Нефть боловсруулах үйлдвэр барих ТӨК байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.04.09-нд нийтлэгдсэн

Нефть боловсруулах үйлдвэр барих ТӨК байгуулна

Нефть боловсруулах үйлдвэр барих ТӨК байгуулна

Дотооддоо нефть үйлдвэрлэх нь Монголын олон жилийн мөрөөдөл байсан. Газрын хэвлий дороос “хар алт” олж, анхны Ерөнхийлөгч дээлээ мялааж байснаас хойш газрын тос боловсруулах үйлдвэр барихыг үе, үеийн Засгийн газар зорилтоо болгож, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтдаа тусгаж ирсэн ч өнөөдрийг хүртэл Монгол Улс бензин, шатахууныхаа хэрэгцээг гадаадаас зуун хувь хангасаар байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав хэд хэдэн газарт тавьсан ч, энэ нь зөвхөн цаасан дээр “баригдаад” удаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн засаг Газрын тос боловсруулах үйлдвэр барих төрийн өмчит компани байгуулахаар болсон. Ингэснээр Монгол Улсын төрийн өмчит компани, үйлдвэрийн тоо дахин нэгээр нэмэгдэх гэж байна.

Төрийн өмчит компани, үйлдвэрүүдийн тоо  сүүлийн жилүүдэд өссөн ч харамсалтай нь, нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийсэн нь цөөхөн. Тухайлбал, “Монголын төмөр зам”, Гашуунсухайтын төмөр зам барих төрийн өмчит компани гээд төсвөөс тэжээлгэдэг компаниудыг байгуулсан ч Монгол Улс хэзээ нүүрсний төмөр замтай болох нь одоо ч тодорхойгүй байна.

Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр барьснээр нэг тэрбум ам.долларыг дотооддоо шингээх боломжтой гэсэн тооцоолол байдаг. Гэвч энэ нь ажил хэрэг болтол багагүй хугацаа шаардагдах нь лав. Ямар ч байсан Мэргэжлийн Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх зорилготойгоор Газрын тос боловсруулах үйлдвэр барих төрийн өмчит компанийг энэ ондоо багтаан байгуулахаар шийдвэрлээд байна.

ӨНӨӨДРИЙН ХУВЬД МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ 100 ХУВЬ ИМПОРТООР ХАНГАДАГ БӨГӨӨД ЖИЛ БҮР 1-1.2 САЯ ТОНН ШАТАХУУН ИМПОРТОЛЖ, ҮҮНД НЭГ ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ АЖЭЭ.

 Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд уг  төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар болжээ.

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгоод буй юм.

ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БӨГӨӨД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ НЬ 700 САЯ АМ.ДОЛЛАР, ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ БАРИХАД 264 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДАГДАЖ БАЙГАА АЖ.

Үйлдвэр ашиглалтад орсноор 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой аж. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэх боломжтой гэнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар, валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж