М.Бундмаа, М.Уранцэцэг нар яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

М.Бундмаа, М.Уранцэцэг нар яллаа

Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны 200 мянган ам.долларын шагналын сантай “World Masters” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа. М.Уранцэцэгийн тухайд Бельгийн жүдоч Амели Россеньюг цэвэр ялсан бөгөөд дараагийн буюу медалийн төлөөх барилдаанаа Токиогийн дэлхийн аваргын хүрэл медальт, Бразилийн бөх Сара Менезестэй хийх юм. Харин дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаагийн тухайд Германы Роми Тарангуйг вазари үнэлгээгээр ялснаар дараагийн тойрогт Испанийн Ана Карраскосатай барилдахаар болоод байна.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 60 кг-д манай улсаас гурван жүдоч шилдгүүдийн халз тулаанд хүч сорьж байгаа бөгөөд Г.Болдбаатар эхний тойрогт 2010 оны дэлхийн аварга, Бээжингийн олимпийн хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт, Узбекистаны Ришод Собировт цэвэр ялагдсан бол залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг мөн эхний тойрогт ОХУ-ын Беслан Мудрановт вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Харин Ч.Болдбаатар эхний барилдаанаа тун удахгүй хийх гэж байна. Түүний өрсөлдөгч нь Бразилийн бөх Фелипе Китадай юм.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир эхний барилдаанаа Францын Уго Легрантай хийхээр сугалаа таарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж