Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар тунаж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар тунаж үлдлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “World Masters” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Жин тус бүрт дэлхийн чансааны шилдэг 16-т багтсан жүдочдын өрсөлдөж буй тус тэмцээний шагналын сан 200 мянган ам.доллар. Зэрэглэл, чансаа, өрсөлдөөн өндөртэй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жүдоч өрсөлдөхөөр эх орноосоо мордсон юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, харин эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох юм. Харин маргааш үлдсэн жингийн ангилалд аваргууд тодрох бөгөөд Монголын тамирчдаас -100 кг-д Б.Тэмүүлэн зодоглоно.

Өнөөдрийн тухайд манай есөн жүдоч Бакугийн дэвжээнд гарч барилдсанаас тав нь медалийн төлөө барилдах эрхтэй болсон ч дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар болон дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа нар медалийн тавцанд гарах болзол хангаж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Мэдээж ялсан тохиолдолд аваргын алтан медаль, 6000 ам.долларын төлөө хүч үзнэ.

Хэсгийн барилдаан орон нутгийн цагаар өглөө 10.00 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ, шигшээ барилдаанууд Монголын цагаар 19.00 цагаас эхлэх учиртай.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар мөнгөн медалийн төлөө Испанийн бөх Сугой Уриартетай барилдана. Хоёр бөх өмнө нь хэд хэдэн удаа таарч барилдаж байсан бөгөөд 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Х.Цагаанбаатар Уриартег ялснаар аваргалж байсан бол 2010 оны Токиогийн дэлхийн аваргаар манай тамирчин мөн л Уриартег ялснаар хүрэл медалийн тавцанд гарч байсан билээ.

Харин М.Бундмаагийн тухайд медалийн өнгө хувиргах барилдаанаа 2007 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргын хүрэл медальт, Токиогийн дэлхийн аваргаас алтан медаль зүүсэн, Японы Юүка Нишидагийн эсрэг хийх юм.

Дашрамд дурдахад, “World Masters” тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль хүртвэл 400 оноо, мөнгөн медаль хүртвэл 240, харин хүрэл медалийн эзэн болсон тохиолдолд 160 оноог олимпийн эрхийн оноондоо нэмэх боломжтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж