Агаарын бохирдлын байдалтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын байдалтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 13, 14-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж, утаа агаарын бохирдлыг бууруулах асуудлаар иргэдтэй уулзан санал солилцож, мөн энэ чиглэлээр ажилладаг зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өчигдөр өглөө энэ үйл ажиллагаагаа хотын гэр хороололд үргэлжлүүлж, зарим айл өрхүүдийн утаа түлшний асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаатай газар дээр нь танилцсан юм.

Ерөнхийлөгч эхлээд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн М.Баттөрийнд очлоо. Энэ өрх айл, дулаан түлшний асуудлаа цахилгаанаар шийджээ. “Улаанбаатарт суурьшиж амьдраад 40 орчим жил, энэ хороонд ирээд 29 жил болж байна. Нийслэл хотоо сүүлийн хэдэн жилийнх шиг ийм байдалтай болчихно гэж төсөөлж ч байсангүй. Бид аль болох утаа нэмэрлэхгүй юмсан гэсэндээ байшингаа цахилгаанаар халааж байгаа. Цахилгааны үнэ өвлийн ид хүйтэн үеэр өндөр гардаг ч өөр арга байхгүй. Цахилгаан халаагуур хэрэглэх нь цэвэрхэн, бас хоногийн аль ч үед дулаанаа алдахгүй байх сайн талтай” гэж М.Баттөр гуай ярилаа.

Тэрээр мөн  агаарын бохирдлыг бууруулах арга зам боломжуудын талаар өөрийн саналаа хэлж байлаа. Энэ үеэр мэргэжлийн хүмүүс  агаарын бохирдлыг хэмждэг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар айлын доторх агаарын бохирдлын хэмжээг хэмжихэд зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 8 дахин их байна гэсэн үзүүлэлт гарлаа. Харин гадаа энэ үзүүлэлт 20 дахин их байсан юм.

Дараа нь Ерөнхийлөгч иргэн М.Баттөрийн хашаанд байрлуулсан агаарын бохирдлыг бууруулахад хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг дэлгэсэн бичил үзэсгэлэнтэй танилцлаа.  Коксжих нүүрс, шахмал түлш, түлшний хэмнэлттэй зуух, яндангийн шүүлтүүр, цахилгаан халаагуур, дулаалга, халдаг шал зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн хүмүүс танилцууллаа.

 “Өнөөдөр утааг бууруулахад үр дүнгээ бага боловч өгч байгаа 10 гаруй арга байгаа. Тэдгээрийг үргэлжлүүлэн туршиж, амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй. Зөвхөн гэрийн дулаалгын хувьд л гэхэд гэр хорооллын айл өрхүүд хэрвээ гэрээ стандартын дагуу дулаалж, бүрээс хэрэглэж, хаяагаа манаж, үүдний гонх хэрэглэдэг бол утаа 30 хувиар буурна гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд хийсэн байна. Тэгэхээр утаатай тэмцэхэд иргэдийн өөрсдийнх нь хариуцлага чухал гэдгийг харуулж байна” гэж Ерөнхийлөгч энэ үеэр хэлж байлаа.

Ерөнхийлөгч дараа нь Чингэлтэй дүүрэгт байх Зүрх уулын оройд гарч утааны байдлыг ажигласан. Мэргэжлийн хүмүүс болон иргэд энэ өдөр харьцангуй утаа багатай байна гэж хэлж байсан ч Улаанбаатар хот харагдахгүй, хар манан хөшиг татсан байлаа.

Дараа нь Ерөнхийлөгч , яндангаас нь хар утаа гарч байгаа 2 айл өрхийг сонгож орж, уг айл ямар түлш түлж, хэрхэн амьдарч байгаатай нь танилцсан юм. Эхний орсон айл Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн П.Лхагва гуйанх таарлаа. Зуухандаа нүүрс хийсэн ч, нүүрс олдох өдөр ховор, ихэнхдээ дугуйны хаймар түлдэг гэдгээ гэрийн эзэгтэй илэн далангүй хэллээ. Үнэхээр ч зуухнаас нь хаймар үнэртэж байсан юм. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, хүүхдүүд нь бичиг баримтгүй, ажил олддоггүй гээд ярих зовлон бэрхшээл цөөнгүй байлаа. Гэр нь бүрээсгүй, гаднаа түлшгүй байв. Ерөнхийлөгч уг айлд гэрийн бүрээс бэлэглэсэн.

Дараа нь орсон айлынх хаймар, хог түлж байсан юм. Өндөр настан  Ч.Баатарням гуай түлдэг түлш нь хог гэдгээ нуусангүй, хог дээрээс түүсэн “түлш” ээ үзүүлж байлаа. Энэ айл өвчний групп тогтоолгосны тэтгэлгийн хэдэн төгрөгөөрөө амьдардаг юм байна. Ер нь хамгийн хортой утаа гаргаж байгаа айлууд иймэрхүү нэн ядуу өрхүүд гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Иргэдтэй Ерөнхийлөгч уулзахад “Шилжилт хөдөлгөөн замбараагүй байсан нь гэр хорооллыг тэлж, тэр дотроо нэн ядуу өрхүүдийг олшруулсан. Иймээс шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад анхаарах хэрэгтэй” гэж ярьж байлаа.

Ерөнхийлөгч “Утаа гамшгийн түвшинд хүрсэн учир хууль гаргаж, агаарын бохирдлыг багасгах яаралтай арга хэмжээнүүдийг дэс дараатай авах болно. Иймээс иргэд хойшид өөрсдөө илүү хариуцлагатай байх хэрэгтэй” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж