Өмнөдийн ТӨМӨР ХАТАГТАЙ

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Өмнөдийн ТӨМӨР ХАТАГТАЙ

Өнөөдрийн техник технологи болон хэрэгцээний хувьд хамгийн багадаа 1GB багтаамжтай байх хэрэгтэй.

Пак Гын Хэгийн түүх бол Өмнөд Солонгосын түүх юм. Анхны эмэгтэй төрийн тэргүүн, басхүү импичментээр огцорсон анхны төрийн тэргүүн. Пак бага залуу болоод хижээл насаа аль алийг нь Хөх ордонд өнгөрүүлсэн нэгэн. Олны өмнө бүхэлдээ ил байсан түүний амьдрал эмгэнэлт явдал, дуулиан шуугиан дунд өнгөрчээ.

Пак Гын Хэгийн эцэг Пак Чон Хи 1961 онд цэргийн хүчээр төрийн эрхийг гартаа оруулж, улмаар Пак 1963 онд 11 настайдаа анх удаа ерөнхийлөгчийн ордонд хөл тавьжээ. Өрсөлдөгчдөө замаасаа зайлуулж, зөвхөн өөртөө зориулж, өөрийн байр сууриа батжуулахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан болохоор Пак Чон Хиг дарангуйлагч гэж тодорхойлдог. Гэхдээ бас улс орны эдийн засгийг хөл дээр нь босгож, Солонгосын хойгийн дайны үнс нурмаас эх орноо өндийлгөн бэхжүүлсэн баатар ч гэгддэг.

1974 онд Пак Гын Хэгийн ээж нь таалал төгсчээ. Харамсалтай нь, Пак Чон Хиг хөнөөх гэсэн халдлагын золиос эхнэр нь болсон байна. Ээжийнхээ үхлийн дараах жилүүдэд Пак Гын Хэ Тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэж, эцгийнхээ хамт дэлхийн лидерүүдтэй гар барьж явлаа. Улс орноо хэрхэн удирдахад суралцсан, басхүү бэлтгэгдсэн он жилүүд тэр байв.

“Ээжийн маань гэнэтийн үхлийн дараа Тэргүүн хатагтайн үүрэг хариуцлага гэдэг зүйл гэнэтхэн л намайг нөмөөд ороод ирсэн. Мэдээж надаас их зүйл шаардсан, амаргүй даалгавар байсан” гэж Пак Гын Хэ 2014 онд CNN-д өгсөн ярилцлагадаа ярьсан байдаг.

Ээж нь бусдын гарт амиа алдсанаас хойш таван жилийн дараа эцэг нь мөн хамгаалалтын албаны даргадаа алагджээ. Эцэг, эхээ аль алийг нь алдсан Пак олон нийтийн хүрээллээс дайжиж, өөрийнх нь тодорхойлсноор “маш энгийн амьдрал”-аар амьдрах болжээ.

Ази тив санхүүгийн хямралд өртсөн 1990-ээд оны сүүлчээр Пак улс төрд дахин татагдан оржээ. Удам судар сайтай, удирдагчийн охин хэдий ч түүний улс төрийн замнал тийм хялбар байсангүй. 2006 онд, орон нутгийн сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр Сөүлд тэр халдлагад өртөв. Цаас зүсэгч барьсан эр Пак руу дайрч, нүүрэндээ 11 см урт зүсүүлсэн Пак Гын Хэ 60 оёдол тавиулсан гэдэг. Гэхдээ Пак улс төрийн талбарт хэзээ ч бууж өгч байсангүй, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мүн Жэ-жинг ялснаар БНСУ-ын анхны эмэгтэй төрийн тэргүүнээр сонгогдсон байна. Ингээд 2013 онд тэр 20 гаруй жилийн дараа Хөх ордонд эргэн иржээ.

Харамсалтай нь, Хөх ордны тэргүүн хатагтайн замнал эхэлсэн шигээ ээдрээтэй төгсөв. Авлига, хээл хахууль, төрийн нууц задруулсан хэрэгт нэр холбогдож, БНСУ-ын парламент түүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулав. Огцруулах нь зүйтэй гэсэн парламентын шийдвэрийг Үндсэн хуулийг шүүх хэлэлцэж, дэмжив. 2016 оны сүүлчээр эхэлсэн энэ дуулиан үргэлжилсээр 2017 оны гуравдугаар сарын 10-нд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Пак Гын Хэ ерөнхийлөгчийн албанаас огцорлоо.

Харин одоо тэр хорих ангид саатуулагдаад байгаа. Авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн, төрийн нууц задалсан зэрэг 13 зүйл ангиар буруутгагдаж буй түүнийг өнгөрсөн Баасан гаригт /2017.03.31/ Кёнги мужийн Уйванг хот дахь хорих ангид аваачсан юм. Түүнийг баривчлан саатуулах хугацаа дөрөвдүгээр сарын 19-нд дуусгавар болно.

Сүүлийн мэдээллээр Пак Гын Хэгээс Мягмар гаригт /2017.04.04/ хорих ангид байцаалт авахаар болсон байна. “Пак Гын Хэг прокурорын газарт ирж, мэдүүлэг өгөхийг шаардсан ч сэжигтний өмгөөлөгч нар түүний сэтгэл зүйн байдал болон аюулгүй байдлыг харгалзан татгалзсан. Тиймээс Мягмар гаригт түүний саатуулагдаж буй хорих ангид байцаалт авахаар болсон” гэж албаны хүн мэдэгджээ.

Сөүл хотын дүүргийн шүүхээс баасан гаригт (2017.03.31) 03.00 цагт экс-ерөнхийлөгчийг баривчлан саатуулах шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа Пак Гын Хэг шүүхийн байрны зэргэлдээ орших Сөүл хотын дүүргийн прокурорын газарт хорьсон бөгөөд удалгүй 15 орчим минутын дараа Кёнги мужийн Уйванг хотод орших түр саатуулах төв рүү авч явсан байна.

 

Пак Гын Хэгийн хоригдох өрөөний бүдүүвч зураг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж