Иванка: Би аавыгаа дуурайсан эго үзэлтэн

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Иванка: Би аавыгаа дуурайсан эго үзэлтэн

МҮБХ-ноос тав дахь жилдээ зохион байгуулсан “Сонгинохайрханы хишиг” барилдаан өчигдөр болж, улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.

Иванка Трампын амьдрал бүхэлдээ олны нүдний өмнө байдаг. Үл хөдлөх хөрөнгийн могул Доналд Трамп, модель Ивана Трамп нарын охин тэрбээр өдгөө бол АНУ-ын ерөнхийлөгчийн том охин. Бас хайртай охин нь. Бизнес эрхлэгч, загварын модель, халамжит ээж Иванка одоо аавынхаа “Цагаан ордон” дахь гол зөвлөх нь болжээ.

Иванка Трамп өнөөдрийг хүртэл ямар амьдралыг туулав?


Иванка Трамп 1981 оны аравдугаар сарын 30-нд Манхэттэнд төржээ. Тэр Доналдын анхны эхнэр, Чехословак гаралтай модель Иванагаас төрсөн охин. Иванкагийн эцэг, эх 1992 онд салсан юм. Тухайн үед Доналд Марла Мэйплс гэх бүсгүйтэй дотно харилцаатай болж, эхнэрээ хуурсан нь олон нийтийн өмнө ил болсон. Шар хэвлэлүүд энэ тухай хангалттай мэдээлж, тэдний хэрүүл маргааныг ч нийтэд дэлгэж байв. Мэйплс хожим Трамптай гэрлэжээ. Тухайн үед Иванка 11 настай байсан гэнэ.

Доналд Трампын анхны эхнэр Ивана Трамп охин Иванка, хүү Эрик болон хожим гэрлэсэн нөхөр Рикардо Мазучеллийн хамт. 1993 оны аравдугаар сар.

 

Ивана Трампын эцэг Миолс Зелничекийн оршуулгын ёслолын үеэр. 1990 онд Чехословакт. Доналд, Ивана Трамп нар Эрик /6 настай/, Иванка /8 настай/, Доналд Жуниор /12 настай/  нарын хамт.
 

 

Иванка Трамп ээжтэйгээ.

Иванка хойд эх Марлад, түүнээс төрсөн охин Тиффанид ч мөн хайртай гэдгээ хэлж байв. Гэхдээ эцэг, эхийг нь салгахад хүргэсэн түүнийг хэзээ ч уучилж чадахгүй гэж байлаа. “Марла таны эцэгтэй нэг хөнжилд орсон нь урьд өмнө амсаагүй таашаал өгсөн гэж хэлсэн нь үнэн үү” гэхчлэн шар хэвлэлүүд Иванкаг элдэв асуултаар булж байсан гэдэг.

Марла Мэйплс, Доналд Трамп нар гэр бүлийн хамт талбайн теннисний АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр. 1994 оны есдүгээр сарын 7-нд Нью-Йоркт. Иванка аавынхаа өвөр дээр, харин хажууд нь эцэг нэгт охин дүү Тиффани нь.

Тэр Манхэттэн дэх Chapin гэх охидын алдартай сургуульд элсэн суралцжээ. Сургалтаараа дотооддоо нэлээд дээгүүрт үнэлэгдэх тус хувийн сургуулийг Жеки Кеннеди төгссөн байдаг. Иванка удалгүй Жон Кеннедигийн сурч байсан Коннектикутын Choate Rosemary сургууль руу шилжжээ. 

Ээжийнхээ халамж залгааг үргэлжлүүлж Иванка өсвөр насандаа загвар өмсөж эхэлсэн байна. Энэ хугацаанд тэр үргэлж эрдэм номын мөр хөөж, сургуулиа огтхон ч завсардуулаагүй гэдэг. Иванка Жоржтаун, Пеннсильванийн их сургуульд суралцаж, 2004 онд Эдийн засгийн ухааны зэрэг хамгаалжээ.

Иванка 15 настайдаа “Seventeen” сэтгүүлийн нүүрэнд гарав. 1997 оны тавдугаар сар.

180 см өндөртэй Иванка “Versace”-ын тайзнаа алхаж байсан удаатай. Чамгүй авьяаслагийн зэрэгцээ эцгийнхээ нэр нөлөөгөөр моделийн карьераа ахиулсан гэх шүүмжлэлд өртдөг тэрбээр 2007 онд “Harper’s Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “60 гарсан банкирууд эцэг, эхийнх нь хяналтгүйгээр 16 настай модель охинтой ярих юм юу ч байхгүй” гэж хэлж байлаа. 

Иванка Johnnie Walker-ын “Dressed to Kilt” шоунд алхав. 2007.04.02. Нью-Йорк хот.

Гэхдээ түүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл нь үргэлжид гэр бүлийн бизнес нь байсан гэдэг. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид элдэв төрлийн уулзалт, гэрээ хэлцэл, удирдах төвшний уулзалтад оролцож байв. Харин коллежоо төгссөний дараа 2005 оноос эцгийнхээ удирдлага дор албан ёсоор ажиллаж эхэлжээ.

Нью-Йорк хотын гудамж дахь сурталчилгааны самбарын зураг. 2007 он

Иванка эцгийнхээ гэрээ хэлцэл хийх онцгой авьяасыг өвлөсөн гэгддэг. 150 сая ам.доллараар “залгисан” хөрөнгөө нэг тэрбум ам.доллараар эргүүлж худалдаж дөнгөсөн алдартай наймааг Иванка хийсэн гэнэ.

Доналд, Иванка нар Чикаго дахь 92 давхар өндөр “Трамп цамхаг”-ийн гаднах цутгамалд гарын хээгээ үлдээв. 2008.09.24.

2009 онд тэр “Трампын хөзөр” нэртэй номоо хэвлүүлсэн юм. Бизнест хэрхэн амжилт олох тухай өөрийн туршлага дээр үндэслэн бичсэн тус ном New York Times-ын бестселлер болжээ. Түүний хоёр дахь ном ирэх тавдугаар сард “Ажил хийдэг эмэгтэйчүүд” нэртэйгээр хэвлэгдэх аж.

Иванка “Трампын хөзөр: Ажил, амьдралдаа ялахын төлөө тоглох нь” номынхоо нээлтийн үеэр. Нью-Йорк дахь Trump Tower-т. 2009.10.14.

Иванка Трамп 2005 онд ирээдүйн нөхөр Жаред Кушнертэй танилцжээ. Кушнерийн гэр бүл Трампынхны адилаар үл хөдлөх хөрөнгийн могул байсан бөгөөд Жаред ч Иванкагийн нэгэн ижил папараццийн дуран, олны нүдэн дээр бага балчир, идэр залуу насаа өнгөрүүлсэн нэгэн байв. Тэд маш хурдан ойлголцож, бие биедээ сэтгэл алдарсан гэдэг.
Иванка 2009 оны аравдугаар сарын 25-нд Кушнертэй гэрлэжээ. Тэр нөхрийнхөө төлөө Үнэн алдартны шашинд сүсэглэх болж, шаббат гэгдэх Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэхийн тулд бүхий л цахилгаан хэрэгслээ унтраадаг болсон гэнэ.

2016 оны гуравдугаар сарын 27-нд Иванка, Жаред нар хүүтэй болов. Ингээд хосууд Арабелла, Жозеф, тэгээд Тео гэх гурван хүүхдийн эцэг, эх болжээ. “Эмэгтэй хүнд байж болох хамгийн чухал ажил бол ээж байх” гэж Иванка аавынхаа ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцохдоо хэлж байв.

Иванка Трамп, Жаред Кушнер нар Нью-Йоркийн загварын шоуны үеэр. 2007.09.09

 

Иванка Трамп, Жаред Кушнер нарын хуримын ёслол Нью Жерси дэх Трампын эзэмшлийн Гольфын клубт болжээ.

 

Иванка анх удаа гэр бүлийн таван гишүүний зургийг олон нийттэй хуваалцав. 2016.04.25

Иванка хөдөлмөрч, бас эртэч нэгэн гэнэ. Тэр ихэвчлэн өглөө 6.30 цагт ажлаа эхлүүлдэг. Ойр дотныхон нь түүнийг нөхөрсөг, ганган чамин, уран цэцэн үгтэй, ур чадвартай, бас үл ялиг дээрэнгүй зантай гэж тодорхойлдог. Харин Иванка өөрийгөө “яг эцгийгээ дуурайсан эго нэгэн” хэмээдэг.

Манхэттэний чинээлэг хатагтай хүмүүнлэгийн үйлсэд харамгүй оролцдог аж. Нью-Йорк хотын цагдаагийн газрын сан, Хавдартай хүүхдүүдийн төлөөх жигнэмэг гэх зэрэг олон хүмүүнлэгийн сан түүний нэрээр овоглодог.

Трамп гэх их бизнесийг удирдан залах ажилд эцэгтээ туслахын сацуу Иванка 2007 онд өөрийн гэсэн үнэт эдлэлийн коллекцио гаргав. Удалгүй мөн загварын брэндтэй болжээ.

Өдгөө Иванкагийн дүү нар болох Эрик, Доналд /хоёул Доналд Трампын анхны эхнэр Иванагаас төрсөн/ нар Трамп гэх их гүрний ирээдүйг тодорхойлж яваа. Тэд Нью-Йоркийн баячуудын дүүрэгт сүндэрлэх Trump Tower-т зэргэлдээ өрөөнд ажилладаг бөгөөд гүйцэтгэх дэд ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай.

Эрик, Доналд Жуниор, Иванка, Доналд Трамп нар Вашингтон дахь Трампын шинэ барилгын шав тавих ёслолын үеэр. 2014.07.23

Иванка үргэлж аавтайгаа ойр дотно байдаг. Түүнийг жаахан байхад аав нь охиныхоо ухаантайг магтан шагширч, ойр хүрээний бизнесийн томчуудад үргэлж охиноороо бахархан, онгирдог байсан гэдэг. Бас ямар ч завгүй байсан тэр охиныхоо утасны дуудлагад үргэлж хариу өгдөг байжээ.

Бизнесийн онцгой авьяастай, өндөр мэдрэмжтэй гэх магтаалыг харамгүй сонсдог Иванкаг Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн залуу удирдагчаар зарлав. Мөн тэр 2014 онд “Fortune” сэтгүүлийн “40 нас хүрээгүй хүчирхэг 40 эмэгтэй” жагсаалтын 33-т бичигдэж байсан юм.

Аав нь намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авсны дараа Иванка Бүгд найрамдахчуудын үндэсний чуулганд үг хэлэхдээ эцэг нь  эмэгтэйчүүдийг хөхиүлэн дэмждэг тухай онцлон ярьж байв. Гэвч сонгуулийн кампанийн үеэр Доналд Трамп 2005 онд охид, хүүхнүүд алдартай нэгэнд өврөө нээхээс хэзээ ч татгалздаггүй гэх зэргээр задгай, бүдүүлэг үг яриа хэрэглэн ярьсан бичлэг нь ил болсон юм. Иванка эцгийнхээ тэр мэт үг яриаг “зохисгүй, бусдыг гутаан доромжилсон” гэж тодорхойлсон ч түүнийхээ төлөө уучлал гуйсныг нь үнэлж байна гэж ярьжээ.

Гэхдээ тэр хэзээ ч аавдаа эргэлзэж байгаагүй, цаг хором бүхэнд түүнийг дэмждэг байв. “Эцэгт минь итгэл үзүүлсэн америкчууд та бүхэнд баярлалаа” гэж Иванка ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа хэлж байлаа. “Тэр хэзээ ч та бүхний урмыг хугалахгүй”…
Иванка гарцаагүй аавынхаа хамгийн хайртай охин нь. “Аавын бяцхан охин!” хэмээн Доналд түүнийг одоо ч өхөөрдөн дууддаг гэнэ.

Тиффани, Иванка Трамп нар эцгийнхээ тангараг өргөх ёслолд оролцов. 2017.01.20

Сонгуулийн дараа Иванка, Жаред нар нийслэл Вашингтон ДиСи рүү нүүжээ. Ингэхдээ хоёул олон арван бизнесээ удирдах эрхээсээ татгалзсан байна. Иванка загварын бизнесээ орхиж, Trump Organization дэх удирдах албан тушаалаа дүү нартаа шилжүүлжээ.
Гэвч эцгийг нь шүүмжлэгчид, түүний бодлогыг эсэргүүцэгчид Иванкагийн брэндийг хааж, боох болсон юм. Nordstrom, Neiman, Marcus, Gilt, Burlington гээд томоохон сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн эсэргүүцэл, басхүү борлуулалт муу гэсэн шалтгаанаар Иванкагийн загварын брэндийг лангуунаасаа татан буулгажээ.

Эцгийнхээ хамгийн ойрын үнэнч туслахын хувиар Иванка яг л балчир үеийнх шигшээ бизнесийн могул, дэлхийн удирдагч нартай хийх уулзалтад биечлэн оролцох болов. 

Цагаан ордонд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой хийсэн эмэгтэй энтерпрьенер, бизнес лидерүүдийн асуудлаарх дугуй ширээний уулзалтын үеэр. 2017.02.13

Иванкагийн дуу хоолой ирэх дөрвөн жилд АНУ-ын ерөнхийлөгчийн бодол, шийдвэрт тусгалаа олсоор байна биз. Бүхий л амьдралаа анхаарлын төвд өнгөрүүлсэн “Албан бус тэргүүн хатагтай” Иванка одоо юунд түүнээс татгалзах билээ? 

Иванка бага хүү Теогийн хамт Цагаан ордонд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж