Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Халтмаагийн Баттулга гишүүний бичсэн “Баатар-Hero” нийтлэлийг олон хүн олж уншаасай гэж бодогддог юм. Жинхэнэ баатар гэж хэн юм бэ…? Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухай өгүүлсэн тэр нийтлэлд нэг гоё хэсэг байдаг.

“…Тулааны урлагийн агуу мастер, нэрт жvжигчин Жет Ли "Баатар" (НЕRО) хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ий Ларри Кингд ярилцлага єгч байсныг санаж байна. Тэрээр уг кинонд "Нэргvй баатар" гэх vнэхээрийн баатар эрийн дvрийг бvтээсэн билээ. Ларри Кинг ярилцлагын тєгсгєлд тvvнээс "Таны бодлоор одоо цагт "баатар" байна уу ?" гэж асуусан. Жет Ли-гийн хариултанд монгол хvний сэтгэл хєдлєхєєс аргагvй. "Байгаа ш дээ. Тэр бол Асашёорюv! Жинхэнэ монгол баатар" гэж хариулсан байдаг. Ичих хэрэгтэй. Их аваргаараа бид гайхуулж, бахархаж чадахгvй байна. Тэр ганц монголд хамаатай бус гэдгийг ойлгож чадахгvй байна. Ємчилнє, харамлана. доромжилно…”

Энэ нийтлэлийн баатар Асашёорюүгийн өөрийнх нь хэлсэн нэг үг бий. “Би яахав ээ, Их спортыг атгаж байгаа энэ хэдэн тамирчид жинхэнэ баатрууд” гэж… Тэр үнэн. Түүний үнэлэмжийн хамгийн том жишээ нь жүдо бөхийн дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарыг гэж хэлмээр байна. Тэр яах аргагүй БААТАР /Hero/ юм.

Амралтын өдрүүдэд энэ дайчин хамгийн зангарагтай жүдочдын “World masters” тэмцээний аварга болж, түүхэн шинэ амжилтаар дэлхийн жүдочдыг бишрүүллээ. Улсын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, “Их дуулга”-ын аварга, Зүүн азийн аварга, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Дэлхийн аварга түүнд “World Masters”, олимпийн наадмын аварга гэсэн хоёр алдар л алтан медалийн цуглуулгад нь дутуу байсан юм. Харин одоо “World champion”, “World masters champion” Х.Цагаанбаатарт “Olympic champion” болох ганцхан том зорилго үлдлээ.

“World Masters” бол IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/ өнгөрсөн жилээс эхлэн бодлогоор зохион байгуулж байгаа маш том өрсөлдөөний талбар. Дэлхийн аваргад улс бүрээс хоёр жүдоч ирж өрсөлддөг бол энэ тэмцээнд оролцох бөхчүүд заавал IJF-ийн чансааны эхний 16-д бичигдсэн байх өндөр шалгууртай. Шилдгийн-шилдгийн-шилдгүүдийг шигшдэг тэр чансааг Х.Цагаанбаатар өдгөө гурав дахь жилдээ нэр төртэй тэргүүлж байна. Энэ бол монгол хүн бүрийн бахархал юм.

IJF олимпийн эрх олгохдоо энэ чансааг үндэслэн тамирчдаа шалгаруулдаг. 2012 оны тавдугаар сард уг чансааны эхний 22-д эрэмбэлэгдсэн жүдочид олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм. Саяын тэмцээнээс харахад Х.Цагаанбаатарын жинд /66 кг/ одоогоор эхний 16-д эрэмбэлэгдээд байгаа бөхчүүдийн дунд олимпийн аварга байхгүй, харин олимпийн медальтан ганцхан байгаа нь манай тамирчин Х.Цагаанбаатар. Харин дэлхийн аварга цолтой тамирчин шилдэг 16 дунд Х.Цагаанбаатараас гадна Японы Жунпей Моришита /чансааны 8-д эрэмбэлэгдсэн/ гэж өнгөрсөн оны дэлхийн аваргад түрүүлсэн нэг л бөх байна. Дэлхийн аваргаас медаль хүртсэн дөрвөн бөх байгаа нь Х.Цагаанбаатар /2009 оны алт/, Жунпей Моришита /2010 оны алт/, дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдсэн Испанийн Сугой Уриарте /2007, 2009 оны мөнгө/, чансааны зургаад бичигдсэн Унгарын Миклос Унгвари /2005, 2007 оны хүрэл/ нар болж байна. Одоогийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг Оросын Алим Гаданов /Чансааны 2-т эрэмбэлэгдсэн/ гэхэд Европын аваргын хошой хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа.

Ингээд бодохоор Цагаанаад ирэх олимпийн наадамд хүссэн медалиа хүртэх найдвар хол биш харагдаж байна. Гагцхүү түүнийг энэ хоёрхон жилийн хугацаанд яаж бэлтгэж, яаж хайрлахаас бүх зүйл хамаарна.
Цагаанаа бол ер бусын дайчин, тэсрэлттэй, өөрөө өөрийгөө хурцалж барилддаг өвөрмөц тамирчин. Цэл залуугаараа олимп, дэлхийн амжилтад хүрч, тэр хэмжээгээрээ хүртэж болох гавьяа шагнал, тэмдэг, алдрын эзэн болсон ч тэр бүхэнд ханаж цадан, тэмцлийн талбар дундаас хором ч бууж байгаагүй юм. Х.Цагаанбаатарын бүтээн босгосон тогтмол өндөр амжилттай дүйх тамирчин яг энэ цаг үед бас л цөөн байна.

Монголын тамирчид олимпийн наадмын 19 медальтантай. Тэдний дунд Х.Цагаанбаатар бий. Монголын спортод олимп, дэлхийн хос медальтай 10 тамирчин байдаг. Тэдний нэг нь Х.Цагаанбаатар. Харин өнөөдрийг хүртэл олимп, дэлхийн аварга тамирчин монголоос тодроогүй байгаа. Тэр нь Х.Цагаанбаатар байх бүрэн боломжтой юм. Тэр үнэхээр БААТАР /Hero/ юм.

Б.Бадмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж