Ингээд өнгөрсөн зуны дадлага ажилд яван энэ өдөр өөрийн уран бүтээлээ тус үзэсгэлэнд дэлгэн харуулсан МУЭ-ийн нэрэмжит шагнал график зураач З.Уянгатай уулзан ярилцсан юм.
-Өнөөдрийн үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өвөрмөц нь дан байгалийн зургуудыг тавьсан байна. Зураачдын маань өнгөрсөн зун хийсэн дадлага ажил дэлгэгдлээ. Зураачид бид нар, хөгжимчид байнга дасгал хийж байдагтай адилхан байгаль зурах, хөрөг зурах, таталбар хийх гээд нэг ёсондоо бүх насаараа л суралцаж байдаг. Бүх зураачид өөр өөрийн өнцгөөс байгалийн дүрслэлийг хийсэн болохоор их сонирхолтой байна.
-Энд дэлгэгдсэн бусад уран бүтээлчдийнхээ зургуудын тухайд?
-Зарим зургууд жаахан дутуу болжээ гэж санагдаж байна. Судалбараасаа авсан олоод ч тэр үү тэгж харагдаж байна. Уг нь судалбар чинь их гоё шүү дээ. Яг байгалиасаа хараад этюд хийнэ гэдэг чинь кайфтай. Тэр этюдүүд нь ховор байна. Зүгээр бүтээл болгох гэж хийгээд арай амжаагүй ч юм уу дутуудуу зүйл ч ажиглагдаж байна. Гэхдээ гоё байна аа. Дан байгаль учраас өвөрмөц байна.
-Энэ зун урчуудын эвлэлийн хорооны 100 гаруй уран бүтээлчид арван багт хуваагдаж аялсан гэсэн шүү дээ. Та аль багт нь орж судалбар хийсэн бэ?
-Би болохоор Заан тэрэлж гээд хүний хөл хүрээгүй Тэрэлжээс цааш хуучин бол Богд хааны амьтны хүрээлэнд байсан заануудыг зун аваачиж байлгадаг байсан газар очсон. Хүний хөл хүрдэггүй, хол, хэр баргийн машин очихгүй газар л даа. Бид нар оросын 66 гэж машинаар хүргүүлэн цаашаа морин тэргээр очсон. Дан модон дунд тайгад очиж дадлага хийсэн.
-Тэнд хэд хоног байрласан бэ? Хүн ховор очдог тийм алслагдсан тайгад ажиллах ямар санагдаж байв?
-16 хоног ажилласан. Надад олон хоног ууланд тэр тусмаа тайгад байх нь хүнд байсан. Их өндөрлөг дээр модон дунд байхад биеийн байдалд хүртэл их нөлөөлж байна лээ. Чийгтэй, байнгын манатай. Дээрээс нь би говь талд өссөн хүн болохоор холын юм харж, дасчихсан юм шиг байгаа юм. Байнгын нүдэн дээр бүх юм тулаад, их чийгтэй байсан. Зураг зурахад хүртэл холын юм хармаар санагдаад байсан шүү./инээв/ Тэр нь их өөр байсан. Би өөрөө өмнө нь дандаа тал, говиор явж байсан болохоор албаар тэр тайгад байж үзье гээд сонгоод явсан л даа. Ер нь эмэгтэй хүнд тэнд бол их хүнд, хэцүү юм байна лээ.
-Та энэ аяллаас хичнээн уран бүтээлтэй ирсэн бэ?
-30-аад этюд хийж ирсэн.
-“Дөрвөн зүг, найман зовхист” үзэсгэлэнд таны хэдэн бүтээл дэлгэгдсэн бэ?
-Миний хоёр ажил байгаа.
-Шинэ онд төлөвлөсөн ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Маргааш дуурийн театр дээр балетийн үзэсгэлэн нээх гэж байгаа. Дуурийн театрын “Венецийн үдэш” тоглолтоор нээлтээ хийнэ. Балеттай өдрүүдээр тус үзэсгэлэн маань дэлгэгдээд энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ үзэсгэлэн бол миний дан балетаар гаргаж байгаа тав дахь үзэсгэлэн юм. Мөн ирэх арван нэгдүгээр сард Монгол улс тусгаар тогтносны 100 жилийн ойд зориулсан бие даасан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргана.
-Балетаар гаргаж байгаа үзэсгэлэнгийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Таны дан балетаар гаргаж байгаа тав дахь бие даасан үзэсгэлэн гэсэн шүү дээ.
-Маргаашийн үзэсгэлэн бол дан балетад зориулсан бүтээлүүд маань байгаа. Би өөрөө балетчин хүний гэр бүлд өссөн. Дуурийн театр дотор хүн болсон. Тэр утгаараа балет бол миний зүрхэнд байдаг уран бүтээлийн нэг сэдэв болж байдаг. Тиймээс хэзээ ч энэ сэдвийг орхиж чаддаггүй. Уржигдар Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Сэргэлэн над руу утасдаад “Манайд “Венецийн үдэш” тоглолт болох гэж байна аа. Үзэсгэлэн гаргах бэлэн бүтээлүүд байна уу” гээд санал тавьсан. Надад бол балетийн шинэ бүтээлүүд бол байнга л бэлэн байдаг. Яагаад гэвэл дандаа л уран бүтээлийнхээ хажуугаар балетийг зурж байдаг. Зурахгүй байж чаддаггүй учраас. Харин энэ удаад пастель, комьпютер график, тосон төрлөөр хийсэн 20-оод бүтээлээрээ үзэсгэлэн гаргана.
