Дипломат төлөөлөгчид цөмийн байгууламжид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Дипломат төлөөлөгчид цөмийн байгууламжид зочиллоо

Иран улс цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гарц хайж буй энэ үед Иран улс гадаадын дипломат төлөөлөгчдийн группыг Ираны цөмийн баазуудад урьж, тэднийг үйлдвэрлэлийн явцтай танилцуулж байгаа юм. Энэхүү алхмаа Иран улс цөмийн хөтөлбөрийн хувьд нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болно гэж үзсэн ч, Орос, Хятад, Европын холбооны тусгай төлөөлөгчид урилгаас татгалзаж, харин АНУ-аас төлөөлөгч уриагүй байна.  Тегранаас мэдэгдэж байгаагаар уран баяжуулах хөтөлбөрийн явц урагштай байгаа ажээ.

Бямба гаригт Алжир, Куба, Египет, Оман, Сири, Венесуэль зэрэг улсын элчингүүд болон Арабын орнуудын холбооны төлөөлөгчид Ираны Арак дахь хараахан барьж дуусгаагүй байгаа хүнд усны цөмийн реакторт зочилсон байна. Улмаар ням гаригт төлөөлөгчид Натанз дахь уран баяжуулах байгууламжид зочлох ажээ.

Ираны Атомын эрчим хүчний төвийн дарга Али Акбар Салехи хэлэхдээ “Дэлхийн нэг ч гүрэн цөмийн баазуудаа бусдад нээлттэй байлгадаггүй. Харин Иран улсын хувьд цөмийн байгууламжуудаа нээлттэй байлгаж байгаа нь Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилго агуулж байгаагийн илрэл юм. Сүүлийн үед тавигдаж байгаа хоригууд бидний цөмийн үйл хэрэгт огт нөлөөлөхгүй” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж