Махны эрэлт, нийлүүлэлтийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Махны эрэлт, нийлүүлэлтийн эргэн тойронд

16 мянган тонн мах нөөцлөв
Энэ жил нөөцийн махыг 14 аж ахуй нэгж бүрдүүлсэн. Нөөцийн махны 40 гаруй хувь нь үхрийн мах буюу 6000 тонн орчим. 4000 орчим тонн нь хонь, ямааны мах байна. Үүнээс гадна иргэд аж ахуй нэгж 6000 тонн орчим мах нөөцөлсөн байгаа аж. Нийтдээ нийслэлийн хэрэгцээнд 16 мянга орчим мах нөөцөлжээ. Одоогоор мах бэлтгэлийн ажил 95 хувьтай байна. Нөөцийн махыг “Мах маркет”, “Мах импекс”, “Мах экспорт”, “Тайж трейд”, “Баатрууд тэнгэр”, “Багахангай”, “Монгол мах экспо”, “Баруунмонгол”, “Соотон”, “Давшилт трейд”, “Саян-Уул”, “Эрдэнэт прогресс”, “Стандарт мах”, “Хүнс трейд” зэрэг компаниуд бэлтгэсэн. Өнгөрсөн есдүгээр сараас өмнө Монголын нэр бүхий аж ахуй нэгжүүдийн Оросын холбооны улсад экспортлох байсан 5000 мянга орчим үхрийн махыг буцаагаад татаж авна гэсэн асуудал ОХУ, манай Засгийн газрын хооронд яригдаж байгаа. Энэ махыг нөөцөнд хадгалсан байгаа бөгөөд нөөцөлсөн 6000 тонны 5000 нь гэсэн үг.  “Хэрвээ энэ махыг Оросын холбооны улс руу гэрээний дагуу ачих болвол хавар бид махны хомсдолд орж, махны үнэ нэмэгдэх магадлал өндөр байгаа” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн ахлах байцаагч Б.Ганхуяг хэлсэн юм.

Нөөцийн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд хүрэлцэх үү?
Өнгөрсөн 2009 онд 2800 тонн мах нөөцөд бэлтгэсэн нь бага байна гэж шүүмжлүүлсэн. Энэ  жил хангалттай мах бэлтгэсэн гэж үзэж байгаа. Ирэх долдугаар сар хүртэл хямд мах хэрэглэх бүрэн боломжтой гэдгийг холбогдох хүмүүс хэлсэн. Мөн Орхон,  Дархан-Уул аймгийн иргэдийн хэрэгцээнд тус тус 2000 тонн мах бэлтгэсэн гэж Монголын махны холбооны захирал М.Лхачинбал хэлж байсан.  “Нийслэлд нөөцийн махыг 267 цэгээр худалдаалах болсон. Цаг агаар тийм ч таатай биш байгаа. Одоогоор 17 аймгийн 89 сум зудын байдалтай байна. 12 дугаар сарын мал тооллогоор 31,8 сая мал тоолуулсан. Гэтэл энэ жил дахин хүйтэрч цаг агаар хүндэрвэл малын тоо олон жилийн дундажаас бага тоологдоно” гэж мэргэжилтнүүд ярьж байгаа. Дан ганц нөөцийн мах иргэдийн хэрэцээг хангаж чадахгүй. Нэг сая 200 мянган хүнд 267 цэг гэдэг ч бага тоо.

