Б.Номин: Бүхий л цаг хугацаа надад үнэтэй

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

Б.Номин: Бүхий л цаг хугацаа надад үнэтэй

Хэдхэн хоногийн өмнө бөхийн чөлөөт барилдааны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан юм. Б.Номин зүй ёсоор улсын шигшээ багт дуудагджээ. Олимпийн шинэ цикл эхэлж, шинэ баг бүрдэж байгаатай холбогдуулан ОУХМ Б.Номинг тамирчдын төлөөлөл болгон, ярилцахаар урилаа. Б.Номин бол 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах итгэлт тамирчдын нэг. Тэр өнгөрсөн олимпийн циклд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Азийн наадмаас хүрэл зүүсэн дэлхийн шилдэг бөх юм. 


 

Гэрэл зургийг Э.Энхбат

Гэрэл зургийг Э.Энхбат

-2017 оны УАШТ-ээс та хүрэл медаль хүртсэн. Энэ нь бэртэл гэмтэлтэй холбоотой байсан тал бий юу. Тэмцээний өмнө улсын аваргад ямар хугацаанд бэлтгэсэн бэ?

-2016 оны “Дэлхийн цом”-ын бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авсан. Өнгөрсөн оны долдугаар сард хагалгаанд орж, түүнээс хойш хэдэн сарын хугацаанд бэлтгэл, тэмцээнээс ерөнхийдөө завсарласан. Харин энэ оны УАШТ-дээ заавал оролцоно гэж хичээж байгаад барилдсан. Тэмцээний өмнө сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдсан. Манай дотоодын тэмцээн жин бүр дээр өндөр өрсөлдөөнтэй болдог болсон. Энэ нь тамирчид маань жигд сайн хөгжиж, сайжирч байна гэсэн үг. Миний хувьд 65 кг-д жин өгсөж барилдаад, хүрэл медаль хүртсэн.

-Үндэсний шигшээ багийн тамирчдын нэрс саяхан тодорлоо. Таны хувьд 65 кг-ын жингийн тамирчнаар дуудагджээ?

-Дотоодын өрсөлдөөн хүчтэй болохын хэрээр шигшээ багийн тамирчдын шалгуур мөн өндөр болно. Миний хувьд 65 кг-д энэ жилийн улсын аварга Н.Лхамгармаагийн хамт байнгын шигшээ багт багтсан. Мөн манай жингийн байнгын бус багт Б.Батмагнай, Б.Наранболд нар орсон байгаа.

-БИ БИШ БИД ГЭДЭГ БАХАРХАЛ ИЛҮҮ ХҮЧТЭЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛДЭГ-

-Хоёул яриагаа 2015 оны ДАШТ-ий талаар үргэлжлүүлье. АНУ-ын Лас-Вегаст болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол Монголын чөлөөт бөхийн түүхийг дахин сэргээсэн, чухал тэмцээн. Таны хувьд тэр том амжилтын нэг хэсэг, олон жил хүлээсэн Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан, гавьяа байгуулсан хүн шүү дээ. Дэлхийн аваргын дараа тантай уулзаж, ярилцаж байгаагүй болохоор энэ талаар ярилцах хэрэгтэй байх?

-Хөнгөн жингийн барилдаан эхний өдрүүдэд болдог учраас бидний хувьд хамгийн түрүүнд дэвжээнд гардаг. Дэлхийн аваргын 61 кг-д олон шилдэг тамирчид багтсан байсан. Медальд хүрэх байтугай зооноосоо гарахад ч хэцүү, хүнд барилдаанууд хийхээр байсан. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан. Багшийн маань сургасан /Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг хэлэв/ нэг чанар байдаг юм. Ямар ч үед, ямар ч том тэмцээний үед өөртөө итгэлтэй бай. Дэлхийн аваргад оролцож байгаа бүх тамирчин яг чамтай л адилхан. Тэднээс өөрийгөө илүү гэж биш, тэд чамтай яг адилхан, эсвэл чамаас зарим талаар сул гэдгийг мэдэрч бай гэж багш хэлдэг. Өөрөө ч ур чадвар, техник, сэтгэлзүйнхээ хувьд яах аргагүй дэлхийн хамгийн шилдэг бөх шүү дээ. Тэр байдал нь, тамирчин хүний хувьд бие, сэтгэлзүйгээ өргөх ёстой гэсэн үзэл нь надад тодорхой хэмжээгээр суусан байдаг байх. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоно гэж өөртөө итгэл өгч байсан. Итгэлтэй ч байсан. АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан. Аваргын төлөөх барилдаанд өмнөх жил нь дэлхийн аварга болсон, Европ тивийн аварга Азарбайжаны бөх Гажи Алиеьвид ялагдсан. Аварга болох боломжоо алдсандаа харамсдаг. Гэхдээ тэмцээн, уралдаан, өрсөлдөөн, тив, дэлхийн дэвжээн дээр гарах өдөр нэгээр дуусахгүй учир алдсан медалийнхаа төлөө илүү их хөдөлмөрлөж, хөлсөө гаргана даа.

-Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн амжилт /эрэгтэй/ 2007 оноос хойш тасарсан байлаа. Энэ амжилтыг чөлөөт бөх өндөр зэрэглэлд хөгжсөн ийм үед үзүүлнэ гэдэг нь яах аргагүй том үзүүлэлт гэж бид хардаг. Лас Вегасын ДАШТ бол монголчуудад үнэхээр ээлтэй болсон?

-Тийм ээ. Тухайн үед монголчууд маань, дэлхийн бусад орны өрсөлдөгчид ч Монголын тамирчдад маш их анхаарал хандуулж байсан. Эрэгтэйчүүдийн хувьд, 2007 оны Бакугийн ДАШТ-ээс Гавьяат тамирчин Б.Наранбаатар ах мөнгөн медаль хүртэж, түүнээс хойш медалийн буухиа олон жил тасарсан байсан. Б.Наранбаатар ахын өмнө О.Пүрэвбаатар багш маань Дэлхийн аваргаас хошой мөнгөн медаль хүртэж байсан. Багшийнхаа үзүүлсэн амжилтын захад хүрч, дэлхийн медалийг нь энгэртээ зүүж ирсэндээ одоог хүртэл баярлаж явдаг. Чөлөөт бөхөөр хичээллэх хүсэл сонирхолтой болж, дэвжээн дээр гарсан цагаасаа, хүүхэд байхаасаа зорьж, мөрөөдсөн Дэлхийн аваргын медаль, тэнд үзүүлсэн амжилт маань надад хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нэг сайхан зүйл нь, Дэлхийн аваргад ганц, нэгээрээ биш багаараа олуулаа медаль авах үнэхээр бахархмаар, сайхан байдаг юм билээ. Тэр нь надад илүү сайхан санагдсан. Бид, Монголын тамирчид маань дэлхийн хамгийн том тэмцээнээс медаль хүртэж байна гэдэг бахархал бол хамгийн хүчтэй мэдрэмж юм билээ. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлдөө хамт болсон. Манай баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 60 кг-д С.Цэрэнчимэд мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д П.Өнөрбат болон миний бие мөнгө, 57 кг-д Э.Бэхбаяр маань хүрэл медаль хүртсэн.

-О.Пүрэвбаатар багш та хоёрын амжилт, багш шавийн барилдлагын талаар ярилцахгүй өнгөрч боломгүй байх. Анх хэдэн оноос багштайгаа хичээллэж эхэлсэн бэ?

-Миний аав намайг бөхийн спортод хөтөлж оруулсан байдаг юм. 2004 онд аав намайг багш дээр авчирч өгч байсан. Багш бол аавын хувьд хамгийн их дэмждэг, хайртай тамирчин нь байсан болохоор хүүгээ том болохыг хүлээж байгаад, хөтөлж очсон гэж ярьдаг. Тухайн үед О.Пүрэвбаатар багш маань тамирчин байсан болохоор шууд намайг өөр дээрээ авах боломж байгаагүй, “Хангай” клубт оруулж өгсөн. Би тэгэхэд 11 настай байсан. Ингээд “Хангай” клубт Ц.Баярсайхан, С.Эрдэнэбаяр багш нарынхаа удирдлага чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ дашрамд намайг өдий зэрэгтэй хүргэсэн багш нартаа болон “Гацуурт олимп” клубийн хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Биднийг байрлуулж, юунд ч санаа зовохгүйгээр гол анхаарлаа бэлтгэлд хандуулах боломж олгодог гэр бүл, хамт олон, багш нар байдаг учраас тамирчид амжилтад хүрдэг. Нэг хүний төлөө олон хүн сэтгэл, хөдөлмөр, ажил мэргэжил, маш их цаг хугацаа зарцуулж байдаг учраас амжилт гаргаж, баярлуулах юмсан гэж боддог. Ер нь тамирчин бүр л өөрийн карьер гэхийнхээ хажуугаар бусдын төлөө медалийн тавсан дээр зогсох ёстой шүү гэсэн бодолтой байдаг байх. Миний хувьд одоо 2020, 2024 оны олимпийн наадамд барилдах, тогтмол амжилт үзүүлэх хэмжээнд өөрийгөө дайчилна.

-Анхны тэмцээн тамирчин хүн бүрт том дурсамж үлдээсэн байдаг. Та анхны тэмцээн, анхны медалиа авч байсан үеэ дурсахгүй юу?

-Миний өнөөдрийн энэ амжилтад аавын минь хүсэл, тэмүүлэл их нөлөөлсөн. Багш шиг мундаг тамирчин болгохыг зорьж, хэзээ ч бөхөөр хичээллэж байгаагүй хүүдээ найдаж, спортын замд оруулсанд аавдаа би үгээр илэрхийлэхийн аргагүй их баярладаг. Миний амьдралыг аав маань яг л миний хүсэх байсан замд өөрөө хөтөлж оруулсан нь тохиолдлын зүйл биш байх. Би өөрийгөө тамирчин биш байснаар төсөөлж чаддаггүй. Тийм ч болохоор анхны тэмцээн, анхны амжилт, ер нь л чөлөөт бөхтэй холбогдон амьдарч байгаа бүхий л цаг хугацаа надад үнэтэй, би сэтгэл ханамжтай байдаг.

Анхны тэмцээн гэвэл 12 жилийн өмнө болсон “Алдар” спорт хорооны нэрэмжит “Алдар гарьд” нэртэй тэмцээн байсан. 29 кг-д барилдаж, мөнгөн медаль авч байлаа. Анхны медалиа ээжийнхээ төрсөн өдрөөр авч, аав, ээждээ бэлэг барьж байсан үе сэтгэлд их тод үлдсэн байдаг. 2005 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр байсныг ч одоо санаж байна.

-Ямар мэргэжлээр сурдаг вэ. Бэлтгэл, хичээл гээд чөлөөт цаг бага байдаг байх. Зав гарвал цагийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Би 2013 оноос Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Долоо хоногийн 2-3 өдрийг өндөр ачаалалтай бэлтгэлд зарцуулдаг болохоор чөлөөт цаг бага гардаг. Залуу хүн учраас тамирчин байлаа гээд мэдлэг боловсрол, мэргэжил эзэмшихэд анхаарахгүй байж болохгүй. Монголын үндэсний их сургуульд хуулийн чиглэлээр сурдаг. Энэ жил төгсөнө. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Б.Батцэцэг, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, жүдо бөхийн ОУХМ О.Ууганбаатар гээд олон шилдэг тамирчид манай сургуульд сурдаг. Шигшээ багийн тамирчид бидний хувьд бэлтгэлээс шалтгаалаад зарим хичээлээс завсардах тохиолдол гардаг. Тэр бүгдэд сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлж, бусад цаг хугацаагаа тохируулж, хоцорсон хичээлээ нөхөх, багшаар хангах, зөвлөгөө өгөх гээд бүх боломжуудыг гаргаж өгдөг.


Батболдын НОМИН

  • 1993 онд Төв аймгийн Архуст суманд төрсөн

  • 2010 онд Сонгино-Хайрхан дүүргийн 42 дугаар сургууль төгссөн.

  • 2004 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн

  • 2008 оноос “Гацуурт-Олимп” сургуульд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

  • 2013 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болсон

  • 2010 онд спортын мастер цол хүртсэн

  • 2013 онд Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн

АМЖИЛТ:

  • 2013 он: Азийн аварга – Хүрэл

  • 2014 он: Азийн наадам – Хүрэл

  • 2015 он: Азийн аварга – Хүрэл

  • 2015 он: ДАШТ – Мөнгөн медаль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж