Жуулчдын 60 хувь нь үүргэвчтэй аялагчид байдаг

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Жуулчдын 60 хувь нь үүргэвчтэй аялагчид байдаг

Бразильд Guitar Pee нэртэй гитаран хэлбэртэй, босоо суултуур бүтээжээ.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид өнөөдөр /2017.04.13/ МҮХАҮТ-д чуулж байна. “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган” нь хэн нэгний шахалт, төрийнхний хүсэл сонирхлоор бус аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж хүмүүсийн сэтгэлийн дуудлагаараа зохион байгуулж буй эвент гэдгээрээ онцлог байлаа. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалынхан тогоон доторх асуудлаа илэн далангүй ярилцаж байна. Нөгөөтэйгүүр аяллын улирал урин дулааны босгон дээр болж буйгаараа давуу талтай. Монголын аялал жуулчлалын холбоо /МАЖХ/-ны ерөнхийлөгч Д.Гантөмөрийн хэлсэнчлэн “Ормоо олсон ажил бодитой, цагаа олсон бүхэн хүчтэй” гэдгийг тэд харуулж байна.

ТУР КОМПАНИУД ДАВЖААРСААР БАЙНА

Аялал жуулчлалын салбарын ачааны тэнг татаж, жаргал зовлонг хамтад үүрч яваа хувийн хэвшлийнхэн энэ удаад тулгамдсан асуудлаа өөрсдөө тодорхойлж гарах гарцыг хамтдаа хайж байгаа юм. Дэлхийн бусад улс орнууд тэр дундаа хөршүүдтэйгээ харьцуулахад Монголын аялал жуулчлал зогсонги байдалтай байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Биднийг дороо дэвхцэж байх зуур зэргэлдээх хөршүүд маань аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, энэхүү эко бизнесээс их хэмжээний орлого олж байгаа юм.

МАЖХ-ны гишүүн “Номадик Женис” ХХК-ийн захирал Р.Энхтайван салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх зүйн орчин, шийдвэрлэх асуудлыг тодорхойлж илтгэл тавьсан. Тэрбээр хэлэхдээ “Тур оператор компаниудын үр ашиг жилээс жилд буурч, компаниуд маань давжаарсаар байна. Өнөөдөр манай улсад 500-1000 жулчин хүлээн авдаг компани 30-аас хэтрэхгүй, 500 жуулчин хүлээн авдаг нь 50-аас илүүгүй байна. Манай салбарын дийлэнх олонхыг улсад татвар ч төлдөггүй хувь аж ахуйн нэгжүүд байна. Монгол Улсад аялал жуулчлалын бизнесийг зөвшөөрөл лицензгүй хэн ч хийж болох учраас гадныхан асар ихээр түрэн орж ирж байна. Урин цагт олноороо ирдэг гадныхан хувиараа бизнес эрхлэгчид улсад маань татвар төлдөггүй төдийгүй энэ салбарт ажиллаж буй үндэсний компаниудын орон зайг улам бүр хумисаар байна. Тэд өрмийг нь авч, хусмыг нь бидэнд үлдээж буй нь шударга биш” гэлээ.

Аялал жуулчлалын бизнес нь дараа төлбөрт үйлчилгээ байдагтай холбоотойгоор залилан луйврын хэргүүд ч цөөнгүй гардаг аж. Онлайнаар захиалга авч, жуулчдыг хуурах, хохироох үзэгдэл тасрахгүй байгаа бөгөөд энэ мэт залилангийн хэрэгт гадныхан ч хэдийнээ холбогджээ. Үүнээс үүдэн хэн хохирч үлдэж байгаа вэ гэхээр Монгол Улс, Монголын аялал жуулчлал эрхлэгчид. Чухам тиймээс аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг лицензтэй болгох шаардлагатай байгааг хөндөн тавилаа. Албан ёсны зөвшөөрөл линценз тогтсон шаардлага байхгүйгээс хэн дуртай нь хэд гурван жуулчин авчирч, чанаргүй үйлчилснээс болж салбар бүхэлдээ уруудан доройтож байгаа гэж Р.Энхтайван онцолсон юм. Үүргэвчтэй жуулчид дураараа ирж, үнэгүй шахам аялчихаад нутагтаа очихдоо буруу ташаа мэдээлэл түгээх, түүх соёлын үнэт өвийг сүйтгэх зэрэг бусармаг үйлдэл нэмэгдсэнийг ч мөн дурдав. Хар тамхи, ДОХ гэх мэт хар тахал түгээдэг аялагч мэр сэр ирдэг байх юм. Энэ бүхэн аялал жуулчлалын салбарт эрх зүйн орчин хангалтгүй байгаагийн илрэл гэж илтгэгч мэдэгдсэн юм.

Чуулганд оролцогчдоос аялал жуулчлалн бизнесийг тусгай зөвшөөрөл, лицензтэй болгох нь зөв шийдэл биш гэж үзэх хүн мэр сэр байсан.


ЖУУЛЧДЫН 60,7 ХУВЬ НЬ МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ЗОРИН ИРДЭГ

“Дисковер Монголиа” ХХК-ийн захирал Б.Барсболд “Монголын гадаад сурталчилгаа, маркетинг, хэрэгжүүлэх ажлууд” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс анхаарал татсан тоон баримтуудыг түүвэрлэн хүргэе.

-Манай компани 2004 онд анх үүд хаалгаа нээсэн. Тэр үед Монголд 300-400 мянган жуулчин ирдэг байсан. Аль хэдийн 13 жил өнгөрсөн ч энэ тоо өссөнгүй, яг л хуучнаараа байна. Гэтэл хөршүүд маань жуулчдын тоогоо 3-4 дахин, бүр 10 дахин өсгөсөн нь ч бий.

Өнгөрсөн 2016 онд манай улс 404 мянган жуулчин хүлээн авсан. Энэ нь өмнөх оныхоос 4,4 хувиар өссөн гэсэн үг. Аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3-5 хувийг эзэлж, 312 сая ам.долларын орлого оруулжээ. Тус салбар 58 мянган ажилтан ажиллагсадтай. Өрсөлдөх чадварын судалгаагаар 140 орноос 99-т жагсаж байгаа бөгөөд улсын имиж төсөөллийн үнэлгээгээр 120, маркетингийн үнэ цэнтэй байдлаар 133, аялал жуулчлалыг чухалчилж буй байдлаар 106 дугаар байрт жагссан нь тун чамлалттай үзүүлэлт.

Жуулчдаас авсан судалгаагаар тэдний 60,7 хувь нь байгалийн үзэсгэлэнг үзэхээр, 41,2 хувь нь нүүдэлчний соёл, ахуйг сонирхохоор, 12,1 хувь нь адал явдалт аялал, морь унаж, дугуйгаар аялах зорилгоор ирдэг бол 11,3 хувь нь Монголын түүхийг сонирхож ирдэг байх юм. Үйлчлүүлэгчдийн 40 хувь нь л аяллын компаниар дамжиж ирдэг бол үлдсэн нь дийлэнх олонх нь бие даан аялагчид ажээ.

Аяллын компаниар дамжин багц аялалд хамрагдаж буй жуулчны нэг хоногийн зардал 190 ам.доллар байхад бие даан аялагчид 77 ам.доллар зарцуулдаг байна. Нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй жуулчдыг аяллын хамгийн оргил сарууд буюу 7-8 сард оруулж ирэх гэхэд онгоц, галт тэрэгний хүрэлцээ асар муу байна хэмээн өгүүллээ.

Сүүлийн 27 жилийн турш Монголын аялал жуулчлалын салбарын маркетингийг хувийн хэвшлийн компаниуд нуруун дээр үүрч ирснийгилтгэгч Б.Барсболд онцолж байлаа. Гадаад хэргийн яам гадаад сурталчилгааг хариуцаж, салбарын асуудлыг байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/хариуцдаг боловч нэгдсэн нэг бодлого, зорилгогүйгээс тарамдаж байгааг онцлон хэлж буй юм. Энэ жил БОАЖЯ-ны аялал жуулчлалын маркетингийн төсөвт 99 сая төгрөг хуваарилсан бол нэг тур компани маркетингдаа жилд 100 сая төгрөг зарцуулдаг ажээ.

Энэ мэт аялал жуулчлал тойрсон олон асуудлыг тал талаас нь хэлэлцэх “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган” үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж