Сүүлчийн хааны ордон сүйрлийн ирмэгт

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Сүүлчийн хааны ордон сүйрлийн ирмэгт

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, Зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

“NEWS” агентлаг “Миний хотын түүх” булангийнхаа энэ удаагийн дугаараар VIII Богд Жавзандамба хутагтын зуны ордон буюу “Хайстай лаврин” ордны тухай сурвалжлан хүргэж байна.

Олон жилийн тэртээд одоогийн Удирдлагын академийн орчимд Богд хааны зуны “Хайстай лаврин” сүндэрлэж байсан бол харамсалтай нь өдгөө хуучны дөрөвхөн барилга л үлджээ. Орчин цагийн нүд алдам өндөр барилга дунд, хэдхэн алхмын зайтай хоёр гуравхан хуучны байшин үзэгдэх нь Богд хааны “Хайстай лаврин” ордны нэгээхэн хэсэг ажээ.

Үүх түүхээ мэдэхгүйгээс ч юм уу  газар олголтыг зах замбараагүй олгосноос түүх соёлын дурсгалт газраа хайр найргүй устгаж буйг харахад сэтгэл эмзэглэм.


“Марзан Шаравын зурсан “Хайстай лаврин”-гийн бүтэц, зохион байгуулалтын зураг”

БАГШИЙНХАА ОРДОНГ ЗАСВАРЛАН “ХАЙСТАЙ ЛАВРИН” БАРЬЖЭЭ

Эрдэнийн далай баян сүм буюу Богд хааны сэрүүн ордныг “Хайстай лаврин”, “Хайлаастай лаврин”, “Хүрэн ордон” гэх мэтээр нэрлэдэг байжээ. ‘Хайстай лаврин’ ордонг Чингэлтэй уул, Хайлааст уулын дунд байгуулсан ч сүүлд Туул голын баруун ард талд нүүлгэсэн байна.

Анх XIX зууны cүүл үед Ёнзон хамба ‘Хайстай лаврин’-г модон хашаагаар тойруулж хамгаалалт хийн эзэмшиж байжээ. Улмаар Ёнзон хамбын уг лавринг ХХ зууны эхээр Богд хаан засаж сэлбэн өргөтгөж, эзэмших болсон байна. ‘Хайстай лаврин’ нь 1920-иод он гэхэд нилээд өргөжин тэлж олон барилга байшин, гэр тугдамуудтай болсон бөгөөд Богд хаан голдуу уг ордондоо зусдаг байжээ.

“Хайстай лаврин”-гийн он цаг нь тодорхойгүй архивын зурагнаас”

Хааны зуслангийн гол ордон учраас Богдын сүү цагааг бэлтгэдэг цөөн тооны өндгөн сүргийг маллагч, саальчин өрх уг ордны хаяанд суурьшиж байсан гэдэг. ‘Хайстай лаврин’ цогцолборын хоёр давхар цамхагийн дээд давхарт 12 жилээр чимэглэж хийсэн сүрлэг том цагийг байрлуулсан нь тухайн үедээ ихээхэн өвөрмөц барилгад тооцогдож байсан тухай Богд хааны музейн ажилтан тайлбарлалаа. Мөн энд хоёр давхар томоохон барилга, харуулын өндөр байр, сайтар тохижуулсан усалгаатай цэцэрлэгт хүрээлэн, олон төрлийн тэжээвэр амьтад тэжээдэг байжээ.

ХАМГИЙН АНХНЫ “ЦАГНЫ СҮМ” БАЙРЛАЖ БАЙВ

Одоогоос зуугаад жилийн өмнө Богд хааны ‘Хайстай лавиран’-гийн гадна хоёр давхар зургаан талт “Цагны сүм” оршдог байжээ. Богд хаан уг цагны сүмийг 1920 онд бариулсан бөгөөд дээд давхарт нь 12 жилээр чимэглэж хийсэн маш том цаг байрлуулсан байна. Богд хааны “Цагны сүм” бол одоогийн Төв шуудангийн дээд талын цагнаас ч өмнө Нийслэл хүрээнд сүндэрлэж байсныг түүхийн архивын баримт гэрчилж байгааг музейн ажилтан хэллээ.

Богд хаан цагны хоббитой, цагны маш баялаг цуглуулгатай байжээ. Хожмоо Богдыг жанч халсаны дараа түүний эд хөрөнгийг Эрүүлийг хамгаалах газар, Ардыг гэгээрүүлэх яам, Шашны газар, Цэргийн явдлын яаманд тус тус хуваарилан олгосон байдаг. Энэ тухай архивын баримтыг сөхөж үзвэл ‘Эрүүлийг хамгаалах газрын хуваарьт олгосон юмны тэмдэглэл данс’-ны 1926 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд ‘Зургадугаар долдугаар нийлсэн авдраас 6, 8, 20, 21, 22, 28, 36, 37, 38, 43, 80, 81, 82, 88, 108, 113-117, 125, 126, 134-136, 138, 139, 141,143, 144, 146, 148, 153, 160, 167, 171, 173, 175, 177, 179, 200, 220, 223, 232, 245, 260, 290, 307, 312, 313, 334, 338, 340, 341, 348, 356, 357 дугааруудад агуулсан сувд, паалантай ба мөнгө, төмөр цагны үнэ 888 янчаан’ хэмээн үйлджээ.

Түүнчлэн 1926 онд зохион байгуулсан дуудлага худалдаагаар олон хүн Богд хааны цагны цуглуулгаас худалдаж авсан баримт өдгөө Үндэсний төв архивт хадгалдагдаж байгаа ажээ.

Богд хааны Хайстай лавирангийн гадна хоёр давхар зургаан талт “Цагны сүм”. Нийслэл хүрээний хамгийн анхны том цаг ажээ.

“ХАЙСТАЙ ЛАВРИН”-ГИЙН НЭГ ОРДОНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛААД БАЙНА

Богд хааныг таалал төгссөний дараагаар ‘Хайстайн лаврин’-г Засгийн газрын комисс мэдэлдээ авсан байна. Улмаар 1937 онд тус ордонг Хувьсгалын намын төв сургууль болгон ашиглаж байжээ. Тухайн байшин нь хоёр давхар байшин байсан, одоогийн Удирдлагын академи болсон байна. Сонирхуулахад ‘Хайстай лаврин’-гийн хуучин төрх нь 1934 онд кино архивын зурагт үлдэж хадгалагдсан байдаг аж.

‘Хайстай лаврин’ ордонгоос дөрвөн байшин л үлдсэн бөгөөд эдгээрээс ганцыг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр сэргээн засварлажээ. Хуучин ордонг сэргээн засварлаж, энэ оны дөрөвдүгээр сард Богд хааны ордон музейд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Тус музейн зүгээс ‘Хайстай лаврин’-д Богд хааны чихмэл амьтдын цуглуулгыг олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Гэвч одоогоор тус ордон музейг дулааны шугамд холбох, музейн дохиоллын систем суурилуулах, музейн дэглэлтийг хийх, ажиллах орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаас шалтгаалан ашиглалтад ороогүй байгааг тус музейн ажилчид хэлж байв.

ДОНДОГДУЛАМ ХАТНЫ НОМЫН ӨРГӨӨНД ГУРВАН АЙЛ АМЬДАРЧ БАЙНА

Удирдлагын академи орчмын газар хуучны Хайстай лаврингийн цогцолборын газрыг нийслэлийн удирдлагууд хараа хяналтад авч, газар өмчлөлийг өгсөн бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсныг музейн ажилтнууд хэлж байна. Өнөөдөр эдгээр ордныг дахин сэргээн засварлах боломжтой ч гадна талбайн зай бага, дэргэд нь өндөр орон сууцнууд боссон учраас ордны барилгуудыг нэгтгэн засварлах боломжгүй болоод байна” хэмээн Богд хааны ордон музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш учирлалаа.

“Дондогдулам хатны номын өргөө”-нд одоо Удирдлагын академийн ахмад ажилчдын үр хүүхдүүд болох гурван айл оршин суудаг байна"

Богд хааны өргөмөл хүүхдүүдийг асардаг байсан ордонд хуучнаар Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв байрладаг байжээ. Мөн Богд хааны өөр нэг өргөө болох Удирдлагын академийн мужааны байр гэх хуучны барилгын орчин цагийн орон сууцны дунд шахагдсан байдалтай харагдана. Харин Дондогдулам хатны номын өргөөг Удирдлагын академи ажилчдын орон сууц хэлбэрээр ашигладаг ажээ.

Уг газарт ордон барихдаа Богд хаан, Дондогдулам хатан нар хүүхэд өсгөхөд нэн тохиромжтой хэмээн сонгож, өөрсдийн өргөмөл хүүхдүүдээ асруулж өсгөдөг байжээ. Тиймээс Хайстайн ордны хүүхэд асардаг том байшинд Богд хааны өргөмөл хүүхдүүд болох 300 гаруй хүүхдүүдийг өсгөж байсан байна. Хожим Эх дагина Дондогдулам таалал төгссөнөөр энд торниж байсан хүүхдүүд тус бүрийг нэг, нэг тугалтай үнээний хамтаар айлуудад тараасан гэдэг. Богд хааны өргөмөл хүүхдүүдээс Намын төв хорооны архивын эрхлэгч Эрэнжав, хөгжмийн зохиолч Мөрдорж гуай зэрэг алдартнууд төрөн гарсан байна.

Удирдлагын академийн мужааны байр гэх хуучны барилгын орчин цагийн орон сууцны дунд шахагдсан байдалтай харагдана.

Ийнхүү сүйрлийн ирмэг дээр Сүүлчийн хааны ордоноо түүх дурсгалын чиглэлээр нь хайрлан хамгаалахыг музейн ажилтнууд төр засгаас хүсч байна. Улаанбаатар хотод байгаа цөөн хэдэн түүх дурсгалын барилгаа анхааралдаа авахгүй бол мөнгөөр тооцохын аргагүй үнэт өвд өнөөдөр балгас болсоор л… Үүний ганцхан жишээг  уншигч та бүхэнд хүргэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

Богд хааны "Хайстай лаврин"-г сэргээн засварлажээ.

Удирдлагын академийн мужааны байраар ашиглаж байсан өргөө.

Удирдлагын академийн мужааны байраар ашиглаж байсан өргөө.

Удирдлагын академийн мужааны байраар ашиглаж байсан өргөө.

Удирдлагын академийн мужааны байраар ашиглаж байсан өргөө.

Дондогдулам хатны номын өргөө.

Дондогдулам хатны номын өргөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж