“Концессийг дуулиан болгож, ташаа мэдээлж байна”

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

“Концессийг дуулиан болгож, ташаа мэдээлж байна”

“Макро донтон”... Чухам ингэж авьяаслаг гэрэл зурагчин Шикхей Го өөрийгөө тодорхойлдог.

Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр дуулиан тариад байгаа концессийн талаар байр сууриа илэрхийллээ.


-Засгийн газар долоон концессын гэрээг шинээр хийсэн гэх мэдээлэл бий. Үүнд та албан ёсны тайлбар хэлнэ үү?

-Өмнөх Засгийн газрын үед нэлээн олон концессийн гэрээ байгуулагдаж хэрэгжиж ирсэн. Зарим концесс нь уралдаант шалгаруулалт, шууд хэлэлцээрт орж гэрээ хийж явж байгаа. Энэ Засгийн газрын үед нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа шиг нэр бүхий долоон концессын гэрээг шинээр хийсэн асуудал байхгүй. Дуулиан тариад байгаа концессийн гэрээнүүдийг өмнөх Засгийн газрын үед эхлүүлээд,  2012, 2013 онд уралдаант шалгаруулалт нь зохион байгуулагдаж, Ажлын хэсэг нь байгуулагдсан байдаг. Тодруулбал, Чойрын дэд станцын өргөтгөл, МАК, Оюутолгой, Цагаан суваргын дэд станц, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг зэрэг нь бүгд өмнөх Засгийн газрын үед, буюу Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхад ажил нь эхэлсэн байсан.

Үндэсний хөгжлийн газар эдгээр төслийг төрийн залгамж чанарын дагуу үргэлжлүүлж дуусгахаар холбогдох гэрээ, хэлэлцээрийг нь байгуулсан. Мөн өмнөх Засгийн газрын үед автозам болон боловсролын салбарт хэрэгжүүлж байсан төслүүдийн гэрээний хэрэгжилт, чанар байдлыг холбогдох яамд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран шалгасан. Ингэхэд автозамын салбарт хэрэгжүүлж байгаа таван төслийн улсын төсөвт ирэх хүндрэлийг бууруулж, 2017-2020 оны хооронд төлөгдөх байсан төлбөрийг 2020 оноос хойш болгон хойшлуулж нэг автозамын гэрээг мөн хойшлуулснаар төсөвт ирэх ачааллыг 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Дээрх таван автозамаас 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, ажил нь эхлээгүй зарим замыг зогсоосон. Нэр бүхий  таван замын хувьд өмнөх Засгийн газрын үед холбогдох бүх шийдвэр нь гарч, ажил нь эхэлсэн байсан. Үүнийг бид сайжруулж, гэрээний үнийн дүнг буулгаж, эргэн төлөх хугацааг хойшлуулсан. Үүнийг энэ Засгийн газар шинээр гэрээ хийлээ хэмээн нийгэмд буруу ойлголт төрүүлж байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй үед эдгээр концесс тийм чухал ач холбогдолтой юу?

-Өмнөх Засгийн газрын үед эхлүүлж, энэ Засгийн газрын үед дуусгахаар шийдвэр нь гарсан Оюутолгой, Цагаан суварга, Чойрын дэд станцын өргөтгөл, төрөх эмнэлэг барих төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тухайлбал, Улаанбаатар хотод сүүлийн 15 жилд төрөлт 3.5 дахин нэмэгдсэн байхад шинээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй. Үүнээс болж амаржсан эхийг ганцхан хонуулаад л гэрт нь гаргаж байгаа нь эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсныг харуулж байна. 2013 онд ажил нь эхлээд зогссон төрөх эмнэлгийн барилгыг ойрын үед барьж дуусгахгүй цаашдаа ашиглалтад авах боломжгүй болох эрсдэл байна. Иймээс 2015 онд концессоор барья гэсэн шийдвэр гарч, уралдаант шалгаруулалт зарлаж, дүгнэн холбогдох дүрэм, журмын хүрээнд гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулсан.

-Оюутолгой, Цагаан суваргын дэд станц барих төслийг МАК компани хэрэгжүүлнэ гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй болчихгүй юу. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр сайд албан тушаалаа ашиглаж концесс авлаа гэх хандлага байгаа

-Оюутолгой, Цагаан суваргын дэд станцын төсөл нь 2010 онд концессын жагсаалтад нэмэгдэж 2012 онд Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар уралдаант шалгаруулалт зарласан байдаг. Ингэхэд шаардлага хангасан оролцох санал ирээгүй. Иймээс хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах хувилбарыг нийтэд зарлахад Монголын Алт компани /МАК/ саналаа ирүүлснээр ажлаа эхэлсэн. Энэ төсөл өмнөх Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалтын газраар дамжин цөөнгүй жил сунжирч өнөөг хүрсэн. Энэ Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтдаа Оюутолгой, Цагаан суваргын дэд станцыг оруулсан. Ингэснээр томоохон орд газар ашиглалтад орж, эдийн засгийн үр өгөөжөө өгнө гэж тооцсон. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газарт ажиллаж байгаа сайд нөлөөлж энэ концессыг МАК компанид өгсөн хэрэг биш.  2010, 2012 онд яригдаж, шууд гэрээ байгуулан ажил нь эхлээд явж байсан төсөл юм.

-Эдгээр бүтээн байгуулалт дууссаны дараа эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-Засгийн газар концессийн долоон гэрээ байгуулсан тухай буруу ойлголт өгч байна. Өмнө нь явж байсан таван гэрээг бид сайжруулж, эргэн төлөх хугацааг хойшлуулж, үнийн дүнг нь бууруулсан. Дөрвөн гэрээ нь энэ Засгийн газрын үед тогтоол шийдвэр нь гарсан. Үүний гурав нь  өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалтын газраас уралдаант шалгаруулалтыг нь зарлаж, дүгнэн ажил нь эхлээд  явж байсан юм.

Харин цоо шинээр байгуулсан нэг төсөл нь Дорноговь аймагт хэрэгжиж байгаа Дэлгэрэх-Сайншанд чиглэлийн автозамын төсөл. Энэ замыг барьснаар тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлт нэмэгдэж, тухайн уурхайнуудаас улсын төсөвт төвлөрүүлэх татвар, орлого их хэмжээгээр өсч, 300 гаруй ажлын байр шинээр бий болохын дээр байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэг эерэг үр дагавартай. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд ямар нэг ашиг харахгүйгээр өөрсдөө замаа тавьж, 2020-2026 онд улсаас нэг ч төгрөг авахгүйгээр, өөрсдийн төлөх татвараа суутгах байдлаар эргэн төлөлтөө барагдуулъя гэсэн. Үүнийг Засгийн газар дэмжиж концессийн гэрээ байгуулах болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж