-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдваанчиг, С.Эрдэнэ нартай хамт хэвлэлийн хурал хийлгэх үеэр та Ц.Шинэбаяр гишүүнийг намынхнаасаа өмөөрнө гэдгээ хэлсэн. Гэтэл дөнгөж сая намынхаа даргатай уулзаад явж байна. Үнэхээр “өмөөрч” чадав уу?
-Би яг “нам” гэж хэлээгүй, би эхэлж яриагүй. Өнөөдөр ч бас нэг сонинд гарсан байна лээ. Хүмүүс намайг бусдынхаа ярьж байгаа сэдвээс халиад нам энэ тэр гээд хадуураад явлаа гэж. Надаас хоёр ч сэтгүүлч Ц.Шинэбаяр гишүүний талаар асуусан юм. Тэгэхээр нь би үнэхээр нэг хүн рүү, ялангуяа УИХ-ын гишүүн хүн рүү ийм дайралт хийж байгаа бол гишүүн нь гишүүнээ өмөөрөхгүй өөр хэн юм бэ гэж л хэлсэн. Зүгээр л тэгж хэлсэн. Ц.Шинэбаяр гишүүнийг гишүүнийх нь хувьд өмөөрнө гэж. Би ч өөрөө хэлмэгдэж явсан хүн. Хэлмэгдүүлэлт гэж нэг өдөр муу хэлүүлснээр болдоггүй юм. Бүр дэс дараатайгаар явагдаж, хүний амьдралыг дэндүү гашуун болгодог учраас би энэ хүнийг өмөөрнө. Бид хоёр МАН-ын бүлгийн хурал дээр зэрэгцэж суугаад санал бодлоо зөндөө солилцож байсан. Хэзээ ч би энэ хүнийг муу хүн гэж харж байгаагүй. Харин МАН дотор тэгж жороолж явдаг цөөн хүн байхыг үгүйсгэхгүй. Сайн хүн болох гэж яваад муу зүйл хийдэг. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг “Ховдын хужаа” гэж баахан пижигнүүлсэн, тэр нь эцэстээ хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй. Хэн нэгэннд сайн зүйл хийх гэсэн хэсэг нөхдүүд л хийсэн юм шиг байна лээ. Дараа нь хэн нь хэнийгээ гэх хэцүү болсон юм шиг байна лээ. Түүнээс биш манай намаас тийм юм хийгээгүй юм билээ. Хувь хүмүүс хоорондоо учраа олоод явж болно, намд бол хортой л зүйл болсон.
-Ерөнхий сайд танай намын даргын хувьд тантай намын дотоод асуудлаар ярилцсан байх. Хэвлэлийн хурал дээр хэлсэн үгний тухайд асуугаагүй юу?
-С.Батболд Ерөнхий сайд өөрөө спортод элэгтэй хүн. Самбо бөхийн холбооны үйл ажиллагааг өмнөх амжилттай байсан хэмжээнд нь ойртуулах зорилго байна гэж, дэлхийн аваргаас анхны алтан медаль авчирч байсан энэ холбооны талаар л ярилцлаа. Ерөнхий сайдтай өмнө нь ярьж байсан зүйлээ бататгаад сая Кувэйт явахад нь буудлагын спортын комплексыг нь очиж үзэхийг захисан байсан юм. Кувэйтийн хоёр Шейх дэлхийн спортын салбарт томоохон байр суурь эзэлдэг хүмүүс. Нэг нь Азийн олимпийн хорооны ерөнхийлөгч, нөгөөх нь Олон улсын буудлагын холбооны ерөнхийлөгч. Тэгэхээр Монгол улсын буудлагын холбоог тусдаа комплекстой болгох зорилт байна. Буудлагын спорт комплекстой болбол байт сур гэх мэт спортын төрлүүд бэлтгэл дасгал хийх боломжтой.
-МАХН-ын XXI их хурлаар намынхаа нэрийг солиход та ямар бодолтой байсан бэ?
-Би өмнө нь хэлж байсан, МАН гэдэг нэрийг авна гэдгийг намын гишүүд олонхиороо шийдээд явсан. Би урьд нь ч ярьж байсан, одоо ч хэлж байгаа, нам дотроо ч ярьдаг. Аливаа асуудлыг шийдэж байхад тэр асуудлаараа намын гишүүн бүр саналаа илэрхийлэх ёстой. Чи муу, сайн хүн байх, бүдүүн нарийн байх, өндөр нам байх нь падлий байхгүй. Хэрэв Ц.Шинэбаяр ч юм уу хэн нэг нь орж ирээд, “Би МАН-ыг үгүй гэж байна, үзэл баримтлал нийлэхгүй байна” гэвэл тэр хүний өөрийнх нь эрх. Харин дараа нь эдийн засгийн ийм тийм бодлогыг аваад, Данзан, Бодоог дагаад явсан бол Монгол Улс хөгжих байсан гэж өнгөрсөн асуудлын араас хөөцөлдөх нь дэмий зүйл. Одоо хэн тэрийг батлах гээд, хэн батлаад байгаа юм бэ. Худлаа нэг энд болж байгаа юмыг таагаад, өнгөрсөн юмны ардаас хөөцөлдөөд яваад байж болохгүй л байхгүй юу. Тийм учраас манай нам хуучин нэрээ сэргээнэ гэж шийдэж байгаа бол өнөөдрийн шинэ бодлогоороо шийдэх ёстой. Монголчууд үндэснийхээ бодлогыг барих ёстой, үндсэрхэг биш. Манайхан үндэсний гэдгийг үндсэрхэг гэж андуураад байгаа юм. Энэ бодлогыг барина гээд шийдэж байгаа бол түүнийгээ дагах хэрэгтэй. Тэрнээс биш шийд гарахаас өмнө хэн нь юу ярих нь гол биш. Ёстой нөгөө ухаантай юмаа ярина уу, зохион байгуулалттай бурна уу, асуудлыг мушгина уу хамаагүй. Гагцхүү Бага хурлаараа шийдчихлээ, түүнээс хойш бол харин бага бүлтрэх хэрэгтэй.
-Ц.Шинэбаяр гишүүнд тэртэй тэргүй танай намд хэрэггүй болсон “Монгол Ардын Хувьсгалт Нам” нэрийг өгчихвөл тийм их хохиролтой юу?
-Хн. Аваг л дээ, ямар хамаатай гэж. Өнөөдөр МАХН нь МАН болсон гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Би үзэл баримтлал тохирохгүй байна, МАХН-аар явъя. Хуучин МАХН-д элсэхдээ би тухайн үеийн үзэл баримтлалыг нь дэмжиж элссэн. Одоо тэр үзэл баримтлалаа бариад явна гэсэн хүн байвал бариад яваач дээ. Заавал тэр хүнд бид нар “Май, энэ батлахаа ав” гээд шаардаад яах юм. Гэхдээ МАН гэсэн батлахаа авсан хүмүүс ямар сонголт хийснээ ухамсарлаад цаашид сайн ажиллах, залгамж халаагаа сайн авч яваад ард түүний төлөө хийх ёстой ажлаа хийх ёстой. Түүнээс биш өнөөдөр “тэр манай нэрийг авах гээд байна, тэр туучий авчихвал болохгүй” гэсэн юм байхгүй.
-МАХН гэсэн нэрийг Ц.Шинэбаяр гишүүнд өгчихвөл ирэх 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын саналыг хуваана. Тийм учраас энэ нэрийг өгөхгүй гээд байгаа юм биш үү?
-Юу гэж тийм юм байхав, би тэгж бодохгүй байна. Хэрэв тийм байгаа бол би харамсч байна. Зөвхөн нэг нэр, үсэгнээс болоод нам тэгтлээ жижигрээд, нэг хүнд зэвүүцээд байгаа бол би бас харамсч байна. Манайхан тэгээгүй байх аа, би их гэгээлгээр бодож байна шүү дээ. Арай ч дээ, тийм биз дээ. Би МАХН-ын түр штаб дээр очоогүй, тэнд байгаа хүмүүс юу ярьж байгааг мэдэхгүй. Он гарснаас хойш би олон юм ярихын оронд бусдын адил МАН-аа гээд шинэ зорилт тавьж, шинэчлэлийн ажил эхэлж байгаа бол түүнийг нь хамтдаа ажлаа хийнэ гээд л явж байна. Анзаарсан бол би өнгөрсөн даваа гаригаас эхлээд бүх хуралд цагтаа орохыг хичээж байна.
-МАН-ыг дотоод ардчилал муутай хэвээр байна. Үүний нэг тод илрэл нь XXI их хурал нь өмнөөс дарга цэрэг нь хэн байхаа урьдчилан тохирсон байсан. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж байгаагүй гэж?
-Үгүй ээ, ямар намын хурлыг зохион байгуулалтгүй хийх гэж. Өөрөөр яах юм, бүгд цуглаад дуртай юм аа яриад, бүгд пижигнээд дуусна гэж байхгүй биз дээ. Намын хурал гэхээр нам шийдвэр гаргах гэж байна. Шинэ зууны намын хувьд бол маш том асуудал. Нэр сольж байна, үзэл баримтлалд өөрчлөлт орж байна, энэ чинь том юм байхгүй юу. Ийм асуудлыг зохион байгуулалтгүй хаяад дунд нь бураад өөх ч биш, булчирхай ч биш болгоод орхиж болохгүй. Тийм учраас зохион байгуулсан гэдэг нь бусад хүмүүст муухай харагдаад байгаа байх. Өнөөдөр намын дотоод ардчилал гэж яриад байх юм. Бид өнөөдөр яриад суугаад байна гэдэг нь ардчилал байгаа шинж. Ардчилал байгаагүй бол би өнөөдөр ингэж бурж суух уу үгүй, “Май, чи” гээд л алуулна шүү дээ. Хуучин үед байсан бол нөгөө Баабарын бичдэгээр “тэр энэ ийм зүйл ярьсан” гээд асуудал үүсээд шууд хэлмэгдүүлнэ биз дээ. Ийм зүйл болохгүй байгаа. Тэгэхээр манай нам дотор ардчилал байгаа л даа. Гагцхүү зүгээр хэсэг бүлэг хүн МАН-ыг дотоод ардчилалгүй гээд ярих нь зарим юман дээр анзаарагдаад байгаа. Зарим зүйлд хэтэрхий цаанаасаа удирдсан шинжтэй, гэхдээ тэрийг манай нам гэдэг утгаараа биш, хэсэг хүмүүс зохион байгуулалттай явуулаад байгаа.
-Хэсэг бүлэг хүн гэхээр таныхаар хэн байх вэ? Таныг ч гэсэн хамаагүй үг хэлснээсээ болоод намдаа хавчигддаг л гэдэг шүү дээ?
-Намын даргыг ирэхээс өмнө хэвлэлийн хурал болоод өнгөрсөн. Гэтэл намын дарга сая намайг дуудаж авч ирээд “За, Мөнх-Очир оо. Юу болоод байна” гэсэнгүй. Бид хоёр спорт ярьсаар байгаад л гарч ирлээ. Бүр миний санаачлагыг дэмжиж өгье гэсэн.
-УИХ-ын сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ, та сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаа вэ?
-Би бүгдийг нь дэмждэг. Өнөөдөр Монгол Улс сонгуулийн бүх системийг хэрэглэж үзлээ, шалгарсан нь алга. Харин сонгуульд нэр дэвшигчид өөрсдөө ёс зүйгээ сахих юм бол сонгуулиийн аль ч хувилбар байсан болно. Улстөрчдийн яриад байдаг зүйлд миний инээд хүрдэг юм. Сонгуулийн хуулийн нэг хувилбар ярьж байснаа араас нь баахан “болохгүй” яриад, ингэхээр л мөнгө тараах гээд байгаа юм гэдгээ болих хэрэгтэй. Худлаа өөрсдөө мөнгө тараах гээд сонин сонин юм яриад нүхээ малтаад байна. Ёстой нөгөө хүүхэд нохойн доог гэдэг л болоод байна даа. Энэ талаар би ах нарт хэлээгүй, тэгэхдээ яах вэ ах нар дотроо бодож явна биз. Гишүүдийг тэгж ярих тусам “За даа, чи өөрөө л больчих л доо” гэж надад бодогдоод байгаа юм. Булганы ард түмэн мэднэ, би өөрөөсөө арван цаас ч “май” гээд өгч байгаагүй.
-Өнгөрсөн сонгуулиар ард түмэнд амласан хоёр намын амлалтын тухайд та юу гэж бодож байна?
-Амалсан мөнгөө өгнө л дөө. Би харин Амлалт нэхэх ард түмний холбооны Г.Уяангаад нэг юм хэлмээр байгаа юм. Манай нам хүмүүст нэг юм өгнө гээд амласан байгаа. Харин та нар битгий түүнийг нь “бэлэн мөнгө өгч хуурах гэлээ” гээд бай л даа. Тэртээ тэргүй хүмүүс бэлэн мөнгө аваад сургууль, эмнэлэгтээ зориулна. Би тэд нарыг өлсөөд сууж байхад нь дэмжсэн, зөв ярьсан. Гэхдээ одоо нугалаа гаргаж хэрэггүй л байхгүй юу. Ард түмний хяналт гэл үү, хамаагүй ард түмэн хяналтаа тавь, сонин хэвлэлээр мэтгэлц. Харин “та нар үүнийг ингэж хийхгүй бол ална шүү, та нар тэгэхгүй бол хядна шүү” гэж, тийм утгагүй зүйл ярих хэрэггүй. Өнөөдөр Монголчууд бид дээр доороо оролцоод эхэлбэл хэнд хэрэгтэй гэж. Бидэнд хэрэгтэй юу, тэд нарын хүүхдүүдэд хэрэгтэй юу. Яахав өөрсдөө толгойндоо ногоон арчуур ороочихоод дээгүүр доогуур гүйгээд байхаар болдог юм байгаа биз. Өөр хэнд хэрэгтэй гэж.
Би бол одоо хамгийн түрүүнд хүүхдүүдээ боддог болсон. Би ганц бахархалтай байсан, одоо миний хүү том болсон. Гэхдээ би санаа зовдог байсан, миний хүү над шиг ингээд л сайхан байх уу гэж. Одоо би охинтой болсон, айж эхэлж байна. Энэ улс чинь дээр доороо ороод замбараагаа алдчихвал яах юм бэ. Үүнтэй адил тэд нар бас тэгж бодож байх ёстой. Өнөөдөр улс орон тогтвортой байгаад хөгжиж чадаж л байвал Монгол Улсын иргэн бүрт хэрэгтэй. Гаднынхан бол болж өгвөл пижигнэчихээсэй, дундаас нь ашиг олох юмсан гэж л бодож байгаа. Гэхдээ би намуудын амлалтуудыг тухайн үедээ жаахан яарсан асуудал болсон гэж бодож байгаа. Хамгийн гол нь амлалт өгсөн бид ялсан. Ялсан юм чинь яадаг юм, нэг талаасаа би тэгж боддог. Ардчилсан намынханд “Хохь чинь, та нар яагаад хоёр саяыг амлаагүй юм” гэж хэлнэ. Гэхдээ ухаантай байна. Бид нарын бодлогыг дэмжээд, улс орныхоо төлөө явсан. Амласан л юм чинь гээд бид тэр болгон бэлэн мөнгө өгөөд, “май май” гээд яваад байж болохгүй. Амласан бол бид амлалтаа өгөхдөө бас ухаантай байх хэрэгтэй. Энэ асуудлаар бид маргалдаад байгаа. Харин зарим нэг хүн ажлын маргаанаа цээжиндээ нааж байгаад улс төр хийх гээд байгаа юм. Би өөрөө амбицгүй болохоор “зөв л хийх юм бол болно доо” гэж боддог.
