Эхний өдөр барилдсан есөн жүдочоос дөрөв нь эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол үлдсэн тав нь медалийн төлөө хүч үзсэнээс Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар медалийн тавцанд гарлаа.
Дэлхийн аваргын алт, хүрэл, олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд эхний тойрогт 2009 оны Универсиадын аварга Масаши Эбинумаг вазаригаар, улмаар ОХУ-ын Камал Хан-Магомедовыг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харин мөнгөн медалийн төлөө Испанийн жүдоч Сугой Уриартег юүкогоор ялж, аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тасархай тэргүүлж буй Х.Цагаанбаатар 2009, 2010 оны дэлхийн аваргад Уриартег буулган авч, алт болон хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад ч хуучны танилаа төвөггүй буулган авсан юм. Гэхдээ Уриарте эхний барилдаандаа өнгөрсөн жилийн “World Masters”-ын аварга, ОУХМ С.Мияарагчааг ялсан. Шийдвэрлэх барилдаанд Х.Цагаанбаатар Словенийн жүдоч Рок Драксичтэй барилдаж, түрүүлж юүко үнэлгээ алдсан ч цаг өндөрлөхөөс минут гаруй хугацааны өмнө өрсөлдөгчөө цэвэр ялж, “World Masters”-аас анхны алтан медалиа хүртлээ. Сонирхуулахад, аваргын алтан медалийг 6000 ам.доллар дагалдаж байгаа юм.
Харин М.Бундмаагийн тухайд 52 кг-д Герман, Испанийн бөхчүүдийг ялж, хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн барилдаандаа дэлхийн чансааны номер хоёр, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы бөх Юүка Нишидад дийлдсэнээр хүрэл медаль зүүлээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд 60 кг-д Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Ч.Болдбаатар Бразилийн бөхийг ялсан ч медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Арсень Галстьянд ялагджээ. Түүнчлэн 73 кг-д С.Ням-Очир нэг ялж, нэг ялагдсанаар Бакугийн татамиг орхисон бол эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг мөн л нэг ялж, удаахь барилдаандаа ялагдсанаар мастеруудын халз тулааныг орхисон юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа Японы бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Ийнхүү Монголын жүдочид "World Masters-2011" тэмцээний эхний өдөр нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, мөн гурван тамирчин тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар Японы багийн дараа хоёрдугаарт бичигдээд байна.