Махны үнийг хэн хөөрөгдөв
Нөөцийн мах энэ сарны 15-наас худалдаанд гарч эхэлсэн. Гэтэл зах, худалдааны төвөөр зарагдаж байгаа мах үнэтэй байна гэж иргэд ярьж байна. Махны үнэ өсөх гол шалтгаан нь Хятад улсын иргэд мах өндөр үнээр авч, хууль бусаар хил давуулж байгаа нь үнэ өсөх шалтгаан болж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд болон махны ченжүүд хэлж байлаа. Цагаан сар ойртох тусам дан ганц хонины ууц гэлтгүй махны үнэ огцом өсч байгааг зохицуулах хүн алга байна. Гэтэл инфляцийн өсөлтийн 40-50 хувь нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа юм. Бид Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Төвшинболороос махны үнийг тогтвортой байлгах тал дээр ямар нэг арга хэмжээ авч байгаа талаар тодруулсан юм.  “Манай байгууллага иргэдээс гомдол ирсэн тохиолдолд гомдлын дагуу шалгалт хийдэг. Тухайн иргэнийг үнэхээр хохироосон тохиолдолд хэрэглэгчийн хуулийн дагуу торгууль төлөх гэх мэт арга хэмжээ авдаг. Тухайлбал, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн иргэнийг 60 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох зэрэг арга хэмжээ авна. Одоогоор иргэдээс гомдол санал ирээгүй байна” гэлээ.  

Гаалийн ерөнхий газрынхан юу хийгээд байна вэ?
Махны үнэ өсч байгаа гол шалтгаан нь Хятад иргэд болж байна.  Хятад иргэд их хэмжээний мах нөөцөлж, хууль бусаар хил давуулахыг хэд хэдэн удаа завдсаныг саатуулсан. Эдгээр иргэдийн хэргийг холбогдох газар нь шалгаж байгаа. Хятад иргэд нүүрсэн дунд махыг хийж гаргах гэж байсан. Энэ бол ганц нэг удаагийн тохиолдол. Энэ үйлдэл нь гаршсан хүний үйлдэл гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр гаалийн байцаагчдыг тэд яаж өнгөрөөдөг байх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Нэг бол гаалийн байцаагчид хараагүй дүр үзүүлнэ, эсвэл тэд үнэхээр зөрчлийг мэддэггүй байх гэсэн хардлага төрөх шиг. Одоогоор махны үнийг хөөрөгдөж буй хятад иргэдэд тавих хяналт байхгүй гэж ойлгож болох нь ээ.
Мах экспортлох нь махны үнэ өсөх шалтгаан биш
Манай улс ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Украин, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг улсад мах экспортолдог. Эдгээрээс 90 хувийг зөвхөн ОХУ руу гаргадаг. Энэ жил зүүн аймгуудад шүлхий өвчин гарснаас ОХУ зөвхөн адууны мах авч байгаа.  2010 оны 11 дүгээр сарын байдлаар 19,3 тонн мах экспортолсон байна. Энэ нь өмнөх оныхоос 7,3 хувиар өссөн үзүүлэлттэй ажээ. Монголын махны холбооны захирал хэлэхдээ “бид махыг экспортод гаргасаар ирсэн. Тиймээс энэ нь үнэ өсөх шалтгаан биш. Энэ нь зөвхөн хууль бусаар мах гаргаж байгаатай холбоотой гэж үзэж байна” гэж хэлсэн.

“Ширээгээ ууцаар засах айл олдох болов уу?
280 мянган төгрөгөөр та юу авч болох вэ. Ямар ч гэсэн дундаж айлын нэг сарын хүнсний хэрэгцээнд хүрэлцэхүйц мөнгө.  Цагаан сарын ширээний чимэг ууц байдаг. Энэ мөнгөөр бид нэг удаагийн баярын ширээний ууц авна гээд бодоход харамсалтай. Настангууд “энэ мөнгөөр бидний үед нэг үхэр авдаг байлаа” гэж ч ярьж байна.  Хонины ууц хамгийн тарган, бидний ярьдгаар сайн нь 280 мянган төгрөг, жижиг нь дундажаар 150 мянган төгрөг байна. Харин үхрийн өвчүү 100-120 мянган төгрөгөөр зарагдаж байна. Иргэд “Энэ жил ууц тавина гэхэд хэцүүхэн л байна. Өндөр настай хүмүүс нь ууцаа тавьж залуучууд нь дөрвөн өндрөөрөө ширээгээ засах бололтой” гэж ярьж байлаа. Ууцны үнэ цагаан сар дөхөх тусам нэмэгдэнэ. Ерөнхийлөгч маань архийг сүүгээр солихыг уриалсан. Одоо цагаан сараар ууц тавихгүй байхыг уриалвал олон иргэд дэмжихээр байна.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж