Үүдээр гарсан ч тооноор орогч

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үүдээр гарсан ч тооноор орогч

Үүдээр гарсан ч тооноор орогч

Монгол улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан. Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага гэдэг нь УИХ. Их хурлын 76 гишүүнийг та бид өмнөөсөө төрийн эрх барьж, бидний төлөө ажилла хэмээн илгээсэн гэсэн үг. Гэхдээ эдгээр эрхмүүд сайн дураараа та нарын төлөө ажиллая гэж хүссэнийг мартаж болохгүй. Ард нийтийн элчийн хувьд эрхэм гишүүд бидний аюулгүй, эрүүл аж төрөх байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчны эрх зүйн үндсийг хангаж өгөх үүрэгтэй.

Гэвч Үндсэн хуулийн энэхүү заалтын утга агуулгыг үйл хэрэг болгох учиртайгаа мартчихдаг гэдгийг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн Зөрчлийн хууль тойрсон үйл явдал харуулж байна.

Монгол улсын хуулиудад байгаа зөрчилд тооцогдон, хариуцлага тооцож байсан бүхий л заалтыг нэгтгэн Зөрчлийн хууль нэрийн дор багцлан хэлэлцэж байгаа юм. Ер нь энэ хуулийн үзэл баримтлал, утга учрын талаар нийгэмд мэдээлэл маш хомс байгаа нь үнэн. Бүхий л хуулинд байгаа зөрчлийг багтаасан гэхээр Монголын нийгмийн бүхий л салбарт энэ хууль хамаарах нь.

Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон заалт нь гүтгэхтэй холбоотой. Өмнө нь гүтгэх гэдгийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн зохицуулж ирсэн бөгөөд сэтгүүл зүйн салбарынхны олон жилийн зүтгэлийн эцэст Эрүүгийн хуулиас хассан нь дэвшил байсан. Харин энэ заалт маань зүсээ хувилган Зөрчлийн хуулинд орж ирсэн бөгөөд ингэхдээ улам дордсон юм. Гүтгүүлсэн гэж байгаа этгээд гомдлоо цагдаад гаргаж, цагдаа энэ гомдлыг 72 цагийн дотор шалгаж үзээд үндэслэлтэй гэж үзвэл торгууль ногдуулахаар төсөлд тусгасан байсан. Өөрөөр хэлбэл цагдаагийн үзэмжээр торгуульд унах нөхцөл бүрдсэн байсан. Үүнийг нэмэлт заалтаар зохицуулсан гэж ажлын хэсэг тайлбар хэлсэн ч торгуулийн хэмжээ хоёроос хорин сая төгрөг хүртэл байсныг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэмжээг 100 сая төгрөг хүртэл өндөрсгөх санал дэмжигдсэн нь ийнхүү хэвлэлийнхэн бойкот зарлах шалтгаан болсон.

Сэтгүүлчидтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдэх нь чөлөөт хэвлэл хөгжих суурь гэдгийг дэлхий нийт тунхагладаг. Олон жил гуйлгаж гувшуулсны эцэст хууль тогтоогчид маань сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар ял оноохгүй байхаар зохицуулсан ч эргүүлээд хэлбэрийг нь өөрчлөн өөр хуульд шингээж байгаад нь сэтгүүлчид эгдүүцсэн. Энэ нь Монголын хууль тогтоогчид ард нийтэд үйлчлэх ёстой гэдгээ ухаараагүй, өөрсдийгөө дархлах, хэвлэл мэдээллийг өөрсдийн мэдэлд байлгах сонирхол нь хэвээр байгааг харуулсан үйлдэл байлаа. Үүдээр гаргасан ч тооноор эргээд орно гэдэг шиг.

Хэдийгээр сэтгүүлчдийн хүчтэй эсэргүүцэлд шахагдан санал гаргасан гишүүн саналаа татан авсан ч үндсэн торгууль нь хуулиндаа үлдэж байгааг бүрмөсөн татах нь зүйтэй хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд энэхүү хуулиар байр сууриа илэрхийлэхдээ хэлсэнийг бүрэн дэмжиж байна.

Энэ нь сэтгүүлчид хүн гүтгэх эрхтэй гэсэн үг биш юм. Гүтгэлгийн хэрэг дээр иргэний журмаар хэрэг үүсгээд шийдүүлээд явах эрх нь хүн бүрт нээлттэй байгаа. Харин олон нийтийн албан тушаал хашихаар өөрсдөө сайн дураараа улс төрч, гишүүн болсон хүмүүс хуулинд дулдуйдан сэтгүүлчдийн хардах, мэдээлэх үндсэн үүргийг нь хаах гэж байгаад л сэтгүүлчид эгдүүцсэн. УИХ-ын гишүүн болъё гэж шийдсэн өдрөөсөө л жирийн иргэн биш болсон гэдгээ эрхэм гишүүд маань нэг л ойлгохгүй байх шиг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж