Агаарын бохирдлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг хэлэлцлээ

Өнгөрөгч баасан гаригийн орой Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, нийслэл хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг авч хэлэлцлээ. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон Нийслэлийн удирдлагууд оролцсон ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийж, утаа агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар өөрийн саналаа хэлсэн юм.

Нийслэлийн утаа, агаарын бохирдлын асуудлаар ярилцаж шийдвэрлэхээр УИХ, Засгийн газар ч өөр, өөрийн түвшинд ажиллаж байгаа ч өдрөөс өдөрт нэмэгдэж, гамшгийн байдалд хүрчихээд байгаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд хуулийн төсөл  боловсруулах шаардлагатай байгаад тэр дараах үндэслэлийг гаргасан юм.

Эрхзүйн хувьд, Монгол Улсын Үндсэн хуулинд,  монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байгаа. Өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д , иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг бататгаажуулах үндэс мөн гэсэн заалт бий. Мөн энэ баримт бичигт, томоохон хот суурин газрын хөрсний ус , агаарын бохирдлыг буруулж, ариун цэврийн байгууламжийн бүтээмжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгүй болгоно  гэсэн заалт байна.

УИХ-ын  баталсан “ Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд тодорхой заачихсан байгаа. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд баталсан “Түлш эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай”  тогтоолд , хотын гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилж, цахилгаан хэрэглээний үнэ тарифыг бууруулах талаар бодлого боловсруулна гэж заасан байна. Энэ мэтчилэн бидэнд хэрэгжүүлэх шаардлагатай эрхзүйн баримт бичгүүд цөөнгүй бий.

Экологи, эрүүл мэндийн шаардлагын хувьд ч өнөөдөр нийслэлийн утаанд санаа зовоогүй иргэн гэж алга. Мэргэжлийн хүмүүс шалтгаан нөхцөлий нь хангалттай судалж байна. Тэд Улаанбаатар хотын даац хэтэрсэн байна гэдгийг санал нэгтэй хэлж байгаа. Төвлөрөл асар их боллоо. Анх 600 мянган хүн ам суурьшина гэж төлөвлөж байсан нийслэл хотын даац одоо хоёр дахин хэтэрчихээд байна. Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохир хот болчихоод байна. Ард нь байгаа хотын бохирдлын хэмжээ манай нийслэл хотынхоос бараг 50 хувиар бага байх жишээтэй. Энэ бол маш өндөр тоо.

Бид өнөөдөр өглөө, Улаанбаатарын гэр хорооллын утаа, нөхцөл байдалтай танилцаад явж байхдаа бохирдлын хэмжээг тусгай багажаар хэмжиж үзлээ. Айлын гэрт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 8 дахин их, гадаа гараад хэмжихэд 20 дахин их байна. Хотын агаарын бохирдлын одоогийн түвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд үндсэндээ хүрчихээд байгааг мэргэжлийн судлаачид хэлж байсан. Агаарын бохирдол тэвчих боломжгүй хэмжээнд хүрж, монгол хүний амь нас эрүүл мэнд аюултай байдалд орчихоод байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас  гаргасан хэдхэн тооноос харж болно.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн дунд  уушги, амьсгалын замын өвчнүүд, нярайн болон ургийн өвчлөлүүд, тархи зүрх судасны өвчлөлт 1-6 дахин нэмэгдсэн байна. Хотын хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Сүүлийн 12 жилд, нярайн төрөлхийн гажиг 6 дахин өссөн байна. Утаан дахь хар тугалганы агууламж хотын хүүхдийн цусанд, ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 хувиар илүү байна. Хар тугалга бол тархины хөгжлийг сааруулах хор нөлөөтэй бодис юм. Нэг үгээр бол хотын өвчлөлийн онцлог, хэмжээг  “Улаанбаатарын өвчлөл” “Улаанбаатарын үзэгдэл” гэж хэлэхээр  байдалд хүрчээ.

Өнгөрсөн 2010 оны 7, 8 дугаар сард ойн түймрийн улмаас Москва хотод утаа, агаарын бохирдол ердийн үеийнхээсээ 4-10 дахин их болоход, хүн өдөрт 3 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалж байна гэж судлаачид дүгнэж байсан. Тэр үед Москвагийн агаар дахь тоосонцрын агууламж 1000 мкг байсан бол өнөөдөр Улаанбаатрынх 1575 болчихсон байгаа. Тэгэхээр хүн өдөрт 4-5 хайрцаг тамхи татаж байгаа  хэмжээний  хордож байна гэсэн үг. Хотын агаарыг эрүүлжүүлэх асуудал чухал байна. Улаанбаатарын агаар өөрөө өвчний нян хадгалагч болсон. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах утаа хотын төвд тогтож, олон сар жилээр хуримтлагдсаар элдэв өвчлөлийн нян, хорт бодисыг агуулсан тодорхой нэг атмосферийн давхрага болж хувираад байна. Зуны улиралд ч хорт агаар сарнихааргүй хэмжээнд хүрсэн байгаа нь зөвхөн утаанаас гадна, хөрсний бохирдол бас нөлөөлж байна гэж үзэхээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэг судалгааг энд зориуд дурдмаар байна. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид хотын агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн эмчилгээнд 775 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь  манай улсын ДНБ-ий 12.8 хувьтай тэнцэж байна. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, өнөөдөр хууль хэрэгтэй болжээ. Хэдийгээр бидэнд агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөр, тогтоолууд хангалттай байгаа ч тэр бүгд хуулийн хэмжээнд хүрэхгүй байна. Иргэд утаагүй амьдралыг хүсч байна. Тэдэнд тодорхой үйлдэл, арга хэмжээ, шийдвэр хэрэгтэй байна.

Ингээд хуулинд ямар ямар зүйл тусгаж болох талаар саналаа хэлье.

Тооцож, жагсаагаад харахаар утаа, агаарын бохирдлыг бууруулж болох 13 төрлийн боломж байна. Ер нь нийслэлд гэр хорооллын стандарт бий болгох хэрэгтэй. Гэр, хашаа хорооллыг яаж барих, дулаалгыг яаж хийх, түлш дулаалгын асуудлаа утаа гаргахгүйгээр хэрхэн шийдэх гээд тодорхой заасан стандарт бий болгож, тэр стандартыг тодорхой хязгаарлалтын бүсд мөрдүүлэх шаардлагатай байна. Хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрийг нийслэлийн иргэдийн хурлаас тогтоож,  хориглох үйл ажиллагааг тодорхой болгож, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг ч хуулиар зааж өгье. Хязгаарлалтын бүсд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, харин агаарын бохирдлыг бууруулах асуудалд хувь нэмрээ оруулж, дулаан алдагдлыг багасгаж,  цахилгаан эрчим хүчийг хэмнэж байгаа айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал үзүүлэх нь зөв юм байна.

Нэгэнт ингэж боломжийг бий болгож байгаа бол мөн хариуцлагыг ч тооцдог байх хэрэгтэй. Тухайн айл өрх ямар түлш хэрэглэж байгааг мэддэг хорооны даргаас эхлээд дүүрэг, нийслэлийн дарга, яам агентлагийн удирдлагуудад хариуцлага тооцох механизмыг энэ хуулинд тусгаж байна. Хийх зайлшгүй шаардлагатай нэг ажил бол, санхүүгийн эх үүсвэрийн асуудал байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гадны төсөл хөтөлбөр, хөнгөлттэй зээл олдох маш олон боломж байдгийг бид ашиглах хэрэгтэй. Манай зарим банк санхүүгийн байгууллага хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Засгийн газар бонд гаргах замаар мөн санхүүгийн асуудлыг хөнгөвчилж болно. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг ирэх хаврын чуулганаар бүрэн шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээг зохицуулах энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний дамжуулах, түгээх шугам сүлжээг сайжруулах хүчжүүлэх асуудал нэн чухал. Эхний ээлжинд гэр хорооллын цахилгаан дамжуулах утас кабелийг шинэчлэх ажилд 100 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гол чухал асуудал бол цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудал байгаа. 2008 онд тавдугаар цахилгаан станцийн тендер зарлаж байсан, одоо энэ станцийг ашиглалтад хүлээгээд авчихаар хангалттай хугацаа өнгөрлөө. Энэ ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Байршлын асуудлы нь цаг алдалгүй шийдэхийг холбогдох хүмүүст үүрэг болгож байна. Эцсийн дүндээ утаатай тэмцэх ажил бол төрийн юм уу,  засгийн хийх ажил биш, энэ бол хүн бүрийн хариуцлагаас хамаарах асуудал. Ажил хариуцаж байгаа албан тушаалтан бүр, нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүр хариуцлагатай байя. Ажлаа уялдуулж, шаардлага тавьж, хариуцлага тооцож байж утаанаасаа салья гэсэн юм.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаар нийслэл хотын утаа агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар ярилцан, нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр  “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Энэ долоо хоногт Засгийн газрын саналыг авч, ирэх долоо хоногт уг хуулийн төслийг Улсын Их хуралд  өргөн барих юм байна. Хуулийн төслийг энэ намрын чуулганд багтаан батлах чиглэлийг УИХ-д мөн өгсөн. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хянах, үйл ажилагааг уялдуулах,  шаардлагатай санал боловсруулж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрүүлж байх Үндэсний хороог УИХ-ын дэргэд  байгуулан ажиллахаар боллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж