Г.Өсөхбаяр “алуурчин” уулыг ониллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр “алуурчин” уулыг ониллоо

Энэ жил нийслэлд улсын төсөв, нийслэлийн хөрөнгө, шинэ бүтээн байгуулалт, Замын сан гээд нийт 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий зам засварын ажил хийнэ.

Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино.

Дэлхийн ноён оргил Эверест /8850м/-ээс даруй 239 метрээр бага ч уулчдын хувьд К2-т авирах нь Эверестэд авирахаас хэд дахин илүү эрсдэлтэй гэж ярьдаг. Олон шилдэг уулчдыг гэрт нь буцаагаагүй догшин ууланд зарим жилүүдэд нэг ч хүн оргилд нь гарч чадаагүй тохиолдол бий. Эверестэд авирсан уулчдын 5 хувь нь осолдож, амь насаа алддаг гэсэн жилийн дундаж үзүүлэлт байдаг бол K2 оргилыг зорьсон уулчдын 25 хувьд нь энэ харамсалтай зүйл тохиолддог гэх. Дөрвөн уулчин тутмын нэг нь тэндээ төгсдөг гэхээр ямар бэрх даваа болох нь харагдана. Эверестийн оргилыг эзэлсэн уулчдын тоо 5600 хол давсан бол К2-ын оргилд тугаа мандуулсан уулчин ердөө 306. 

Хэдий олон аймшигт түүх, хүн байгалийн тэмцлийн гэрч болж ирсэн ч сүр хүчит К2 бол мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргил юм. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг “бичигдээгүй хууль” уулчдын дунд бий. К2 өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд.

Каракарум нуруунд орших К2 оргил

К2... Догшин, сүрлэг энэ оргил далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино.

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн долоо хоногт буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад амжилттай авирлаа. Энэ нь долоон тивийн ноён оргилыг эзэлж буй түүний түүхэн авиралтын нэг. Гэвч тэрхүү баярт үйл явдал К2 уулыг зорих хатуу мэдээний эхлэл байв. Андийн нуруунд хийсэн түүхт авиралтаа Г.Өсөхбаяр “Алуурчин уул руу явах өндрийн бэлтгэл” хэмээлээ. Энэ бол мэргэжлийн уулчин хүний олон жил бодож, бэлтгэж, өөртөө өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй үедээ гаргаж тавих шийдвэр юм.

Уулчин Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болно. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд, буцахаас өөр арга байгаагүй гэдэг.

K2 ууланд өвөл авиралт хийсэн тохиолдол маш цөөн. Бараг боломжгүй юм.Гэхдээ 1988-2012 оны хооронд Польш, Канад, Британи, Орос, Узбекистан, Казахстан, Гүрж уулчдын хамтарсан баг гурван удаа авчир, 7200 метр хүртэл олс тавьж байжээ.

K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм. Олон уулчдын зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм. К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ. 

Энэчлэн К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу, харгис уул. Тийм ч болохоор оргилыг “алуурчин уул” хэмээн нэрлэдэг. Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг. Уулчид ингэж зиндаагаа тодорхойлдог.

УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР – ТҮҮХЭН АВИРАЛТУУД

  1. Бялуха, өндөр 4600 м, 2004.06.20

  2. Нинчин Тангла, 2005.02.15

  3. Эверест, өндөр 8850 м, 2005.05.30

  4. Эверест, өндөр 8850 м, 2007.05.14

  5. Хойд Америкийн ноён оргил Маккенли, өндөр 6195 м, 2008.07.08

  6. Африк тивийн ноён оргил Килиманжаро, өндөр 5895 м, 2009.02.22

  7. Европ тивийн ноён оргил Эльбрус, өндөр 5642 м, 2009.05.21

  8. Хойд туйл, Хойд өргөргийн 90 градус, 2013.04.20

  9. Австрали тивийн Костюшко оргил, өндөр 2228 м, 2015.04.19

  10. Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, өндөр 6962 м, 2017.02.10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж