Монгол кино үзмээргүй байна

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Монгол кино үзмээргүй байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Жилдээ хэдэн арваараа “үйлдвэрээс гарч буй” дэлгэцийн бүтээлээс та хамгийн сүүлд ямар киног хэрэг болгон зорьж үзсэн бэ? 

Ямар кино таны сэтгэлийг тэгтэл нь хөдөлгөж, ямар киноноос хамгийн сүүлд хачин гоё таашаал авснаа санаж байна уу?  

‘Титаник’, ‘Бие хамгаалагч’, ‘Хөхөөний үүрэн дээрх нислэг’, ‘Долоон самурай’, ‘Амьдрал нулимсанд дургүй’, ‘Загалмайлсан эцэг’, ‘Шиндлерийн бүртгэл’, ‘Шоушенкийн шоронгоос оргосон нь’ гээд  үзэх тусам тэс өөр мэдрэмж авдаг дэлхийн шилдгүүд.  Яг ийм гоё, тасархай, хэзээ ч уйдамгүй дэлгэцийн бүтээл Монголд хэр олон бол?

“Приусийн босс”, “Хоёр амь”, “Шилжилт”, “Сайн аав”, “Амьдралоги” зэрэг уран сайхны кинонууд өнөөдөр үзэгчдийг ид хуйлруулж байна. Гэвч эдгээр киног нэг удаа үзсэн хүн хоёр дахь удаагаа үзэхээр кино театр руу зүглэх болов уу. Хэдийгээр кино урлагт шинэ, шинэ уран бүтээлүүд ар араасаа төрөн гарч буй ч үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгах цоо “шинэ” кино тун цөөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

“Тусгай ажиллагаа”, “Шарталт”, ‘Сарны гөлөг, ‘Танхай тээгч’ зэрэг  инээдмийн бүтээлүүдийг харахад тэр чигтээ л гадаад киноны “хуулбарууд”. Будлиу, бүтэлгүй, уймраа дүрүүд. Инээд маазраа хоёроо ялгаж чадаагүй иймэрхүү киног цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулан байж үзсэн  хүмүүс сэтгэл дундуур үлдэх нь тодорхой.

“Ардын элч”, “Сэрэлт”, “Хүргэн хүү” зэрэг хуучны монгол кинонууд амьдралд ойр хийгдсэн учраас сайхан санагддаг. Харин сүүлийн үеийн кинонууд хөнгөн хийсвэр, чанаргүй бүтээгдсэн нь харагддаг. Тийм болохоор үзээд байдаггүй. Орчин цагийн кино  үг хэллэг нь хүртэл буруу  үлгэр дууриал үзүүлэхээр байх юм’ гэж иргэн Н.Төгсжаргал шүүмжлэв.

Харин Б.Буянхишиг охин  адал явдалтай кино үзэх дуртай гэнэ.  “Хоёр амь” уран сайхны киног үзэх гээд тасалбараа авчихаад хүлээж суух охин  ‘Би хамгийн сүүлд “Галзуу зугаалга” уран сайхны киног үзсэн. Дэндүү их зодоон, хүчирхийлэлтэй байсан болохоор надад таалагдаагүй’ гэлээ.

Бүх урлаг дотроос кино урлаг хамгийн агуу гэдэг. Гэвч, Монголд борооны дараах мөөг шиг төрсөөр байгаа энэ олон дэлгэцийн бүтээлийг харахад агуу гэж  магтах нь байг гэхнээ арай дээр гээд үнэлгээ өгчих бүтээл даанч алга.

‘Атганд үлдсэн эрдэнэ’, ‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’, ‘Үргээлэг’, ‘Тагнуулч аав’, ‘Ар хударга’…. Алаан хядаан, цус нөж, хэрүүл зодоон болсон кинонууд. Нэгэн хэвд цутгаад гаргачихсан юм шиг  ав адилхан өгүүлэмжтэй дэлгэцийн бүтээлүүд.  Жүжиглэлт муутай, харилцан яриа нь сонирхол татахгүй, орилсон чарласан, хашгирсан, хэрэлдсэн гуугчсан ‘муухай’ дүрүүд. 

Нэг үеэ бодоход киноны уран бүтээлчид цаг үеэ мэдэрсэн кино хийхийг хичээх болсон. Гэвч хүний сэтгэлийг хөдөлгөж, амьдралынх нь гүн рүү нэвтэрч, хорвоогийн хар, цагааныг  бодитоор харуулж, уран сайхнаар, үзэгчдийг өмнөө ‘уясан’ бүтээл хэр олон төрсөн бэ гэвэл сонирхолтой тоо гарч магадгүй.

Киног амьд, бодитой болгоход жүжигчдийн ур чадвар чухал үүрэгтэй. ‘Хоёр амь’ киноны гол дүрд тоглосон жүжигчин С.Болд-Эрдэнэ ‘Өглөөний сонинд’ өгсөн ярилцлагадаа “Хүүгийнхээ төлөө тэмцэж байгаа аав гэдгээрээ миний өмнө нь тоглож байсан кинонуудаас онцлогтой. Ер нь манай кинонд хэт гоёчлол байхгүй, энгийн бодит амьдралд ойрхон болсон байх” гэж. 

Тэгвэл зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа “Киноны гол дүр С.Болд-Эрдэнэ. Түүний бүтээсэн ‘аав’-ын дүр бол тасарчихсан. Юун Холливуд гэдэг шиг. Дэндүү амьд. Ийм жүжигчин манайхаас бусад оронд маш үнэтэй. Түүнд өндөр үнэ төлөх ёстой гэж гадны ямар ч найруулагч олж харна даа. Жүжигчний хувьд Болд-Эрдэнэ авъяас ур чадвараараа ид онцгой цаг дээрээ иржээ. Үүнийг энэ киноноос та харах болно” хэмээн нүүр номын хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байв.

“Энэ хүүхнүүд үү” /1963/, “Суварган цэнхэр уулс”/1978/, “Сэрэлт”/1957/ зэрэг хуучны монгол кинонууд үзэгчдийг уйдаахгүй хэвээрээ. Үг хэл, утга санаа, дүрийн жүжиглэлт, нүүр хувиралт гайхалтай. Яагаад эдгээр кинонууд үзэгчдийг өмнөө барьсаар байгаа шалтгаан нь амьдралын мөн чанарыг  дэлгэцийн урлагт гаргаж тавьж чадсаных юм.

 

Г.Золжаргал

Г.Золжаргал

  • “Сүүлийн үеийн монгол кинонуудад бидний хайж, бодож, эргэлзэж, жигшиж байгаа бүхэн алга. Өөрөөр хэлбэл, тэр кино бидэнтэй хамт үнэний тухай ярилцахгүй байна гэсэн үг. Зөвхөн үзэгчдийг нэг удаа инээлгэх, цагийг нь ая тухтай өнгөрүүлэх, адал явдлаар түр зуурхан аялуулах хэмжээнд л байгаа учраас сэтгэлийн гүнд нь хүрч очихгүй байгаа юм” гэж Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Золжаргал ярилаа.

Тэрбээр “Үзэгчид инээхийг их хүсч байна. Манайд ерээд оноос хойш хошин урлаг хөгжиж, одоо бүр мюзикл болтлоо хөгжсөн. Тэр хэрээрээ нийт үзэгчдийн тал хувийг байнгын өөртөө татжээ. Энэ нь цаашаа явсаар үзэгчдийн оюун санаа, ухамсар, гоо сайхны хэмжүүрт нөлөөлөөд эхэлчихэж. Тиймээс кино урлаг дан ариун сайхан ёс журам, үзэл санааны тухай бүтээл хийхээр үзэгчид хошин урлагийг нэхээд байдаг юм болов уу’ гэв.

Сүүлийн  таван жил хошин урлагийнхны тоглосон кино илүү амжилт үзүүлж, бусад төрлийн уран сайхны кино үзэгчгүй шахам болжээ. Энэ нь ‘сонгодог’ гэхээсээ ‘гудамжны’ урлагийг таашаагчдыг Монголын хошин шогийнхон өнгөрсөн 25 жил бэлтгээд ‘өгчихсөн’ гэсэн үг. Тиймээс сайн бүтээл төрүүлэхээс илүү  дэлгэцийн бүтээл мөнгө олох хэрэгсэл болсны тод жишээ энэ юм.  Уран сайхны кино бол гайхалтай түүх өгүүлэгч. Тэр талаас нь харвал монголчуудын туулж өнгөрүүлсэн амьдрал өчигдөр болон ирээдүйд ямар байсныг өгүүлэх түүхэн сэдэвтэй кино хийх шаардлагатай байгааг Г.Золжаргал найруулагч хэлж байна.

Монголын киноны зах зээлд жилд дунджаар 50 гаруй кино ‘үйлдвэр’-ээс нийлүүлэгддэг ч 30 гаруй нь үзэгчдийн хүртээл болдог аж. Эндээс уран бүтээлчид маань чанартай кино үйлдвэрлэх шаардлагатай байгааг  харж болно.

Нийслэл Улаанбаатарт “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Соёмбо”, “Хүннү”, “Өргөө” гэсэн таван кино театр үйл ажиллагаагаа явуулж буй. Эдгээрийн нэг “Тэнгис” кино театрт өнгөрсөн 2016 онд нийт 56 кино үзэгчдийн хүртээл болжээ. Өөрөөр хэлбэл, сар бүр 3-4 кино шинээр нээлтээ хийдэг байна. Монголын кино театруудад жилд хоёр сая орчим тасалбар борлуулдаг аж.

 

Д.Цэнгэл

Д.Цэнгэл

‘ТЭНГИС’ КИНО ТЕАТРЫН МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Д.ЦЭНГЭЛ

  • “Ер нь кино театрт бүх киног гаргах албагүй. Учир нь уран бүтээлчид өөрийн өнцгөөр харсан уран бүтээлийг л хийдэг. Харин бид үйлчилгээний байгууллага учраас үзэгчдийн хүсэлд нийцүүлж үзвэрээ сонгодог. Өнгөрсөн жил нийт 56 кино бүтээгдсэнээс дөрвөн кино нь шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан. Театрт хүчирхийлэл, аллага харуулсан болон насанд хүрэгчдэд зориулсан киног насны ангилалтай гаргадаг. Мөн киноны уран бүтээлчидтэй аль болох ойлголцож, тодорхой зураг авалтын хэсгийг хасуулна, бүр болохгүй бол буцаадаг” гэв.

Кино театрт киногоо гаргахын тулд ‘алаан’ болдог тухай зарим уран бүтээлч гомдоллож сууна. Кино театрын эзэнд таалагдсан эсвэл, менежерийг нь хахуульдахгүй бол оргил цагуудад киног нь гаргадаггүй, үзвэрийн жагсаалтад нэрийг нь оруулдаггүй ‘янаглан’ хорлох нь ч бий гэдгийг кино найруулагчид хэллээ.

Кино театруудын хувьд төрөөс ямар нэгэн зохицуулалтгүй өөрсдийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч, бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн 26 жилд Монголын кино урлагийн салбар өөрийн гэсэн хууль, дүрэмтэй болж чадаагүй л явна. Кино урлаг хуульгүй мөртлөө аясаараа нэг юм яваад л байгаа бололтой. Тиймээс киноны үйлдвэрлэл, кино театруудын үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй болж байна.

Хэрэвзээ Монголын кино урлаг сайн бүтээл хийе гэвэл төрийн дэмжлэг тэдэнд хэрэгтэй байна. Кино ашиг олох хэрэгсэл үү, аль эсвэл урлагийн бүтээл үү. Аль, алиныг нь зөв хослуулж байж л үзэгчдийн таашаалыг хүлээхийн зэрэгцээ бизнес хийж болно. Гэхдээ үзэгчид эмоцигүй байна гэдэг тэр бүтээл худалдан авагчдын сэтгэлд хүрээгүй гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж