Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бадетыг маргааш буву ээн сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Сар бүр нэг удаа тоглодог тус балетын симцони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулна. Харин хар, цагаан хунд Б.Саруул, ханхүүд О.Ганцооц, Ротбартад н.Өлзий-Орших нар бүжих юм. “Хунт нуур” балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн их театрт тоглож байжээ. Тухайн үед Большой театрын балетмэйстрээр Германаас уригдан ажиллаж байсан Julius Reisinger гэгч анхны “Хунт нуур”-ыг дэглэж байжээ. Өнөөдрийн балетын урлагийн ноён оргил болсон энэхүү бүтээл анхны тоглолтоороо үзэгчдээс тааруухан үнэлгээ авч байсан нь тухайн тоглолтын бүжигчид болон балетмейстртэй холбоотой гэлцдэг. П.И.Чайковскийд өөрт нь ч таалагдаж байгаагүй аж. Зөвхөн үзэгчид төдийгүй хөгжмийн мэргэжилтнүүд болон удирдаач, бүжигчид “Хунт нуур”-ыг ээдрээтэй хүнд, бүжиглэхэд тохиромжгүй хэтэрхий хэцүү гэж шүүмжилж байсан гэдэг.
1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан тавих хүслээ П.И.Чайковскийд хэлж, хэдэн жил энэ ажилдаа шамдсан байна. Харамсалтай нь, П.И.Чайковский шинэ хувилбар болох өнөөдрийн балетын хаан болсон “Хунт нуур”-аа өөрөө үзэж чадалгүй 1893 онд таалал төгссөн билээ. Ингээд шинэ “Хунт нуур”-ын анхны тоглолт 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршиж эхэлсэн байна.Энэхүү гайхалтай балетыг манай улсад анх 1975 оны зургадугаар сарын 28-наас эхлэн өнөөдрийг хүртэл тоглож байгаа юм.
М.Дөл