-Монголд тавтай морил. Та анх удаа Монголд ирж байна, ямар сэтгэгдэл төрж байна?
-Их хүйтэн юм. Гэхдээ Монголын ард түмэн энэ хүйтнийг мартагдуулж чадсан. Халуун сэтгэлтэй, их нөхөрсөг хүмүүс учир хүйтнийг мартаж байна.
-Маргааш /өнөөдөр/ “Венецийн үдэш” тоглолтоор анх удаа Монголын үзэгчидтэй уулзана?
-Тийм ээ, би энд байгаадаа маш аз жаргалтай байна. Миний үзэгчидтэйгээ уулзах анхны уулзалтыг тэсэн ядан хүлээж байна.
-Маргаашийн /өнөөдөр/ тоглолтынхоо талаар сонирхуулаач, ямар ямар дуурийн ариг дуулах бол?
-Бид тоглолтоо Р.Леонкаваллогийн “Паяцы” дуурийн эхний хэсгээр нээнэ. Дараа нь өнгөрсөн цагийн алдарт тенор Марио Ланцагийн дууг дуулна. Тэр хүнийг нэр алдарт хүргэсэн, олон түмэнд таниулсан нэг дуу байдаг, тэрийг дуулна. Миний дараагийн дуулах дуу нь Неапалын хөгжмийн зохиолчийн дууг байгаа. Хамгийн сүүлд нь нэг гэнэтийн бэлэгтэй. Бид Ж.Вердийн “Риголетта” дуурийн дөрвөл дуулна, харин төгсгөлд “Севилийн үсчин” дуурийн нэг ариг бэлтгэж байгаа. Үүнийг харин нууцалъя
-Танд манай театр ямар санагдаж байна?
-Хаалгаар орж ирэхэд театрын уур амьсгал мэдрэгдэж байна. Үнэр нь үнэртэж байна. Мэргэжлийн дуучид бид нарт бол дуурийн өмнөх бэлтгэл, энэ шуугиантай хөдөлгөөнтэй байдал бидэнд их эрч хүчийг өгч байдаг.
-Та Монголд арав хоног байна, бэлтгэлийнхээ хажуугаар юу үзэхээр төлөвлөж байна?
-Одоогийн байдлаар надад төлөвлөсөн зүйл байхгүй байна. Яагаад гэвэл би үнэнч найзуудтай учраас найз нартаа өөрийгөө даатгаад явж байна. Тиймээс найзууд маань надад юу үзүүлнэ түүнийг нь үзнэ.
-Та Монголд ирэхийнхээ өмнө Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Би маш олон жил дуулж байна. Италид болон гадаадад дуулж байдаг. Үнэнийг хэлэхэд би Роберто надад хэлэхээс өмнө Монголд ийм дуурийн театр байдаг тухай ямар ч төсөөлөлгүй явсан. Амьдралын ийм сайхан үнэнийг нээсэндээ би маш их жаргалтай байна.
-Тэгвэл Монголд дуурийн театр байдаг гэж сонсоод дуучдынх нь хэрхэн дуулдаг талаарх мэдээлэл эсвэл видео бичлэг үзсэн үү?
-Надад анх маэстро бичлэгүүд үзүүлсэн. Монголд хийсэн тоглолтынхоо бичлэгийг үзүүлсэн юм. Тэгээд би их сонирхож эхлээд интернэтээр хайж үзсэн. Гэв ч би юу ч олж чадаагүй. Нэг буруу зүйл нь танай видеонууд дан крилл үсгээр байсан. Тийм болохоор би юу ч мэдэж чадаагүй. Тийм учраас та бүхэн энийг анхаарах хэрэгтэй. Европын орнууд Монголын талаар мэдээлэл олж унших гэхээр дан крилл үсгээр байдаг учир мэдээлэл олж авах бас хэцүү юм билээ.
-Дуучин хүн бүрт өөрийн хайртай дүр гэж байдаг, таны хувьд ямар дуурийн дүр байдаг вэ, мөн хамгийн анх дуулж байсан дуурь тань ямар дуурь бол?
-Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурьд хамгийн анх дуулж байсан. Энэ дуурь бол миний хувьд анхны дүр, анхны дуурь минь. Энэ дүрээр би очсон газар бүртээ дуулдаг. Миний өнөөдрийн нэр төрийг олж өгсөн дуурь учир “Севилийн үсчин” дуурьд маш их дуртай.
-Та гадаадын олон оронд тоглолтоо хийж байсан, хамгийн их сэтгэгдэл үлдээсэн улс орон гэвэл?
-Швейцарь
-Яагаад?
-Швейцарьд би Ж.Вердийн “Травиата”, “Трубадур” хоёрыг дуулсан. Тэр үе бол миний амьдралын хамгийн их нэр хүнд олсон газар. Би тухайн үед сэтгэл хангалуун дуулсан үзэгчид ч намайг үнэлж чадсан газар юм.
-Баярлалаа, танд амжилт хүсье, Монголын үзэгчид таныг маш сайхнаар хүлээж авна гэдэг итгэлтэй байна?
-Би ч гэсэн тэд нартай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хамгийн гол нь би тэдэнд баяр хөөр жаргалыг үзүүлж чадах байх гэж найдаж байна.