Н.Төгсцогт эхний тулаандаа яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт эхний тулаандаа яллаа

Азербайжаны “Баку Файерс” багтай гэрээ байгуулсны дагуу “World Series of Boxing” тэмцээнд оролцож буй гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тус тэмцээний зургадугаар тойргийн тулаанууд хуваар ёсоор 13-15-ны өдрүүдэд болсон бөгөөд Азийн бүсэд “Баку Файерс” баг энэ тойрогт БНХАУ-ын “Бээжин Драгонс” багтай өрсөлдсөн юм. Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хувьд bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлж байгаа бөгөөд WSB-ын анхны тулаанаа БНХАУ-ын боксчин Хө Живейтэй хийж, оноогоор ялалт байгуулжээ. Хоёр багийн тулаан өчигдөр орой Макаогийн Zongyi цэнгэлдэхэд болж, 3:2 харьцаатай Бакугийн баг ялсан байна. Лигийн дүрмийн дагуу нэг баг таван өөр жинд тамирчнаа сойх бөгөөд нэг жинд гурван тамирчинтай байх ёстой юм. Харин манай тамирчны тухайд анхны тулаанаа хийсэн нь энэ байлаа. Лигийн зургаан тойргийн дараах байдлаар “Баку Файерс” 100 хувийн амжилтаар 18 оноотой Азийн бүсийг тэргүүлж байна.

Мөн Европын бүсэд Италийн “Милано Тандер” багт тулалдаж буй ОУХМ З.Энхзориг баасан гаригт Францын боксчин Рачид Аззединтай нударга зөрүүлж, оноогоор ялагдсан байна. Энэ тулаанд Милан хотын баг “Парис Юнайтед” багтай тоглож, 5:1 харьцаатай ялагджээ. З.Энхзоригийн тухайд WSB тэмцээний гуравдугаар тойргийн хүрээнд анхны тулаанаа хийж, ОХУ-ын тулаанч Адлан Абдурашидовт мөн оноогоор ялагдсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж