Ховор авьяас, хэлтгий тавилан | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ховор авьяас, хэлтгий тавилан

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

Ховор авьяас, хэлтгий тавилан

Цаасан туузан дээр Тестэд багтсан хичээлүүдээр 25 мянган хариултыг бичсэн байжээ.

Хайртынхаа хажууд хэвтэх, мотоциклио унаад давхих, спорт, найзуудтайгаа зугаацах, ярилцах, аливаа шинэ зүйлд суралцах, газар шороо, эх дэлхий, найзтайгаа хуваалцсан аар шаархан амны зугаа, гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлсэн баярын зоог, сайхан дарс, амьдралын төлөөх эрч хүч, урам зориг, хүсэл тачаал…

Киану Ривзийн хувьд энэ бол аз жаргал. 1995 онд аз жаргалыг ийн тодорхойлж байсан тэрбээр одоо энэ тухай ам нээхээс цааргалдаг. Амьдралын гэрэл гэгээнээс илүү хар барааныг хангалттай туулсан тэр энгийнээс энгийн, эгэлээс эгэл амьдардаг. Холливудын оддын нийтлэг жишгээс огт өөрөөр, давчуухан сууцанд амьдарч, тансаг чамин гоёлоос татгалзаж, олон нийтийн унаагаар зорчдог. Тийм ч болохоор нь түүнийг Холливудын хамгийн даруухан од гэлцдэг байх.

Өнөөгөөс 18 жилийн өмнө, 1999 онд “Matrix” кино анх дэлгэцнээ гарч байлаа. Урьд өмнө үзэж байгаагүй, бүр төсөөлж ч байгаагүй тийм ертөнцийг нээсэн энэ кино олон жил өнгөрсөн ч шилдгүүдийн жагсаалтад багтсаар л байгаа. Кино театруудаас нийт 463,5 сая ам.долларын орлого олсон “Matrix” тэр жилийн Оскараас дөрвөн шагнал хүртсэн юм. Киану Ривзийг алдрын оргил өөд хөтөлсөн “Matrix” гурвалаас гадна “Хурд”, “Нуурын эргийн байшин”, “47 ронин”, “Миний Айдахо”, “Константин” гээд олон хит кинонд тэр гол дүр бүтээсэн. Хамгийн сүүлд тоглосон хөлсний алуурчны тухай өгүүлэх “John Wick: Chapter 2” кино нь маргааш Хойд Америкт нээлтээ хийх гэж байна.

 

–КИАНУ РИВЗ ГЭЖ ХЭН БЭ?–

Киану гэж “уулын сэрүүн салхи” гэх утгатай хавай үг. Тэрбээр 1964 оны есдүгээр сарын 2-нд Ливаны Бейрутад төрсөн. Ээж Патриша Тейлор Англид төрж өссөн, бүжигчин. Харин аав нь болох Самуэль Ноувлин Ривз геологич байжээ. Кианугийн аав Хавайд төрсөн, гэхдээ Британи, Португаль, уугуул Хавай, Хятад цустай.

Киануг гурван настай байхад эцэг нь тэднийг орхиод явжээ. Нэгэнт амьдрал нь бүтэлгүйтсэн болохоор Кианугийн ээж хоёр хүүхдээ дагуулаад /Киана Ривз Ким гэх охин дүүтэй/ эхлээд Нью-Йорк руу, дараа нь Торонто рүү нүүжээ. Кианугийн эхний хойд эцэг нь тайзны болон дэлгэцийн найруулагч Пол Аарон байв. Патриша, Пол нар ердөө ганцхан жил амьдраад салсан бөгөөд Патриша дараа нь Роберт Миллер гэгчтэй гэрлэсэн ч мөн л амьдралаа төвхнүүлж чадалгүй хоёр тийш болсон гэнэ. Хожим нь тэр үсчний салоны эзэн Жэк Бондтой хуримлажээ. Харин Киану төрсөн эцэгтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй, түүнийг уучлаагүй гэнэ.
Хотоос хот дамжин, сургуулиас сургууль рүү шилжин явахдаа Киану сурлагаар хоцрогдож, дислекстэй /үг зөв бичиж, уншиж чадахгүй болох эмгэг/ болов. 15 настайдаа тэр сургуулиа орхиж, жүжигчин болохоор шийджээ. Түүнд дунд сургууль дүүргэсэн үнэмлэх ч байдаггүй.

Дунд сургуулийн сурагч байхдаа тэр чамгүй сайн хоккейчин байв. Багийнхаа хаалгач байсан түүнийг хаалгаа бат манадаг болохоор нь “Хана” гэж хочилдог байжээ. Хожим нь Киану хэрэв жүжигчин болоогүй бол магадгүй хоккейчин болох байсан биз гэж ярьсан нь бий.

— ҮХЭЛ ХАГАЦАЛ —

Бүр жаахнаасаа амьдралын бэрхийг амссан Киану Ривз 1993 онд хамгийн дотны найзаа алджээ. Ривер Финикс хар тамхи тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас 23-хан насандаа өөд болсон нь түүнд хүчтэй цохилт болсон гэдэг. Найзынхаа тухай тэр “Тэр хувь хүнийхээ хувьд онцгой нэгэн байсан. Жүжигчний хувьд ч ялгаагүй. Бид үнэхээр сайн найзууд байсан, одоо ч маш ихээр үгүйлдэг. Үргэлж л толгойд минь орж ирдэг” гэж ярьж байжээ. 

1998 онд Киану Женнифер Саймтай учирчээ. Бие биедээ дурлаж, хамтын амьдралаа эхлүүлж, удалгүй 1999 онд Женнифер бие давхар болов. Харамсалтай нь, төрөө ч үгүй хүүхэд нь найман сартайдаа хэвлийдээ амьгүй болсон байж. Энэ эмгэнэлт явдал тэдний харилцаанд нөлөөлж, хосууд салцгаажээ. Гэхдээ дотны найзууд хэвээр үлдсэн гэдэг. Гэвч 18 сарын дараа Женнифер автын ослоор амиа алдав. Тэр хайртай бүсгүйнхээ шарилыг хорвоод мэндэлж ч амжилгүй үүрд явсан охиныхоо шарилын дэргэд байрлуулсан гэдэг.
“Зовлон шаналал өөрчлөн солигддог. Гэвч төгсгөл гэж үгүй” гэж Киану 2006 онд “Parade” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.  Дараахан нь Киану автомашины хамгаалалтын бүсний рекламд тогложээ.

Киана Ривз өдгөө 53 настай. Гэвч гэрлээгүй, бас хүүхэдгүй. Хайртай дотны бүгдээ алдсан болохоор дахин дотно харилцаа үүсгэхээс тэр эмээдэг болсон гэнэ. Женнифер амьд байж, бидний охин хорвоод мэндэлсэн бол амьдрал ямар байх байсан бол гэж үргэлж төсөөлөн боддог тухайгаа Киану хэлсэн нь бий.

— ТҮҮНД МӨНГӨ ЧУХАЛ БИШ —

Киану Ривзийг өр нимгэн, өгөөмөр нэгэн гэдэг. Кинонд гол дүр бүтээгээд өндөр хөлс авахын оронд тэр, киногоо илүү сайжруулахын тулд кино төслийнхөнд өөрийн хөрөнгөөс харамгүй зориулдаг аж. “Matrix” киноноос олсон 114 сая ам.долларын ашгаас тэр 80 саяыг нь кино багийнхандаа зориулж байжээ. Мөн “Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Аль Пачиног тоглуулахын тулд өөрийн хоёр сая ам.долларыг түүнд өгсөн байдаг.

Зөвхөн ажил мэргэжлийн талбарт ч бус хүмүүнлэгийн үйлсэд тэр харамгүй мөнгө зарцуулдаг аж.

Киану Ривз охин дүү Кимийн хамт

Кианугийн төрсөн дүү бөгөөд түүний хамгийн сайн найз гэгддэг Ким Ривз нь цусны цагаан эсийн хавдраар өвчилж, 10-аад жил өвчинтэйгээ тэмцжээ. Аймшигт өвчнийг ялан дийлж, Ким эрүүл саруул болсон бөгөөд Киану энэ өвчнийг эмчилдэг хэд хэдэн хувийн болон улсын эмнэлэг, хавдрын сан, судалгааны хүрээлэнд 100 сая гаруй ам.доллар хандивлажээ. Мөн тэр “Stand Up to Cancer”, “SickKids Foundation” зэрэг хандивын сан байгуулж, ивээн тэтгэдэг ч өөрийнхөө нэрийг оруулахаас татгалздаг гэнэ.

“Мөнгө миний хувьд сонин биш. Би маш их мөнгө олсон. Гэхдээ амьдралын сайхныг өөр зүйлээс мэдэрч, банкин дахь дансаа зузаатгахын тулд толгойгоо өвтгөж амьдармааргүй байна. Би бусдад ихийг зориулж, өөрөө энгийн л амьдардаг. Эрүүл мэнд эд баялгаас илүү эрхэм гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ”хэмээн Киану ярьсан байдаг.

"Jonh Wick: Chapter 2" кино хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-05-14 202.131.225.197

Burhanii shashniig za shutdegee baig gehed talarhdag hun yum gesen

Зочин 2017-05-14 202.9.43.83

миний хамгийн хүндэтгэж явдаг жүжигчин ерөөсөө хөгшрөхгүй юмаа том хэнкс энэ 2 мундаг хүмүүс шүү дээ