Тоглолт яг цагтаа буюу 17.00 цагт эхэлж гурвантаа хонх дуугарч үзэгчид танхимд суудлаа эзэллээ. Танил болсон театрын улаан хөгшиг нээгдэхэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид тайзнаа байрлалаа эзэлсэн байв. Сонгодог урлагт дуртай үзэгчдийн хэдийнэ танил болсон маэстро Роберто Салвалаио тайзнаас үзэгчидтэй мэндчилэн D.Cimarosa-гийн “II matrimonia segreto” удирдтгал хөгжмөөр “Венецийн үдэш”-ийг эхлүүлэв. Роберто Салвалаио нь манай улсад гурав дахь удаагаа ирж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард театрт Б.Сэргэлэн захирлын урилгаар хоёр сарын хугацаатайгаар ажиллахдаа Ж.Вердийн “Травиата”, “Богема”, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг тус тус удирдан тоглуулж байсан юм. “Венецийн үдэш” дэх аяллыг Италийн нэрт баритон Париде Пандолфо Р.Леонкаваллогийн “Паяцы” дуурийн аригаар үргэлжлүүлэв. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд би Роберто надад хэлэхээс өмнө Монголд ийм дуурийн театр байдаг тухай ямар ч төсөөлөлгүй явсан. Амьдралын ийм сайхан үнэнийг нээсэндээ би маш их жаргалтай байна. Тиймээс үзэгчидтэйгээ уулзах анхны уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлж байсан нь санаанд орж байв. Тэрбээр энэ үдэш Риголетта” дуурийн дөрвөлийг дуурийн гоцлооч Д.Туяа, Ч.Түмэндэмбэрэл, Ц.Ариунаа нартай хамтран дуулж сонирхуулсан. Мөн дуурийн гоцлооч Б.Эрдэнэтуяа алдарт “Ave Mari”-г дуулав. Тоглолтын хоёрдугаар хэсэгт Париде Пандолфо D.Nardella-гийн “Chi t’aggia di”-г дуулж сонирхуулсан бол маэстро Роберто Салвалаио Астро Пиаццоллогийн “Либертанго”-г дохисон нь үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэсэн. Үзэгчид бараг л суудлаасаа босч танго бүжиглэхийг хүссэн байх. Хурдтай, хүчирхэг, цоглог ритм эгшиглээд л танхимд суугаа үзэгчид халуун алга ташилтыг илгээж байсан. Харин тоглолтын төсгөлд Дуурийн театрын гоцлооч А.Сайнбаяр, Ц.Баттөр, Э.Амартүвшин, М.Болд болон Париде Пандолфо нар үзэгчдэд гайхалтай гэнэтийн бэлэг барьсан нь “Севилийн үсчин” дуурийн “Largo al Factotum” ари байв. Тайзны нэг талаас Паридес Панполфо, харин нөгөө талаас дуурийн гоцлооч Ц.Баттөр, үзэгчдийн суудлын баруун жигүүрээс М.Болд, зүүн жигүүрээс А.Сайнбаяр, харин үзэгчдийн гол хэсгээс Э.Амартүвшин нар гэнэт гарч ирэн “Севилийн үсчин” дуурийн “Largo al Factotum” ариг дуулснаар үзэгчдийг жинхэнэ гайхшруулсан гэхэд болно. Италийн дуурийн дуучин Париде Пандолфотой ярилцаж байхад “Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурьд хамгийн анх дуулж байсан. Энэ дуурь бол миний хувьд анхны дүр, анхны дуурь минь. Энэ дүрээр би очсон газар бүртээ дуулдаг. Миний өнөөдрийн нэр төрийг олж өгсөн дуурь учир “Севилийн үсчин” дуурьд маш их дуртай” хэмээн хэлж байсан нь энэ үед санагдаж байв. Үнэхээр л очсон газар бүртээ энэ дуурийн ариг дуулдаг Париде Пандолфо энэ үдэш ч гэсэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучидтай хамтран дуулсан нь сонирхолтой бас хөгжилтэй байсан. Тоглолтын төгсгөлд Италийн удирдаач Роберто Салвалаио Ж.Чулуун агсны “Уран хас” балетын вальсийн хөгжмөөр өндөрлөсөн нь үзэгчдийн баярлуулсан. “Венецийн үдэш”-ээр аялуулсан уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Сонирхуулж хэлэхэд Италийн удирдаач Роберто Салвалаио энэ сарын 22-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийг удирдан тоглуулах бөгөөд гол дүрд нь Париде Пандолфо тоглох юм.
“Венецийн үдэш”-ийн аялал
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр үзэгчдээр дүүрэн байлаа. Энэ үдэш театрт “Венецийн үдэш” нэртэй сонгодог тоглолт болж үзэгчдийг Италийн хөгжмийн зохиолчидтэй танилцуулав. Италийн удирдаач Роберто Салвалаио, Италийн дуучин Париде Пандолфо нар энэ үдшийн эзэд нь байв. Тэд өнгөрсөн баасан гаригт Монголд ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй бэлтгэл хийсэн. “Венецийн үдэш” гэх нэрнээсээ эхлээд энэ үдэш бүхэлдээ тансаг байсан. Дан Италийн хөгжмийн зохиолчдын суут бүтээлүүд эгшиглэсэн энэ оройг үзэгчид сэтгэл догдлон хүлээсэн. Учир нь дуурийн урлагийн эх орон гэгддэг Итали улсаас дуурийн дуучин, удирдаач ирсэн тул үзэгчдийн сонирхолыг их татсан. Тоглолт эхлэхийн өмнө үзэгчид зураач З.Уянгын уран бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж байв. Үзэсгэлэнд дан балетын урлагийг харуулсан зургаас бүрдэж байв.
М.Дөл