Өнөөдрийн байдлаар манай аймагт хичнээн хүн оршин суудаг нь тодорхой бус байна. Өнгөрсөн 2010 оны хувьд иргэний шинэчилсэн бүртгэл явагдсан, хүн ам орон сууцаа тоолсон, мөн эх орны хишгээ олгосон гээд хүн амын тоо гарах хэд хэдэн үйл явц болж өрнөсөн боловч эдгээр тоонууд бүгд зөрүүтэй байгаа юм. Аймгийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээс харахад Дархан-Уул аймаг 91,093 хүн амтай гэсэн байна манай аймагт 4367 иргэн шилжин ирж, 4073 иргэн шилжиж явсан гэхээр хүн амын шилжилт хөдөлгөөн тоонд нөлөөлөхүйц их биш байгаа нь харагдаж байна. Харин 10 жилд нэг удаа болдог хүн ам орон сууцны тооллогын дүнгээс харахад аймгийн хэмжээнд 90,475 хүн тооллогын маягт бөглөсөн гэсэн мэдээлэл бий. Гэхдээ үүн дээр гадаадад сурч байгаа болон цэрэгт явсан, хоригдрж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх юм. Тэгээд 91-мянгадаа хүрлээ гэж бодоход ХХҮХ-ээс өнгөрсөн онд 95,241 иргэнд Хүний хөгжил сангийн дэвтэр олгожээ. Дэвтрийг олгохдоо иргэний үнэмлэхний ард байгаа хаяг бүхий хуулгыг харж олгосон бөгөөд сүүлийн жилд шилжилт хөдөлгөөн хийгдсэн ирсэн бол иргэний бүртгэлээс лавлагаа авч байж дэвтрийг олгосон байна.
М.Дэлгэржаргал