Италийн удирдаач Роберто Салвалаио нь өнгөрсөн баасан гаригт Италийн нэрт баритон Париде Пандолфогийн хамт Монголд ирсэн. Тэд өчигдөр “Венецийн үдэш” тоглолтоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийсэн юм. Венецийн үдшээр аялуулсан тус тоглолтод дан Италийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс эгшиглэсэн бөгөөд удирдаач Роберто Салвалаио энэ үдэш симфони найрал хөгжмийг удирдан тоглуулсан. Манай улсад гурав дахь удаагаа ирж буй маэстро энэ үдэш Ж.Чулуун агсны “Уран хас” балетын вальсийн хөгжмийг удирдан тоглуулж үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан. Харин Италийн дуурийн дуучин Париде Пандолфо “Венецийн үдэш” тоглолтод R.Leoncavallo-гийн “Паяцы” дуурийн “Prologo”-гийн ари, “Риголетта” дуурийн дөрвөлийг дуурийн гоцлооч Д.Туяа, Ч.Түмэндэмбэрэл, Ц.Ариунаа нартай хамтран дуулсан бол тоглолтын хоёрдугаар хэсэгт D.Nardella-гийн “Chi t’aggia di”-г дуулж сонирхуулсан юм. Харийн тоглолтын төсгөлд Дуурийн театрын гоцлооч А.Сайнбаяр, Ц.Баттөр, Э.Амартүвшин, М.Болд болон Париде Пандолфо нар үзэгчдэд гайхалтай гэнэтийн бэлэг барьсан нь “Севилийн үсчин” дуурийн “Largo al Factotum” ари байв.
М.Урин