Зинедин Зидан: Цом авсан тэр мөчөөсөө л хуучирч эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2017.03.30-нд нийтлэгдсэн

Зинедин Зидан: Цом авсан тэр мөчөөсөө л хуучирч эхэлдэг

Зинедин Зидан: Цом авсан тэр мөчөөсөө л хуучирч эхэлдэг

“Реал Мадрид” бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай шилдэг клубуудын нэг билээ. Тус багийн 115 жилийн түүхэнд цаг үеэ эзэлсэн олон гайхалтай тоглогчид хувь нэмрээ оруулсан байдаг бөгөөд тэдний нэг нь яах аргагүй Зинедин Зидан. Түүнд хүртэж байгаагүй нэр алдар, өргөж байгаагүй цом гэж үгүй. Тэрбээр “Реал Мадрид”-д тоглогчийн хувиар шүтээн болж Европын тавцанд багаа оргилд хүрэхэд нь манлайлж байсан. Харин тамирчны замналаа дуусгаад багтаа дасгалжуулагчийн хувиар эргэн ирээд дэлхийн хөлбөмбөгийн тавцанд эзэн хааны багийн алдар нэрийг дахин оргилд цуурайтуулж домог гэдгээ баталсаар байгаа нэгэн. Зиданыг ялалтын дүр төрх гэх нь бий. Ямартай ч домогт Сэр Алекс Фергюсон “Надад Зиданыг арван модтой хамт өгчих, би аваргуудын лигт түрүүлээд өгье” гэж хэлж байсныг хөлбөмбөг сонирхогчид сайн санаж байгаа байх. Байгаа газар бүрт нь ялалт дагаж байдаг Зиданы амжилтын нууцыг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэр өөрөө ч нэгэнтээ “Амжилтад хүрэх замыг минь хичээнгүй хөдөлмөр л гэрэлтүүлсэн юм даа” хэмээж байв. Зизу дасгалжуулагчийн ажлаа хүлээн авснаас хойш тун завгүй байх болсон. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд аль болох бага цаг зарцуулахыг хичээж буй Зидантай FIFA.com ярилцсаныг хүргэж байна.

-Зинедин Зидан. Та “Реал Мадрид”-ыг удирдаж эхэлсэн тэр мөчөөсөө хойш тасралтгүй амжилттай явж ирлээ шүү дээ. Анхнаасаа ийм зүйл болно гэж мэдэж байв уу?

-Мэдээж амжилттай байхыг хүсч байсан. Энэ баг амжилт гэсэн хэмжүүр л байдаг болохоор эхний өдрөөс л хүлээлт үүсч эхэлсэн. Ялахаас өөр юу хүсэх билээ дээ. Анхны жилдээ аваргуудын лигийн цомыг өргөсөн явдал үнэхээр эгэлгүй мэдрэмж байсан. Харин бид одоо энэ амжилтаа давтахын тулд өдөр шөнөгүй зүтгэж байна. Үүнээс гадна лигийн аваргын цомыг хүртэх ёстой. Хөлбөмбөгийн замнал ийм л байдаг. Хэзээ ч зогсошгүй. Цом, шагналууд авсан тэр мөчөөс л хуучирч эхэлдэг болохоор дараагийн цом руугаа дайрах хэрэгтэй болдог.

-Тоглогчийн хувьд зодог тайлахдаа дасгалжуулагч болж ногоон талбайдаа эргэн ирээд амжилттай ажиллана гэж төсөөлж байсан уу?

-Үгүй ээ. Яагаад гэвэл би тоглогч байхдаа өөртөө үргэлж “дасгалжуулагч л болдоггүй юм шүү” гэж хэлдэг байсан юм. Зодог тайлчихаад өөр олон төрлийн зүйл хийж үзсэн. Гэхдээ л хөлбөмбөгтэй, ялангуяа “Реал Мадрид”-тай ойрхон байсаар л байсан. Тэгээд талбайдаа эргэж ирэхийг үнэхээр их хүсч байгаагаа ойлгосон. Ингэж л дасгалжуулагчийн гараа маань эхэлсэн юм даа. Одоо бол миний хамгийн дуртай ажил.

-Та цаг хугацааг ухрааж байгаад буцаад хөлбөмбөгчин болох юмсан гэж хүсч байсан уу?

-(Инээв). Амьдрал ийм л шүү дээ. Өнгөрсөн тэр хором мөчүүд үгээр хэлэхийн аргагүй сайхан, би ч тамирчны амьдралдаа хайртай байлаа. Гэхдээ цаг хугацааны эргэлтээс бултах боломжгүй. Би одоо ч хийх дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа болохоор гомдоллох эрхгүй ээ.

-Та тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэ цэнэтэй шагналыг хүртсэн. Нэг амжилтын хоёр мэдрэмжийн хооронд ямар нэг ялгаа бий юү?

-Ер нь адилхан. Гэхдээ нөхцөл байдал, ажлын ялгаанаас болж 100 хувь адилхан байх боломжгүй. Авсан мэдрэмж бол яг ижил. Дасгалжуулагчийн нэрээр цомоо өргөх илүү сайхан санагдсан. Надад илүү хэцүү санагддаг болохоор тэр л дээ. Хоёр талд аль алинд нь маш хүчтэй сэтгэл хөдлөл, баяр хөөрийн мэдрэмж дүүрэн байсан.

-Дасгалжуулагчийн хувиар аварга авах илүү хэцүү гэж танаас сонсох сонирхолтой байна. Яагаад тэр вэ?

-Талбай дээр өөртөө, бас өөрийнхөө хийх ажилд анхаарал хандуулахад л тоглогчийн хувьд хангалттай байдаг. Баг, талбай зэрэгт санаа зовох шаардлагагүй. Ингэж хэлж байгаа ч гэсэн би хамтрагчиддаа үргэлж сайн дамжуулалтууд өгдөг байсан шүү дээ. Тэгэхээр бага ч гэсэн санаа зовдог байсан юм байна (Инээв). Эсрэгээрээ дасгалжуулагч 24 хүнд зэрэг анхаарал хандуулдаг. Ганц энэ ч биш шүгэл дуугарах тэр мөчөөс л бүх зүйлд анхаарлаа хөвчлөх зайлшгүй шаардлагатай. Дасгалжуулагчийн ажлыг хүнд хэцүү гэх энгийн жишээ гэвэл амралтгүй, чөлөөт цаггүй амьдралын хэмнэл.

-Дасгалжуулагчид тулгардаг хамгийн хүнд хэцүү бэрхшээлийг нэрлээч?

-(Хэсэг хугацаанд бодолхийлэв).. Яг оноогоод хэлэх зүйл алга. “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдоход ямар өндөр хариуцлага, хүнд үүрэг нуруун дээр минь ирэв ээ гэж бодсон. Өмнө нь нөөц багийг дасгалжуулж байсан ч гэсэн ямар эвгүй санагдсан гээч. Огт өөр хэмжээст ертөнцөд шилжээд ирж байгаагаа эхнээсээ л мэдсэн. Ингэж хэлж байгаа ч энэ багт 15 жилийг өнгөрөөсөн болохоор бэлэн байсан гэхэд болно. Энэ багт байх, хувцас солих өрөөнд ямар байдаг гээд “Реал Мадрид”-тай холбоотой бүхнийг би мэднэ. Ажилла, илүү их ажилла гэсэн зорилгын дор санаануудаа хэрэгжүүлсэн. Харин та бүхэн үр дүнг нь одоо харж байна.

-Гоц авъяасаараа гайхагддаг байсан тоглогчийн амнаас хичээл зүтгэл хамгийн чухал гэсэн үгс сонсох үнэхээр цочирдмоор байлаа.

-Би бүр хайрладаг гээч. Амьдралынхаа туршид хүмүүст өгч байсан хамгийн шилдэг зөвлөгөө минь гэж боддог юм. Авъяасаа түр мартаад уйгагүй хичээж, зүтгэх хэрэгтэй. Хичээл зүтгэлгүйгээр юу ч бүтэхгүй.

-Та тоглогч Зиданыг дасгалжуулах боломжтой байсан бол өөрөөсөө ямар сайн чанар болон алдаа дутагдал олж харах байсан бол?

-Тоглогчийн хувиар би багтаа эерэгээр нөлөөлдөг. Юунд ч сайн дасан зохицдогийнхоо ачаар багийнхнаа сайн тоглуулах үүрэгтэй талбайд гардаг байсан болохоор бүгд надад хайртай байсан. Хамтрагчиддаа гоол оруулах боломж бүрдүүлж, гоолыг нь бэлдэж өгөх ямар сайхан гээч. Дасгалжуулагч нар надад хайртай байдаг байсны шалтгаан энэ шүү дээ. Би яг юунд дургүйлхэж, ямар алдаа дутагдал олж харахаа мэдэхгүй байна. Хэлэхэд хэцүү юм. Надад мэдээж алдаа дутагдал байж таараа, гэхдээ өөр хүнээс асуусан нь дээр байхаа (инээв).

Т.ЖАРГАЛСАЙХАН

Эх сурвалж: СПОРТЫН ШУУДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж