Х.Цагаанбаатар ялж, С.Мияарагчаа ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар ялж, С.Мияарагчаа ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “World Masters” тэмцээн дөнгөж саяхан эхэллээ. Дэлхийн чансааны жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаанд оролцохоор дэлхийн 41 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 100 гаруй тамирчид Бакуд цуглажээ. Харин манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жүдоч Бакугийн “World Masters”-т зодоглох юм. Уг нь Монголоос 11 тамирчин Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор Бакуг зорьсон ч эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Бат-Эрдэнийн нэр 48 кг-ын жингийн бөхчүүдийн оноолтод байсангүй.

Тэмцээн Монголын цагаар өнөөдөр 14.00 цагаас эхэлсэн бөгөөд хуваарь ёсоор эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодрох юм. Харин Монголын тамирчдаас өнөөдөр Г.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /60 кг/, Ч.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/ болон Ц.Мөнхзаяа /63 кг/ нар Бакугийн дэвжээнд хүч үзэж байна.

Тэмцээний хамгийн эхний барилдаан эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар болон Японы Масаши Эбинума нарын хооронд болж, манай бөх өрсөлдөгчдөө оноо алдалгүй, вазари үнэлгээгээр ялсан байна. Тэрбээр дараагийн барилдаанаа ОХУ-ын жүдоч Камал Хан-Магомедовтой хийх юм. Сонирхуулахад, Х.Цагаанбаатарын эхний өрсөлдөгч Эбинума нь 2009 онд Сербийн Бельград хотноо болсон Универсиадаас аваргын алтан медаль хүртэж байсан юм.

Харамсалтай нь, өнгөрсөн жилийн “Masters”-аас аваргын алтан медаль хүртэж байсан ОУХМ С.Мияарагчаа энэ удаад эхний барилдаанаа Испанийн Сугой Уриартетай хийж, юүко үнэлгээгээр ялагдлаа. Тэмцээн шууд хасагдах журмаар үргэлжилж байгаа учир С.Мияарагчаагийн хувьд энэ удаагийн шилдгүүдийн халз тулаан ийнхүү өндөрлөлөө.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьсон Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Гуанжоуд болсон Азийн наадмын алтан медальт, Японы бөх Ёши Уэнод вазари үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

Манай бусад бөхчүүдийн тухайд эхний барилдаанаа хараахан хийгээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж