Ч.Хашчулуун: Тусламж хүссэн нь манай тал шүү дээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ч.Хашчулуун: Тусламж хүссэн нь манай тал шүү дээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулуун: Тусламж хүссэн нь манай тал шүү дээ

Техник технологи хөгжихийн хэрээр “ухаалаг” бүтээгдэхүүнүүд бид бүхний амьдралд хэрэглэгдэх нь ихэсч байна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.


-Олон улсын валютын сан /ОУВС/ энэ удаад манайхыг хэлэлцсэнгүй. Тэгвэл дараагийн хурлаар Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэх боломж байгаа юу?

-ОУВС-гийн захирлууд өдөр бүр хуралддаггүй. Тиймээс шийдвэр нь тодорхой хэмжээгээр хойшлогдсон байх. Гэвч ОУВС-гийн дараагийн хурлаар хэлэлцэх асуудалд орох уу, үгүй юу. Манайхаас очих баримтад ямар нэг өөрчлөлт гарах уу, үгүй юу гэдгээс ихээхэн хамаарах байх. Өөрөөр хэлбэл, манай төсвийн бодлого ямар байна вэ гэдгээс хамаарна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулна гэдэгтэй нийцэхгүй шийдвэр гаргасан гэж ОУВС үзсэн болов уу. Монголд хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Гэтэл хөрөнгө оруулагчдад шаардлага тавиад байхаар хөрөнгө оруулалт улам багасах вий гэсэн болгоомжлол ОУВС-нд байгаа болов уу.

-Төсвийн бодлогоо өөрчлөхгүй бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэсэн үг үү?

-Тусламж хүсээд байгаа нь манай тал юм шүү дээ. Манай тал өөрөө ямар нөхцлөөр тусламж авахыг хүсч байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. ОУВС-гийн зүгээс яаруулж, тулгасан зүйл байхгүй. Валютын сангийнхан “Бид аль болох хүлээцтэй хандаж байна. Монгол Улсын шийдэх асуудал” гэж байна. Манайхан өөрсдөө л хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан учраас юу хүсээд байгаагаа тодорхой болгох ёстой байх. Ядаж бодлогын зөрөлдөөнгүй болох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг дэмжээд байгаа ч юм шиг нөгөө талаас нийцэхгүй бодлого явуулаад ч байгаа юм шиг. Улсаас хөрөнгө оруулагчдад Монголын банкаар дамжуулж гүйлгээ хийх шаардлага тавьж байгаа. Гэтэл дотоодын гэж байгаа банк нь ямар банк байх вэ. ОХУ-ын эзэмшдэг “Чингис хаан” банк байна, Японы эзэмшлийн “ХААН” банк байна. Ер нь бол хөрөнгө оруулалт нь чухал юм уу банк нь чухал юм уу гэдгээ ярих ёстой байх. Тухайлбал, хөрөнгө оруулалт орж ирээд улсад татвараа төлж байвал мөнгө ямар банкаар шилжих нь тийм ч хамааралтай биш.

Орж ирэх мөнгийг заавал миний банкаар эргэлдүүл гэвэл олон жил хамтарч ажиллаад ирсэн найдвартай банкаа яах вэ. Яагаад түнш банкаараа гүйлгээ хийж болохгүй гэж. Эцсийн эцэст Монгол Улс хөрөнгө оруулалт хүсээд байна уу эсвэл өөрийнхөө банкаар мөнгө эргэлдүүлэхийг хүсээд байна уу. Улсын эрх ашгийн талаас нь аваад үзэхэд хөрөнгө оруулалт нь чухал байх. Энэ мэт хоёрдмол асуудлаа тодорхой болгох. Ярьж байгаа, хийж байгаа, баталж байгаа хууль нь нэг бодлоготой байх ёстой.

-Хөрөнгө оруулагчид мөнгөн урсгалаа дотоодын банкаар дамжуулах нь манайд ямар ашигтай вэ?

-Ямар ашигтай вэ гэдгийг тогтоол гаргасан хүмүүсээс асуух хэрэгтэй байх. “Рио Тинто” 2013 он хүртэл Монголын банкаар гүйлгээ хийж байсан. Гэтэл 2013 онд маргаан гарч, “Рио Тинто”-гийн дансыг битүүмжлээд, гүйлгээ хийлгэхгүй болчихсон. Гүйлгээг хаах заалт хуульд байхгүй. Ямар нэг гэмт хэрэг хийсэн хүнийг тэгдэг байх. Маргалдаад хүний дансны гүйлгээг хаана гэдэг заалт хуульд байдаггүй. Иймд Монголын банкнаас айдаг болсон. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд захиргааны арга хэрэглэхээс илүү хүссэн компанийнхаа дансыг битүүмжлээд, гүйлгээг нь зогсоодог байдлаа болих хэрэгтэй байх. Одоо бол тэр алдааг давтах гээд байгаа юм шиг санагдаж байна.

-Монгол Улс ОУВС-гийн нэрийг барьж татвар нэмчихээд одоо хөтөлбөртөө хамрагдахгүй байна  гэсэн шүүмжлэл гарах боллоо?

-Эдийн засаг талаас нь харахад манай төсвийн бодлого үрэлгэн гэж шүүмжлэгдэж ирсэн. Сүүлийн таван жилд манай төсвийн орлого буурсан ч, зарлага нь тогтмол өсч байгаа. Сүүлд түүхэнд байгаагүй төсвийн алдагдалтай болсон. Төсөв алдагдалтай болохын хэрээр улам их мөнгө зээлсэн. Эхлээд Чингис бонд байсан. Хамгийн сүүлд сонгуулийн өмнө бонд авсан. Бондоор төсвийн алдагдлаа нөхөөд ирсэн. Энэ бодлого нь өөрөө тогтвортой биш. Цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр төсвийн орлого, зарлагаа нийлүүлэхээс өөр аргагүй. Орлогоо нэмэгдүүлж, зарлагаа зохицуулах ёстой. Үүнийг валютын сан тулгаж байгаа гэхээс илүү манайхан хийх ёстой. Тэгэхгүй бол дефолт болно. Төсөвт зарлагын өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөлтөө хийсэн шиг хийх ёстой. Татвар нэмж байгаа нь шүүмжлэлтэй тулгарч байгаа ч аль болох олон талын  шударга татварын системд хамруулах нь зөв. Одоо бол татвар төлөхгүй байгаа асар том нийгмийн бүлэглэл байгаа. Жишээлбэл ченжүүдийн ашигаас татвар авч болно. Мянгат малчид татвар төлдөггүй. Улсын бэлчээр ашигладаг байж Нийгмийн даатгал ч төлдөггүй. Гэсэн атал эрт тэтгэвэрт гардаг. Энэ мэт татварын бодлогоо эргэж харах зүйл байгаа байх. Татварын хамралтыг сайжруулах хэрэгтэй. Сүүлийн үед мөөг шиг үржээд байгаа ТҮЦ байна. Зах болгоны үүдэнд гар хуралдаачид байдаг. Лангуунаас авч байгаа татвар нь 1990-ээд оных хэвээр байх шиг байна. Нэг хүний эрх мэдэлд бүхэл бүтэн уулын ам байдаг жишээ бий. Гэтэл оногдуулж байгаа татвар нь өчүүхэн байдаг. Энэ мэт зохицуулалтаа хийвэл орлого орно. Үүнийг хийх ёстой гэж би бодоод байгаа юм. Хүн бүрийн татварыг бага хэмжээгээр нэмэгдүүлэхэд эсэргүүцэл гарахгүй байх.

-Зөвхөн татвар нэмэгдүүлснээр төсвийн зардлаа нөхөх боломжтой юу. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хөтөлбөрт хамрагдахгүй, улс орон өөрийгөө аваад явах боломж бий юу?

-Чадахгүй. Яагаад гэхээр долоон төрлийн татвар бол томоохон өөрчлөлт болж чадахгүй. Төсвийн алдагдал хэдэн их наяд төгрөгөөр тооцогдож байгаа. ДНБ-ий 10 хувиас хэтэрч байгаа. ОУВС-гийн тусламжийг аваад ч төсвийн алдагдлаа амархан нөхөх боломжгүй. Хэрэв хөтөлбөрт хамрагдахгүй төсвийн алдагдлаа нөхнө гэвэл дотоодын банкуудаас зээл авна. Дараа нь зээлийн хүүг төлөх болно. Тэгэхээр хүнд байдалд орохгүйн тулд алхам алхамаар орлого зарлагаа дөхүүлэх ёстой. Баланслагдсан төсөв болгохын тулд эхний ээлжинд татвар нэмэхээс өөр аргагүй. Энэ бол гашуун боловч үнэн. Гэхдээ нөгөө талаас татвар төлдөг хэсэг дээр нэмээд байх биш аль болох хамралтыг нь сайжруулж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, малын татвар авах асуудлыг зайлшгүй бодох ёстой. Хөдөө орон нутагт маш олон сургууль, эмнэлэг, зам барьж байгаа. Бүтээн байгуулалт дэд бүтцээ орон нутгийн иргэд өөрсдөө санхүүжүүлээд явах нь улс оронд хэрэгтэй. Өөрсдийнх нь бараа зарагдана. Өөрсдийнх нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй болно. Үүнийг ойлгуулж малын хөлийн татварыг 2008 оноос өмнө авдаг байсныг сэргээгээд төсвөө бага зэрэг хөнгөрүүлж болно.

-ОУВС-нд хамрагдахын давуу тал нь юу вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том давуу тал нь манай эдийн засаг дампуурахгүй гэсэн баталгаа юм. Одоогийн байдлаар дампуурлын ирмэг дээр ирчихсэн. Орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байна. Гадаадаас зээл авна гэхээр хүү нь асар өндөр болчихсон. Цаашид яг энэ байдлаар явах юм бол төсвийн алдагдал улам нэмэгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд санхүү, орлого, зарлагаа эрүүлжүүлнэ гэдэг амлалт өгч байгаа юм. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний яаралтай тусламж авч байгаа. Дандаа өндөр хүүгээр зээлэх биш маш бага хүүгээр зээлээд, том том төлбөрөө хөнгөвчилж болно. Гуравдугаарт, бусад улс орнуудаас тусламж авахад “энэ орон зээлээ эргэж төлөх юм байна” гэсэн баталгаа авч байгаа юм. Тэгэхээр унасан ч тийм чанга газардахгүй гэсэн баталгааг гаргаж өгч байгаа юм. Түүнээс бол ОУВС-тай гэрээ хийгээд бүгд баяжаад, улс орон цэцэглээд явна гэсэн утгаар биш. Унахгүйн тулд хамгаалалт авахгүй бол манай эдийн засгийг тогтворжуулаад, сайжруулах хүчин зүйл дэлхийд өөр алга. Сая “Хубилай” бонд сайн зарагдсан гэж ярьж байгаа ч өмнө нь ОУВС-тай тохирсон гэдэг утгаараа бондоо амжилттай зарсан. Түүнээс валютын сантай тохироогүй бол бондын хүү нь хичнээн өндөр байхыг хэлж мэдэхгүй. Одоо 2018 онд “Чингис” бондын эхний ээлжийн төлбөр болох 500 орчим сая ам.долларын төлбөр хүлээгдэж байгаа. Тэгэхээр валютын сантай тохироогүй бол яаж зээлээ төлөх, яаж орлого олохыг хэн ч ойлгохын аргагүй байдалд хүрнэ. Одоогийн байдлаар манай орлого зарлагаасаа хамаагүй бага болчихоод байна.

"Болор дуран"-аар шалгав.