-Балетийн зургуудыг хэдийнээс зурж эхэлсэн бэ?
-Миний балетийн үзэсгэлэнгүүд дандаа ээждээ зориулсан байдаг. Ээжийгээ бодож, ээжийнхээ тоглож байсан дүрүүд, тэр үеийн дуурийн театрын балетийн хамгийн сор болсон бүжигчдийг бодож бүтээдэг. Тухайн үед Ардын жүжигчин Оюун эгч, ардын жүжигчин Ганбаатар гээд одоо тэр үеийн эргээд бодохоор үнэхээр манай балет өндөр хэмжээнд байсан. Манай ээжийг Ю.Цэрмаа гэдэг. Дундговь аймгийн хүн, гавьяат жүжигчин балетчин байсан. Би хар багаасаа тэдний харж, тэдний дунд л хүмүүжсэн. Манай бусад балетчид миний бүтээлийг харчхаад “Чи дандаа л ээжийгээ зурах юм“ гэдэг. Уг нь нүд ам хийхгүй ерөнхий хөдөлгөөн, биеийн галбир хийхэд л өөрийн эрхгүй л ээжтэйгээ адилхан хийгээд байдаг юм шиг байна лээ. Яг зөвхөн ээжийгээ ч гэж биш тэр үеийн хүмүүсийг л уран бүтээлдээ тусган хийдэг. Миний тэр үеийн мундаг балетчидын тухайн бүтээлийнх нь дүртэй нь гаргасан хэд хэдэн бүтээл театрын музейд хадгалагдаж байдаг. Миний балетийн тав дахь үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна гэхээр зөвхөн балетад зориулсан 200 гаруй бүтээл урын санд маань байдаг гэсэн үг л дээ. Сонгодог хөгжим, сонгодог урлаг хүнийг ариусгаж байдаг. Гайхамшигтай тэр хөгжмийн ая, тэр өнгө будаг дээрээс нь балетчин хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн бүтээл хичнээн сайхан гээч. Би хөлд орох цагаасаа л балетийн зааланд хүмүүжсэн.Аав гадаадад оюутан байсан учраас намайг харах хүн байхгүй ээж ажилдаа тэврээд л ирнэ. Тэгээд л би тэр зааланд тэднийг л хараад сууж байдаг байсан. Юу надад хамгийн дотно санагддаг вэ гэхээр тэдний хөлсний үнэр. Балетийн тухай бодоод тэр залыг харахад тэдний хөлс одоо хир нь үнэртдэг. Урлаг хийхийн тулд асар их хөлс гаргаж байж энэ урлаг гэдэг юм бүтдэг гэдгийг би хар багаасаа мах цусандаа шингэтэл ойлгосон нь өнөөдөр надад уран бүтээлээ хийхэд минь хэрэг болдог. Надад урлаг гэдгийг хөнгөн гарын үзүүрээр хийдэг гэдэг ойлголт хэзээ ч байдаггүй ээ. Тийм хүмүүжил тэр багаас надад олгогдсон учраас шаналж, зовж, хөдөлмөрлөхгүйгээр урлаг хийнэ гэж байхгүй л гэж боддог.
-Энэ бүхэн таны уран бүтээл дээр байнга илэрч байдаг шүү дээ
-Тийм ээ. Тэгэхлээр хүүхдийг багаас нь хүмүүжүүлэхэд бол нэгдүгээрт сонгодог урлаг өндөр ач холбогдолтой. Үүнгүйгээр хүн болоход хүнд л дээ. Бид нар өнөөгийн амьдарч байгаа нийгэм маань их хар бараан. Катиталист нийгэм маань өөрөө тэмцэж байж мөнгөтэй, мөнгөгүй байхаа шийддэг. Гэтэл сонгодог урлаг, ном, эртний зохиолуудыг уншаад ирэхээр хүн их тайвширдаг. Ер нь юу чухал юм бэ? Хүний оюун ухаан чухал болохоос мөнгө чухал биш. Мөнгө мэдээж хэрэгтэй ч тэрнээс цаана хүний дотоод чанар, хүний гайхамшигт бүтээлүүд гэдэг чинь ямар өөр юм бэ гэдгийг урлаг мэдрүүлэн шал ондоо зүйлийг хүнд өгдөг. Тэгэхгүй бол зөвхөн мөнгөний төлөө явж байгаа нийгэмд бол их өрөөсгөл болчихдог. Гоо сайхан, хайрыг мэдрэхгүй хүмүүс их харалган болж эхэлдэг. Орчин үед зөвхөн мөнгө бодох нь аймшиг. Улс хөгжөөд ирэхээр хүмүүс ойлгоод эхэлнэ л дээ. Гэхдээ одоо бид ийм л хэцүү үед амьдраад байна шүү дээ. Хүүхдүүдээ аль тийш нь эргүүлэх вэ гэдгийг бодох ёстой байхгүй юу. Би сонгодог урлагийг заавал хамгийн эхэнд танилцуулах ёстой гэж боддог.