Чөлөөт бүс хөрөнгө оруулагчдаа хүлээж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ялангуяа томд тооцогдох Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд дэд бүтцийн ажил энэ жил эрчимжинэ. Харин эдгээр бүсэд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид одооноос чөлөөт бүсийн ажлын албаныхантай ярилцах хэрэгтэй байгаа юм. Тиймээс тус Ажлын алба хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ирэх даваа гаригт зохион байгуулах гэж байна. Уулзалтаар чөлөөт бүсүүдийн ерөнхий менежер нар өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, цаашид хамтран ажиллах талаараа хэлэлцэх юм. Мөн тус уулзалтад бүсүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирэх ажээ. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдын уулзалт Засгийн газрын XI байрны хурлын дугуй танхимд 14.00 цагт эхэлнэ.
Б.БЯМБА