О.Энхтуул: Мэргэжлээ орхисон нь хамгийн том өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

О.Энхтуул: Мэргэжлээ орхисон нь хамгийн том өөрчлөлт

“Таван цагаригийн бат холбоо” уриан дор зохиогдож буй олимпийн бамбар эх орон даяар аялж буй билээ.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуултай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд сар болж байгаа бөгөөд “Шинэ үе” продакшны шоу тоглолтод урилгаар оролцож байгаа ажээ. Ийн түүнтэй тоглолтын үеэр уулзаж, ярилцсанаа хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэзээ эх орондоо ирэв?

“Ньюс” агентлагийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эх орондоо ирсэн. Яг битүүний өмнөх өдөр юм байна. Цагаан сарын баяраа Монголдоо тэмдэглэн өнгөрүүллээ.

-Ойрхон эх орондоо ирэх болсон шалтгаан уран бүтээл үү, хувийн шалтгаан байв уу. Энэ удаа ганцаараа ирсэн үү?

-Би Монголд түр ирсэн. Энэ удаа уран бүтээлийн ажлаар ганцаараа ирлээ. Сарын дараа Герман руу буцна. Монголдоо ирээд удаагүй ч надад хоёр, гурван уран бүтээлд хамтран ажиллах санал ирсэн. Нэг нь телевизийн шоу нэвтрүүлэг, нөгөө нь нэг киноны санал хүлээн авсан. Ирэх есдүгээр сараас зураг авалт нь эхлэх байх. Тэгэхээр ирэх намраас дахиад л эх орондоо ирэх нь дээ./инээв/

-Та хамгийн сүүлд жүжигчин Г.Ундармаагийн урилгаар “Амьдралоги” уран сайхны кино тоглосон. Харин киноныхоо нээлтэд  оролцож чадаагүй шүү дээ?

Би өнгөрсөн жил эх орондоо аравдугаар сард ирж, “Амьдралоги” уран сайхны кинонд тоглосон. Одоо “Шинэ үе” продакшны уран бүтээлчдийн “Найзууд” төсөлтэй хамтран хошин урлагийн шоу тоглолтод оролцож байна. Ер нь Германд найман жил амьдарсны дараагаар эх орондоо ирж, уран бүтээлдээ орж байна. Сүүлд тоглосон “Амьдралоги” уран сайхны киноныхоо нээлтэд оролцож чадаагүй. Одоо ч би киногоо үзэж амжаагүй л явна. /инээв/ Жүжигчин Г.Ундармаа маань “Амьдралоги” киногоо тавдугаар сард Берлинд гаргана гэж байсан. Тэр үеэр л Германд киногоо үзэх бодолтой байна даа.

-Одоо “Шинэ үе” продакшны уран бүтээлчидтэй “Гүргэр хань” шоу тоглолтод урилгаар оролцож байна. Та хошин урлагийн тайзнаа тоглох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж би энэхүү урилгыг дуртай хүлээж авсан. Би чинь урлагийн хүн. Миний хувьд дахин тайзнаа гарч, уран бүтээлээ хийнэ гэдэг сайхан байна. “Шинэ үе” продакшны уран бүтээлчид маань Европын орноор аялан тоглолт хийх үеэр манай гэрээр зочилсон юм. Тэгээд л хоорондоо ярилцаад шоу тоглолт хийе гээд ирсэн дээ.

 

"Шинэ үе" продакшны "Гүргэр хань" шоу тоглолт эхлэхийн өмнө

‘Шинэ үе’ продакшны ‘Гүргэр хань’ шоу тоглолт эхлэхийн өмнө

-Таныг үзэгчид тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь мэднэ. Харин хошин урлагийн тайзнаа хэдэн жилийн дараа гарч байна вэ?

-Би Германд найман жил амьдарсан. Эх орноосоо яван явтлаа тайзнаа уран бүтээлээ хийсээр байсан. “Шинэ үе” продакшныг анх Б.Батзаяа  ах, Л.Чаминчулуун, Б.Туяа эгч нартайгаа хамтдаа байгуулж байлаа. Гэтэл одоо Аглуу, Бооёо /Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга, Н.Ариунболд/ хоёр маань л үлдээд, бусад нь залуу уран бүтээлчид болжээ. Сүүлийн үеийн залуу уран бүтээлчид дуулдаг, бүжиглэдэг тал талын авьяастай болсон байна. Миний хошин урлагт тоглож байсан үеийг бодвол дэлхийн стандартад нийцсэн тайз, гэрэлтэй болсон байна. Энэ удаагийн шоу маань амьд хөгжимтэй байгаа нь таалагдсан. Жүжигчдийн ур чадварын хувьд бүгд мэргэжлийн жүжигчид учраас би ийм, тийм гэж ялгах эрхгүй. Хамгийн гол нь хошин урлагийн төрлийг хүмүүс их сонирхдог болсон байна. Энэ салбарт залуус ч их ажилладаг болж. Үзэгчдийг зөвхөн инээлгэхээс нийгэмд болж буй асуудлыг хөндөн тавьж байна. Энэ мэт хошин урлаг их өөрчлөгдсөн юм шиг санагдлаа.

-Энэ удаагийн хошин урлагийн тоглолтод ямар дүр бүтээж байна?

-Би ерөөсөө эхлэл, төгсгөл гэсэн хоёр номерт л оролцож байгаа. Тоглолтын эхний хэсэгт Аглуу, Бооёотойгоо нэг номерт орж байгаа. Мөн төгсгөлд нь хөтлөлт хийж байна. Манай Бооёо “Туул эгчээ таныг жижиг номеруудад орж, гарч гүйлгээд яахав.Таныг чанартай хоёр номерт л оруулна ” гэж хэлсэн./инээв/

-Жүжигчин О.Энхтуулыг тайзнаа эргэн гарахад үзэгчид хэр хүлээн авч байна вэ?

-Манай хошин урлагийнхан өөрийн гэсэн үзэгчтэй болсон байна. Үзэгчид үргэлж дүүрэн байна. Зарим үзэгч намайг гараад ирэхээр танихгүй байх шиг байна лээ. Тоглолтын төгсгөлд “Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул” гээд зарлахад үзэгчид алга ташиж, их сайхан хүлээж авч байна. Зарим намайг мэдэхгүй хүмүүс нь мэдэж авч байх шиг байна лээ. Надад их сайхан санагдсан.

-Та гавьяат жүжигчин Г.Золбоот, И.Одончимэг, У.Батбаатар нартай нэг ангийн найзууд. Тэднийг Монголын дэлгэцийн урлагт цаг үеэ эзэлсэн уран бүтээлчид гэж ард түмэн үнэлдэг. Харин хошин урлагт “ахадсан” жүжигчид гэх нь ч бий?

-Жүжигчин Г.Золбоот И.Одончимэг, Ё.Алтангэрэл У.Батбаатар, Б.Цоодол бид нар нэг ангийнхан. Манай ангийнхан өдийг хүртэл урлагтаа үнэнч ажиллаж, их ч амжилттай явцгааж байна. Жишээ нь, Г.Золбоот, У.Батбаатар нар нь дэлгэцийн урлагт Монголдоо цаг үеэ эзэлсэн жүжигчид болсон. Яахав хүмүүс дандаа кинонд тоглодог гэдэг талаас нь хараад байгаа болохоос жүжигчин хүн бүхий л төрөлд хүч сорих ур чадвартай байх хэрэгтэй. Хэтэрхий нэг төрөлдөө дагначихаар тухайн жүжигчинг тэр төрлөөр нь харах тал бий. Тэд чинь маш их авьяастай хүмүүс шүү дээ.

Инээд гэдэг агуу их логикийн урлаг байдаг. Зөв логик гаргавал гараа хөдөлгөхөд л хүн инээдэг. Манай хошин урлагийн жүжигчид тэр логикийг маш сайн олдог. Тэднийг хүмүүс үзэж, инээж байна. Бүгд л ялгаагүй жүжигчин учраас хошин урлагийг хоёрдугаарт тавих нь зохимжгүй.

-Таныг Германд хүүхдийн жүжиг, нэг хүний моно драм жүжгээ тавьсан гэж сонссон юм байна?

-Би Германд 2016 онд хүүхдийн жүжиг найруулж, өөрөө тоглосон. Мөн 2015 онд өөрийн моно жүжгээ герман, монгол хэл дээр тоглосон. Германы хотуудаар явж тоглолоо. Хамгийн гол нь тэнд амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэлийг нь сэргээж, сургахын тулд эдгээр жүжгүүдээ тавьсан юм.

-Таны анхны дэлгэцийн уран бүтээл “Бүлээн нурам” кино мөн үү. Энэ кинонд тоглох болсон түүх нь их сонирхолтой юм билээ. Тэр түүхээ яриач?

-Би оюутан байхдаа анхны “Хэцүү даалгавар” кинонд тоглож байлаа. Харин Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Бүлээн нурам” хоёр дахь кино. Энэ киног Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд эгчид зориулж бичсэн юм билээ. Тухайн үед Н.Сувдаа эгч тоглохоосоо татгалзаж, намайг Н.Сувдаа эгчийн оронд тоглуулж байсан түүхтэй.

-Та дэлгэцийн уран бүтээлд монгол сайхан хатны дүрд тоглох хүсэлтэй байгаагаа “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлж байсан. Энэ хүслээ хэзээ биелүүлэх вэ?

-Энэ хүсэл маань биелэх боломжтой байлгүй яахав. Жүжигчин хүн хамгийн сайхан нь үхэн үхтлээ мэргэжлээрээ ажилладаг. Хэдэн настайдаа ч уран бүтээлд тоглож болно. Харин балетчин хүнд цаг заадаг. Бид хэд ч хүрсэн мэргэжлээрээ ажиллана. Мэдээж цаашдаа сайхан хатдын дүрд тоглох боломж олдоно гэж найдаж байна.

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийг сайхан эмэгтэйн дүрд тоглох амархан байдаг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Жүжигчин хүнд өөрийн гаднаас харагдах төрх /дипаж/ гэж бий. Гэтэл миний дотоод араншин яг ямар вэ гэдгийг тухайн дүрээр илэрхийлж гаргадаг. Мэдээж ямар нэг дүрийг жүжигчний ерөнхий байдалд нь тохируулж өгнө. Гэхдээ дүрдээ өөр өөр араншинг ургуулан бодож гаргах нь жүжигчнээс ур чадвар шаарддаг.

-Таны хань Клаус тантай анх танилцахдаа жүжигчин гэж мэдээгүй гэсэн үү. Та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?

-Тийм. Хань маань намайг жүжигчин гэж мэдээгүй. Ер нь намайг хараад шууд л дурласан юм шиг байна лээ. Тэгээд дараа нь танилцаад, жүжигчин мэргэжилтэй гэхэд бүр намайг ойлгож, мэдэрсэн л дээ.

-Хүүхдүүд нь одоо хэр том болсон бэ. Танай том охин Mrs.M хэмээх нууцлаг нэртэйгээр уран бүтээл хийж байна. Таны охин гэдгийг саяхнаас л мэдсэн. Том охин нь Монголд амьдардаг уу?

Манайх хоёр охин, нэг хүүтэй айл. Хүүхдүүд маань одоо том болсон. Том охин маань 24 настай, дунд охин 19, хүү маань 18 настай. Том охин сонирхлоо дагаад уран бүтээл хийж байгаа. Германы ерөнхий боловсрол 13 жилээр төгсдөг учраас дүү нар нь тэндээ сурдаг. Харин манай том охин Монголд байгаа.

-Танай гэр бүлийн эрхэлдэг рестораны бизнес нь дампуурсан гэж ярьцгаах юм. Монголд бизнесээ эрхэлж байгаа юу?

-Манай гэр бүл Монголд бизнес эрхлэхээ больсон. Одоо монголчууд хариуцаад ажиллуулж байгаа.

-Таныг жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Л.Өлзийхүү, И.Одончимэг нартай урлагийн нэг гэр бүл төдийгүй сайхан найзууд гэдэг юм билээ.  Монголд ирээд найзуудтайгаа хамгийн түрүүнд уулзсан уу?

-Завгүй л байна. Уулзаж амжаагүй л явж байна. Сая Нандиагийн ток шоугаар Өлзийхүү, Урнаа бид гурав орсон. Бусадтай нь уулзаагүй тоглолтоо дуусгаад тухтай уулзана даа.

-Таныг Булган аймгийн Могод сумынх гэж дуулсан. Нутагтаа  очсон уу?

-Би Монголд ирэх болгондоо аавынхаа нутгаар очдог. Хамгийн сүүлд өнгөрсөн зун гэр бүлээрээ нутагтаа очсон.

-Саяхан таныг “Ангар” брэндийн гадуур хувцасны рекламаас харлаа. Рекламд тоглох санал хэр ирж байна. Зарим нь таныг илүү овортой харагдуулж байна гэх юм?

-Саяхан шүү дээ. Ер нь надад рекламны санал ирж байгаа. Намайг ирсэн гэдэг утгаараа ч юм уу зарим мэдсэн хүмүүс нь хамтран ажиллах саналаа хэлж байна. Монголдоо байвал уран бүтээлийн болоод ажлын  санал ихтэй байх бололтой.

Насандаа бол би одоо овортойд тооцогдохгүй. Хүмүүс намайг залуугаар минь төсөөлөөд овортой гэж байгаа болов уу. 50 нас хүрчихээд залуу харагдах гээд хичээж, мэрийдэг хүмүүс байдаг. Би тийм хүн биш, байгаагаараа л байх дуртай. Гэхдээ овортой байна гэж хэлсэнд эмзэглэхгүй.

-Та 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх үү?

-Би 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхгүй ээ. Би ер нь төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Гэр бүлд маань тийм уламжлал байгаагүй. Тэгээд ч 50 гэдэг тоо тийм сүртэй тоо биш шүү дээ. Төрсөн өдрөө энгийн л өнгөрүүлнэ.

-Таны амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт юу вэ. Магадгүй Германд амьдрах болсон шийдвэр үү. Эсвэл өөр зүйлийг хэлэх үү?

-Мэдээж Герман руу явж, жүжигчин мэргэжлээ орхисон маань миний амьдралын хамгийн том өөрчлөлт байсан. Гэхдээ амьдралынхаа төлөө л энэ өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Надаас олон хүн энэ асуултыг асуудаг. Энэ л миний амьдрал. Жүжигчин хүн хаана ч явсан мэргэжилдээ үнэнч байж, уран бүтээлээ хийж л явах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж