Б.Цэцэг: Зэд өгчихөөд буян хийлээ гэж бодож болохгүй!

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Б.Цэцэг: Зэд өгчихөөд буян хийлээ гэж бодож болохгүй!

Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Иргэн миний нууцыг энэ хуулийн хүрээнд зохицуулах, хамгаалах учиртай.

Эрүүл амьдралын хэв маягийг олон хүмүүст сурталчилж, цахим ертөнцөд хамгийн олон дагагчтай гэгддэг Цэцэг Бямбаа буюу Б.Цэцэгтэй ярилцлаа.

Түүнийг өмнө нь “Хадаг”, ‘Хөөрхөн шулам’ кино, “Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь үзэгчид илүү мэдэх биз. Тэрбээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хооллолтын үр дүнд нэг жилийн дотор 58 кг болтлоо жин хаяж чадсан бүсгүй билээ. Жүжигчин бүсгүй 7 жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд тун удахгүй өөрийн нэрийн контентуудаа цацах гээд тун чиг завгүй яваа ажээ. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлд таны хүмүүст сэтгэлийн дэм өгч буй “Ирээдүйн эзэд” бичлэгийг цахим ертөнцөөс харлаа. Ер нь хэзээнээс нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулах болсон бэ?

Би АНУ-д их сургуульд суралцаж, эх орондоо 2010 онд ирсэн. Их сургуулиа төгсөөд эх орондоо ирж, ажиллаад анхны цалингаа бусдын төлөө үйлст зориулахаар шийдэж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд тусалж байсан юм. Намайг 2011 онд тус төвд анх очиход багш нь “Манай хүүхдүүдэд туслах хүсэлтэй маш олон хүн ханддаг. Зарим нь бүр нас барсан хүний зэд хүртэл өгдөг. Яг үнэндээ манай хүүхдүүд нохой биш шүү дээ” гэж хэлж байсан юм. Ер нь өнчин өрөөсөн хүүхдүүд хэдий ч эх орныхоо элгэн дээр амьдарч буй хүүхдүүд. Нийгэм өөрөө энэ хүүхдүүдийн ирээдүйг хэцүү нүдээр харж, хэцүү болгох ёсгүй гэж боддог. Гэтэл буян хийх нэрээр хүүхдүүдийн сэтгэлийн галыг нь унтрааж, өөрсдийн сэтгэлийг тайвшруулах нь буян биш. Тэр жил “Өнөр бүл” төвд 17 настай хоёр ихэр охин байсан.  Багш нь “Энэ хоёр охин маань энэ жил оюутан болно. Тэд маань бие даалт бичиж, сурмаар байна. Хүүхдүүдэд маань гадны маш олон байгууллага тусалдаг ч эргээд тэдэнтэй холбоо барих, компьютер, интернет, чихэвч, гэх мэт хэрэгсэл нь байхгүй байна” гэж байсан. Тэр үед би хүүхдүүдэд гурван компьютер авч өгсөн юм. Гэвч өнөөдөр миний өгсөн гурван компьютер гацаж, муудсан байна лээ. Бүхэл бүтэн 100 гаруй хүүхдүүдэд гуравхан компьютертэй гэхээр гутармаар санагддаг шүү.

Мөн би энэ жил хорт хавдартай тэмцэх аянд нэгдэж, “Элэг бүтэн Монгол” төслийн олон нийттэй харилцах ажил болон хавдар гэдэг аймшигт өвчнөөс урьдчлан сэргийлэх, олонд сурталчилж таниулах ажилд оролцож, дүр төрхөөр ажиллах саналыг баяртайгаар хүлээн авсан. Манай улс жил бүр 500 хүнийг хорт хавдраар алдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Тиймээс хорт хавдраар шаналж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр Хавдар судлалын үндэсний төвд хувийнхаа зүгээс 2 сая 500 мянган төгрөгөөр зураач Хонгорзулын “Бор шувууд” уран бүтээлийг худалдан авч, тасагт байршуулсан. Хүмүүс маш их баярласан.

 

-Өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүүхдийн “Өнөр бүл” асрах төвтэй нягт холбоотой ажиллаад долоон жил болж байна. Би 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд анх ээж гэдэг эрхэм алдрыг хүртэж байжээ. Хүүхдийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж ойр дотныхоо хүмүүстээ тэмдэглэхийг хүссэнгүй” хэмээн нийтэлсэн байсан. Гурван жилийн өмнө анх ээж болж байсан тэр мөчөөсөө хуваалцаач?

-Би охиныхоо нэг насны төрсөн өдрийг маш сайхан тэмдэглэсэн. Харин хоёр насных нь төрсөн өдрийг гэр бүлийнхэн дундаа жижигхэн баярын бялуу үлээлгээд л, халуун ам бүлээрээ тэмдэглэсэн. Бид бүгд л амьдрахын төлөө тэмцэж байгаа ч хүнд хэрэгтэй үед нь туслах шиг сайхан зүйл байхгүй. Тиймээс ч охиныхоо гурван насны төрсөн өдрөөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд ном бэлэглэж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн байгаа. Одоогоос гурван жилийн өмнө охиноо төрүүлэхэд их хүндрэлтэй төрсөн. Би охиноо төрүүлэх үедээ сэхээн амьдруулах тасагт 19 хонож, охинтойгоо долоо хоногийн дараа уулзаж байлаа.

Мөн би хүн баярлуулах тэр агшинг хальсанд, хүүхдэдээ буулгаж үлдээе гэж бодсон юм. Нийгэмд мөнгөтэй, мөнгөгүйн  ялгаа асар их болсон цагт бид заавал бие биедээ баярхах ёстой гэж үү. Би энэ тал дээр их цензуртэй ханддаг. Сошиал ертөнцөд  бүгд л бие биедээ гангарч, томорсон дүр зураг харагддаг. Энэ нь миний хувь хүний мөн чанартай нийцдэггүй ээ. Сайн яваагаа үйлдлээрээ бус зургаар харуулах шиг тэнэг зүйл байхгүй. Ер нь би 100 гаруй хүүхэдтэй хүн гэж ойлгож болно шүү. Одоо тус төвийн 22 хүүхэд ирэх жил улсын их, дээд сургууль, коллежид суралцах гэж байна. 2011 онд их сургуульд орж байсан хоёр ихэр охид маань одоо MIU сургуульд амжилттай суралцаж байгаа. Энэ хүүхдүүд маань л бидний ирээдүй шүү дээ.

-Гэр бүлдээ бүл нэмэх төлөвлөгөө бий юу?

– Бурхан өгвөл авна шүү дээ. Хүүхэд бол хайр.

-Тантай уулзахад тун удахгүй өөрийн контентоо цацах гээд завгүй ажиллаж байна гэсэн.  Энэ ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

Би хувийнхаа контентуудыг хийж байгаа. Одоогийн байдлаар сошиал ертөнцөд тулгуурласан найман төрлийн контентыг бэлэн болгочихсон байна. Чанар, хийц гэдэг зүйлд би амиа тавьдаг юм. Агуулга сайтай хүртээмжтэйгээр хүргэнэ гэж зорьж ажиллаж байна. Би ямар нэг телевиз гуйгаад, үзэгчдийг залхтал нь реклам явуулахгүйгээр өөрийн гараар бэлтгэсэн, контентуудыг хэрэгтэй хүмүүстээ зориулан зөв цагт нь хүргэхээр хийж байгаа. Хэрэв эдгээр контент бусад телевизүүдэд таалагдвал хамтран ажиллах боломжтой. Би хэнийг ч гуйж, ажиллахыг хүсдэггүй. Бидэнд зах зээл, сэтгэлгээ, боломж нь байна. Бид яагаад гадаад хүмүүсийн бодож олж байгааг бодож чадахгүй гэж. Би энэ бүхнийг хийхдээ ганц төгрөгийн ч хөрөнгө оруулалт аваагүй. Зөвхөн бор зүрхээрээ багаа бүрдүүлээд ажиллаж байна. Эхний удаа бүх контентуудаа зоригтойгоор цацах төлөвлөгөөтэй байгаа. Эдгээрийн нэг нь эрүүл, зөв хооллолтын хоолны шоу байх болно. Заавал баян хүн эрүүл хүнс хэрэглэдэггүй гэдгийг харуулахыг  зорьж ажиллаж байна. Манай улс ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хоол маш чухал. Тиймээс эдгээр хүмүүст туслахын тулд эрүүл, зөв хооллолтыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх бодолтой байгаа. Тун удахгүй хамгийн том контентоо цацна. Энэ контент маань бүх хүүхнийг хуйлруулна гэдэгт би итгэлтэй байна.

-Хамгийн сүүлд “25 дугаар суваг” телевизийн “21 000” реалити шоунд оролцсон. Энэ шоуны ихэнх оролцогч тодорхой хэмжээний жин хассан байдаг. Нууц биш бол та хэдэн кг жин хассан бол?

-Би жин хасаагүй ээ. Анх нэвтрүүлэг эхлэхэд 63 кг байсан байх. Нэвтрүүлгийн дундуур их хоол идэж байсан. Хүмүүс намайг хог түүгээд идчихдэг юм байна гэж шүүмжилж  байсан. Яг үнэндээ тэр ногоо хог биш шүү дээ. Зөвхөн хэллэг нь хог гэж байгаа болохоос агуулахад хайрагдсан, цохигдсон хүнсний ногоо байсан юм. Үүгээр хооллодог олон хүн байдаг шүү дээ. Яагаад бид ийм цамаан байгаад байгааг би ойлгодоггүй. Би шоуны үеэр хангалттай хоол идэж байсан учраас жин хасаагүй. Энэхүү шоугаар заавал би баян хүн эрүүл хооллодоггүй юм гэдгийг л харуулахыг хичээсэн. Хүмүүст ч энэ маань их хүрсэн байна лээ. Би шоу нэвтрүүлгийн ялагч болсон гурван сая төгрөгөөрөө ахмадуудыг баярлуулсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны ахмадууд манай тойргийн гишүүнээс илүү бэлэг өглөө гэж баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан шүү.

-Та ахмадуудад юу бэлэглэснийг сонирхож болох уу?

-Би гурил, гоймон, будаа, хүнсний ногоо, сүү гэх мэт хүнсний бүтээгдэхүүн бэлэглэсэн. Ахмадуудаа аль болох цагаан сарын баярынх нь өмнө баярлуулахыг хичээсэн. Тухайн үед яг тойргийн гишүүнтэй уулзсаны дараагаар би орж, уулзсан. Ахмадууд надад баярласан сэтгэлээ илэрхийлээд, уйлж байсан.

-Уг шоуны оролцогч Б.Солонготой юунаас болж маргалдах болсон юм бэ?

-Тэр хүнийг би мэдэхгүй. Шоу нэвтрүүлгийн үеэр өөрөө тийм яриа гаргах шиг болсон. Хүнийг хэтэрхий ёс зүйгүй доромжлох явдал сошиал ертөнцөд их гарч байна. Зөрчлийн тухай хуулийг ч гэсэн би буруу гэж бодохгүй байна. Яагаад хэн нэгний нэр төрд хамаа замбараагүй газраас халдах ёстой юм. Яагаад хэн нэгэн бодсон санаснаа дотроо тунгааж, бодохгүй сошиал орчинд дайрч доромжлох ёстой юм бэ. Ямар учраас энэ тэнд элдэв яриа гаргаж байсныг мэдэхгүй байна. Надад тэр болгоныг анзаарч харах зав ч надад байхгүй шүү дээ.

-Сүүлийн үед эрүүл, зөв хооллолтын клубууд олшрох болжээ. Мөн эмэгтэйчүүд тураадаг эм, коктейль, цай ууж турах нь ч бий. Үүнтэй та санал нийлдэг үү?

Хүмүүст эрүүл, зөв зүйлийг зааж өгч байвал явалгүй яахав. Ер нь эмэгтэй хүн бүр сайхан харагдаж, биеэ галбирлаг байлгахыг хүсдэг. Гэвч энэ зах зээлд тураах эм бэлдмэл ихээр худалдаалж, бүтээгдэхүүнээ зарахын тулд “эрүүл” гэдэг үгийг наачихдаг болсон. Шашнаар бол “Эрүүл” гэдэг үгийг ашиглаад, бараа бүтээгдэхүүн зарж байгаа эдгээр хүмүүс буруу үзэл суртал шиг зүйл ярьдаг. Хүн заавал нэг юмнаас хамааралтайгаар эрүүл амьдрах ёсгүй. Зөв цэгцтэй хоол идэхэд л хангалттай шүү дээ. 

-Харин танай клубын гишүүд хэрхэн жингээ хасдагийг сонирхож болох уу?

Манай клубынхан өдөрт 4-5 удаа хооллодог. Зарим нь “Багшаа хоолоо бардаггүй ээ” гэдэг. Бас сурагчид маань эрүүл, зөв хоол хийж сурдаг. Багшдаа бас их талархдаг. Миний эргэн тойронд  сэтгэлийн бэлэг хүрээлж байдаг юм. Нэг хүн эрүүл зөв хооллолтыг ойлгосон бол эмнэлэгт хэвтэж буй ах дүү хамаатан садандаа ямар хоол хийж очихыг мэддэг болсон байдаг. Энэ чинь л амжилт шүү дээ. Манайх жилийн жилд дүүрэн байж байдаг. Хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг таниулхыг зорьдог доо.

-Б.Цэцэг “Ээж болох бэлтгэл” цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд эрүүл хооллолтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай мэдээлэл хүргээд удаж буй. Таныг монголын цахим ертөнцөд хамгийн олон дагагчтай бүсгүй гэх юм. Энэ үнэн үү?

Үгүй байх аа. Сошиал ертөнцөд юмаа зарах гэж бүүст хийдэг хүмүүс их бий. Гэхдээ би хэзээ ч тэгдэггүй. Ерөнхийдөө сошиал дахь хуудасныхаа нийт дагагчдыг тоолбол 500 мянга хол давдаг. Магадгүй нийт тоогоороо хол тасрах байх аа.

“Хадаг” кинонд тоглосноор олон улсад эх орныхоо нэрийг гаргасан. Хамгийн сүүлд “Хөөрхөн шулам” уран сайхны кинонд тоглосон. Ер нь кинонд тоглох санал хэр ирдэг вэ?

-Би анх “Хадаг” кинонд 2005 онд тоглосон. Зарим хүн намайг “Ийм жүжигчин байдаг юм уу” гэдэг. Би угаасаа жүжигчин мэргэжилтэй биш. Би Олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн, мөн хуульч эрхзүйч мэргэжилтэй. Одоо эрүүл хооллолт, жүжигчин гээд л юм юм хийгээд явж байна. Би хэтэрхий олон юм чаддаг болохоор хүний дургүйг бас хүргэдэг байж магадгүй. Яг хийнэ гэсэн зүйлээ цаг хугацаанд нь хийгээд хариуцлагаа тооцож чаддаг. Надад урлаг уран сайхан гээд маш олон салбарын хамтран ажиллах санал ирдэг. Яг одоо би чанарт их анхаардаг учраас хийж байгаа зүйлээ чанартай хийхээр ажиллаж байгаа учраас олон ажил хойш нь тавигдаж байна.

Мөн тайз, дэлгэцийн олон уран бүтээл болон Франц улсаас томоохон төсөл яригдаж байна. Удахгүй бас Франц явах байх. Хүн бүр уужуу том духтайгаар минь дууддаг ч ази төрх гэж их гадаадын продюсерүүдийн хэлдэг энэ маань ч дүр сонголтод их нөлөөлж байна. Ер нь л төлөвлөгдсөн ажлыг маань ганц Цэцгээ бус мянган Цэцгээ хийхээр болчихоод байна. Нийт баг хамт олондоо их ажил амжуулж байгаад нь талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж