дээр өмсөж байгаа хувцас, соёл урлагийн таашаал илэрхийлэл зэрэг нь бусад арабын ертөнцөөс эрс ялгагдахаар, харин хоорондоо бол ижил байдаг байна.
Булангийн орнууд+Монгол
Монгол Улсын хувьд дээрхи булангийн орнуудтай харилцаа хамтын ажиллагааны эхлэлийг нэлээд эртнээс буюу 1975 оноос тавьж байсан байна. Булангийн орнуудаас хамгийн анх Кувейт улс Монголтой дипломат харилцаа тогтоосноор энэ түүх эхэлнэ. Гэвч 1990-ээд оны дунд үе хүртэл хоёр орны харилцаа тийм ч идэвхтэй бус явж иржээ. Энэ нь нэг талаас тухайн үедээ хоёр улс улстөрийн хүрээллийн хувьд эрс ялгаатай, үзэл суртлын хөшиг бие биеэ таньж мэдэхэд саад болж байсан нь ойлгомжтой. Нөгөө талаар харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэх нөөц боломжийг харилцан судлах мэдээллийн хангалт ч муу байсан хэрэг.
Харин 1990-ээд оны эхээр дэлхий нийтийг цочирдуулсан бүс нутгийн хурцадмал нөхцөл байдлын үед Монголын талаас гаргасан илэрхийлэл, байр суурь булангийн орнуудтай цаашид ойр харилцах боломжийг нээж өгсөн түүхтэй юм. 1990 онд Ирак улс Кувейтийг цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэх үед Монгол Улс энэ түрэмгийллийг хамгийн түрүүнд эсэргүүцэн мэдэгдэл хийсэн орны нэг байсан юм. Монголын талаас илэрхийлсэн энэхүү байр суурь, хандлага болон Кувейтийг үзэл бодлын хувьд дэмжсэн явдалд Кувейтийн зүгээс улс төрийн ихээхэн ач холбогдол өгсөөр иржээ.
Ингээд Монгол Улс Булангийн орнуудтай найрсаг идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг олж авсан байна. Энэ бүхний эхлэл болж 1995 онд Кувейтийн талын санаачилгаар Кувейтийн Эмир Шейх Жабер Аль-Ахмед Ас -Сабах Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцон, Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар хэвлэлийн хамтарсан албан мэдээ гаргаж байжээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди 1998 оны 3 дугаар сарын 14-16-нд Кувейт улсад албан ёсоор айлчилсан нь манай талаас хийсэн өндөр хэмжээний анхны айчлал болж байв. Энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч Н.Багабанди Кувейтийн Эмиртэй өргөтгөсөн хэлэлцээ хийсэн ба хоёр талын хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах болон давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байдаг. Мөн тэр ондоо багтаж 12 дугаар сард нь УИХ–ын дэд дарга Ц. Элбэгдорж Кувейтэд харилцан айлчилсан нь парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болсон юм. Эдгээр айлчлын үеэр хийгдсэн олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд шат дараалан хэрэгжиж, Монгол Улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгч эхэлсэн байна.
Тухайлбал, Кувейтийн хөгжлийн Сангаас Дархан-Эрдэнэтийн хооронд 180 км автозам тавих төслийг санхүүжүүлэхэд 18 сая ам.долларын зээл олгосон бол Улаанбоомын УЦС-ын төсөлд 20 сая ам. долларын зээлийг мөн олгосон байдаг. Одоо Эрдэнэт-Булган-Уньтын бригад хооронд 140 гаруй км засмал зам барих санхүүгийн асуудлаар хоёр тал хэлэлцэн зарчмын хувьд тохирсон бөгөөд холбогдох Протоколд гарын үсэг зурсан байгаа аж. Үүний зэрэгцээ 1999-2000 онд Монголд тохиолдсон зудын хохирлыг арилгахад зориулан Кувейтийн Засгийн газраас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгож байсныг ч бас дурдах учиртай юм.
Боломж ба бодит нөхцөл
Кувейт улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн тэмдэглэлт жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсад болон Булангийн бас нэгэн нөлөө бүхий улс болох АНЭУ-д айлчиллаа. Булангийн орнуудад манай талаас өндөр, дээд хэмжээний айлчлал цөөнгүй хийж байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүний анхны айчлал болсноороо энэ удаад онцлогтой байв. Энэ нь нэг талаасаа Булангийн орнуудтай тогтоосон харилцаа улам бүр ажил хэрэгч болж байгааг харуулж байж болох юм. Ямар ч байсан Ерөнхий сайдын айлчлалын үеэр анхаарал татахуйц хэд хэдэн ажил хэргийн тохиролцоо хийсэн байна.
Тухайлбал, Булангийн орнуудад монгол малын махыг хөлөөр нь гаргах талаар хоёр тал судалж шийдэхээр болсон нь мал ахуйг түшиглэсэн малчдын маань сонорт таатай мэдээ болон дуулдаж байна. Хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь газрын тосны чиглэлээр хамтран ажиллах явдал байв. Энэ хүрээнд Кувейтийн тал эхний ээлжинд нэг сая тонн түүхий нефтийг нийлүүлэх асуудлыг ойрын үед эцэслэн шийдэхээр тохиролцжээ. Мөн манайд Кувейтийн талаас бэлэн шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ ч албан ёсоор мэдэгджээ. Энэ нь манай шатахууны хэрэгцээг өрсөлдөөнт үнээр сонголт хийн хангах бололцоог нээж өгөх болно гэдгээрээ чухал ач холбогдолтой хэрэг. Түүнчлэн Кувейтийн газрын тосны хамгийн том компани Монголд нефтийн хайгуул олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Мөн хүмүүнлэгийн болон гадаад харилцааны чиглэлээр хоёр ч чухал алхам хийгдсэний нэг нь тус улсын буцалтгүй туслажмаар 150 ортой иж бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлгийг Монголд барьж байгуулахаар болж байгаа аж. Мөн Монгол УлсаасКувейт улсад ЭСЯ-аа нээсэн нь Булангийн орнуудад нээж байгаа анхных нь болж байгаа юм. Мөн Ерөнхий сайдын айлчлын үеэр Монголын талаас Арабын нэгдсэн Эмират улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, улмаар Монголын талаас цөмийн түлш нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь анхаарал татаж байна. Арабын нэгдсэн Эмират улс нь булангийн орнуудаас хамгийн түрүүнд цөмийн эрчим хүчийг ашиглах бодит алхмыг хийж байгаа орон юм. Тус улс 2009 оны 12 дугаар сард дөрвөн ч цөмийн реакторыг барьж байгуулахаар болж энэ ажлыг БНСУ-ын консорциум гүйцэтгэхээр болоод байгаа. Үүнээс өмнөхөн нь буюу 2006 онд Булангийн орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах талаар хамтран ажиллаж шинжилгээ судалгаа хийхээр тохирсон байлаа.
“Торгоны замд” сайн худалдаачин хэрэгтэй
Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн Булангийн улсуудын энэ санаачилга зарим нэг болгоомжлолыг төрүүлж байгаа ч энэ нь зайлшгүй шаардлагаас үүдэлтэй гэдгийг Булангийн орнууд нотолж байгаа юм. Тухайлбал, 2020 он гэхэд Арабын нэгдсэн Эмират улсын байгалийн хийн “үүц” нь улс орныхоо эрчим хүчний хэрэглээний дөнгөж тал хувийг л хангаж чадахаар нөөцтэй үлдэх тул зайлшгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хайж олох шаардлага тулгараад байгаа хэрэг. Булангийн бусад улсуудын хувьд ч ийм сонирхол байгаа бөгөөд 2008 оноос эхлэн цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг олох, бусад улстай хамтран ажиллах эхлэлүүд тавигдаж иржээ. Жишээ нь Бахрейн улс 2008 оноос ОХУ болон АНУ-тай цөмийн эрчим хүчийг хамтран ашиглах талаар харилцан ойлголцох тунхаг гаргаж байсан бол Саудын Араб мөн онд АНУ-тай, дараагаар нь ОХУ болон Францтай харилцан дэмжлэг үзүүлэх меморандумд гарын үсэг зурцгаасан байдаг. Катар улс Францтай, Оман улс ОХУ-тай мөн энэ чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурцгаажээ. Нэг үгээр хэлбэл Булангийн орнууд цаашдаа цөмийн эрчим хүчний чамгүй эрэлт бүхий том зах зээл болох төлөв харагдаж байгаа юм. Ийм үед Монголын талтай цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг хамгийн идэвхтэй хайж байгаа АНЭУ сонирхлоо илэрхийлж байгаа нь бас нэг томоохон экспортын гарц бий болж байна гэж үзэх бүрэн үндэстэй юм. Ер нь ч Оросын талаас Монголын цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тус нэмэр болох санал тавьсан боломжийг ашиглаад өөрийн орны боломжит нөөцийг аль болох найдвартай, үнэ хаяж чадах зах зээл рүү гаргах нь чухал зорилт юм. Аль болох эцсийн шатанд нь боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргах нь дэлхийн хэмжээний үзүүлэлттэй харьцуулбал тийм ч их биш өөрийн орны нөөцийг үнэ хүргэх, мөн сайн зах зээл олоход гол тулгуур нь болох бололтой. Харин зах зээлийн эдгээр эрэлтийг хангахын тулд монголчууд өөрсдөө хэр идэвхтэй, санаачилгатай ажиллах бол гэдэг л сонин байна.
Нэг тийм араб үг байдаг гэнэ. Зоос жингэнэхэд бүгд сонсдог. Тэгэхдээ хэтэвч нимгэн нь түрүүлээд авч байвал сайн худалдаачин болж байгаа хэрэг. Харин хэтэвч зузаантай нь түрүүлж авсан бол тэр хамгийн сайн нь гэсэн үг ажээ. Монголчууд бид ядаж л сайн худалдаачин болох хэрэгтэй байна шүү дээ.
М.Наст