-Оюутолгойн гэрээ хэр үр ашигтай гэрээ болсон бэ? Танай Ерөнхий сайдын хийсэн гэрээ. УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан хэлж саяхан нэг уулзалт дээр хэлж байна лээ. Канад Улсын уул уурхайн томоохон мэргэжилтэнтэй уулзсан, Оюутолгойгоос Монгол улс ердөө 4,6 хувь эзэмших юм гэж хэлсэн тухай. Энэ талаар?
-Оюутолгойн гэрээг төгс гэрээ гэж хэзээ ч хэлэхгүй. Тэр гэрээг хийхдээ ямар алдаа гаргаж вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Би Оюутолгойн гэрээний ганц юманд л эмзэглэдэг. Тэр хэдэн хувь гэдэг нь хамаагүй. Биднийг нэг зүйл дээр хуурчихсан юм болов уу гээд дотроо хар хөдлөөд байгаа. Тэр нь юу гэхээр, чи санаж байвал би усны талаар яриад л байсан даа. Тэнд үйлдвэр бариад, хажууд нь хотхон барихад ундны уснаас эхлээд үйлдвэрт хэрэглэх ус хэрэгтэй биз дээ. Гэтэл тэр нь байхгүй гэдгийг би хэлээд байсан. Өөдөөс “Яах вэ, бид нар судлаад олчихно” гэдэг. Энэ л хамгийн худлаа, энэ асуудал дээр бид молигодуулсан гэж надад хар төрөөд байгаа. Оюутолгойн гэрээ гээд яриад эхлэхээр Хятадын хэд хэдэн хүмүүс над дээр ирсэн. Хятад гэж дээ, өвөрмонголчууд. Манайд Оюутолгой ашиглалтад орно гээд бээлий оёдог үйлдвэр, тэсрэх дэлбэрэх бодисын үйлдвэр, цэвэр усны үйлдвэр барьж байна гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлэхгүй юу. Өнөөдөр та нар Оюутолгойн гэрээг хийх гэж байвал Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ярьж байсан юмаа тэнд хэрэгжүүлж үзээрэй гэж. Энэ ажлыг Засгийн газар хийж чадахгүй болохоор би гомдоод, харамсаад, бухимдаад байгаа. Гадна барилга карказ энэ тэрийг хаа хамаагүй пакистан хүн хүртэл хийчихсэн явж байгаа. Яагаад, яагаад, яагаад?. Засгийн газар энэ талд бодлого явуулж л байгаа байх л даа, гэхдээ бодитой харагдахгүй байна. Цаг хугацаа харуулна л даа. Харин бид Засгийн газрыг энэ буруу хийсэн гэрээгээ нөгөө талд очоод “уучлаарай, бидний буруу байж” гээд засах эрх зүйн чадамжтай болгох хэрэгтэй. Тэгэхгүй энд тэндхийн том том онгоцтой нөхөр ирээд пон пон гээд том юм яриад байхаар хэцүү. Харин араас нь бид хуулийг нь тавьж өгөөд “уучлаарай бид тэдэн хувийг нь тэгэх ёстой юм байна” гэх ёстой. Оюутолгойн технологийн сервис нь гадны компани байхад туслан гүйцэтгэх нь монгол компани байж яагаад болохгүй гэж.
-Та тэгээд намынхаа удирдлагуудын явуулж байгаа бодлогод сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Чадахгүй байна. Яагаад гэвэл хэт их цалгардаж, ард түмнийхээ төлөө оновчтой ажил хийж чадахгүй, жижиг зүйл хийгээд, хүчээ саринуулаад байна. Тэгэх шаардлага байхгүй. Харин залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадуудын байгууллагуудыг бүгдийг нь байлгаж байгаад “за хэдүүлээ ийм ажил хийнэ ээ. Энэ ажлыг та нар бариад ав” гээд явуулах ёстой. Өөр асуудал байх хэрэггүй.