Мэргэжлийн бус мэргэжилтнүүд олширсоор | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэргэжлийн бус мэргэжилтнүүд олширсоор

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн бус мэргэжилтнүүд олширсоор

“Universe best song 2009” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг дуучин Б.Солонгыг мэргэжлийн хүрээнийхэн дотортой сайн дуучин хэмээн үнэлдэг.

Өнөө үед шинэ мэргэжлүүд бий болж, мэргэжлийн эрэлт, хүмүүсийн мэргэжилд хандах хандлага өөрчлөгдсөөр байна. Гэвч сүүлийн жилүүдэд ирээдүйн мэргэжлийнхээ гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар, цалин хөлс, ахиж дэвших боломжийг сайтар судлаагүйгээс мэргэжлийн бус мэргэжилтнүүд олширч байгааг албаныхан хэлж байна.


Их, дээд сургууль төгсөгчдийн 60 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг

Их, дээд сургууль төгсөгчдийн хувьд цэрэг цагдаа, аюулгүй байдал, барилга, архитектур, анагаах ухаан, мал эмнэлэг, багш боловсрол судлал, урлагийн салбарт мэргэжлийн дагуу ажиллаж байгаа ч байгаль хамгаалал, нийгмийн халамж, хангамж, хүмүүнлэгийн ухаан, бүх төрлийн инженерийн мэргэжилтнүүд нь мэргэжлийн бус болохыг Хөдөлмөрийн яамнаас 2013 онд хийсэн “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны дүн харуулжээ.

“Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжлийг сонгохдоо хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? гэж асуудаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийг сайн, муугаар нь ялгаварладаг гэсэн үг л дээ. Үүнээс болж манай эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжлийн сонголтыг буруу хийлгэх нь бий” гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх хэллээ. Дээр нь “Сүүлийн жилүүдэд их, дээд сургууль төгсөгчдийн 60 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Үлдсэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Үүний нэг шалтгаан нь мэргэжлээ буруу сонгосонтой шууд холбоотой. Мөн ажлын байрны шаардлага хангахуйц сургалтыг их, дээд сургуульдаа суралцаж, эзэмшээгүйтэй холбоотой” гэдгийг онцлов.

Би бага ангийн багш мэргэжилтэй болно

“Би сургуулиа төгсөөд, бага ангийн багш болох хүсэлтэй. Яагаад ч юм багш нар хүүхдүүдтэй их гоё харилцдаг болохоор багш мэргэжилтэй болмоор санагдсан. Би ирээдүйн ажил мэргэжлээ сайн судлаагүй ч их, дээд сургуульдаа сайн суралцаад, сайн багш болно гэж боддог юм. Би одооноос эхлэн монгол хэл, математикийн хичээлдээ бэлдэж байгаа” хэмээн 97 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Өнөрхүслэн охин хүсэл мөрөөдлөө хуваалцлаа.

Энэ мэт залуус ирээдүйн мэргэжлийнхээ сайн сайхан талыг харж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн мэргэжлээ сонгодог. Гэвч их, дээд сургууль болон мэргэжил сургалтын үндэсний төвүүдэд мэргэжил эзэмшиж буй залуусын ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Дээр дурдсан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-гаар нийт төгсөгчдийн 68.8 хувь нь өөрийн хүсэл сонирхлыг харгалзан үзсэн, 9.1 хувь нь эцэг, эх, багш нар санал болгосон, 7.9 хувь нь элсэлтийн босго оноо, суурь боловсролын дүн, тухайн мэргэжлээр суралцах шаардлагыг хангасан, 5.9 хувь нь ажил мэргэжлээрээ хөгжих боломжтой хэмээн мэргэжлээ сонгосон гэж хариулжээ.

“Миний хувьд хүүхдүүд гэр орны нөхцөл байдал, аав ээжийн ажил мэргэжлийн онцлогоос хамаарч ирээдүйн мэргэжлээ сонговол ажил дээр гарахад дөхөмтэй юм шиг санагддаг. Энэ нь бусад хүүхдүүдээс давуу тал ч болох нь бий. Хүүхдүүд үеийнхнийхээ сургаар, сэтгэлийн хөөрлөөр мэргэжлээ сонгодог. Сүүлийн үеийн хүүхдүүдийн нэг том дутагдал нь эцэг, эхийнхээ үг авдаггүй болж. Заавал их, дээд сургууль төгсч байхаар маш мундаг мужаан, гуталчин болж болно. Өөртөө ажлын байр бий болгох зүйлээ л хийх хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед их, дээд сургуулиа төгсөөд худалдагч хийж байгаа өчнөөн залуус байна шүү дээ. Бусдыг битгий дууриа. Өөрийгөө олж ав. Аливаа мэргэжлийн үнэ цэнэ гэж байх ёстой. Эзэмшсэн мэргэжилдээ тууштай, эзэн нь болох хэрэгтэй” хэмээн орос хэлний багш Ц.Чинбат ярилаа.

Ирээдүйн мэргэжлээ хоёр жилийн өмнөөс бодож, сонгох хэрэгтэй

Түүнийг Э.Алтантуул гэдэг. Тэрбээр Монгол Улсын их сургуульд микробиологич мэргэжлээр суралцаж байгаа. Одоо дөрөвдүгээр курсийн оюутан тэрбээр анх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд эмч болох хүсэлтэй байсан ажээ. Гэсэн ч хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн микробиологич мэргэжлийг сонгосон байна. Ийн өөрийн хүссэн мэргэжлээ сонгоход элсэлтийн шалгалтын оноо тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тухай хэлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Би анх мэргэжлээ сонгохдоо сургуулиа төгсөөд юу хийхээ ч ойлгодоггүй байлаа. Харин гуравдугаар курсийн оюутан болж, суралцаж буй мэргэжлээ ойлгож эхэлсэн. Миний хувьд ажиллахаасаа өмнө мэргэжлээ дээшлүүлж, сурах төлөвлөгөөтэй байна” гэв.

Мөн их, дээд сургууль төгсөгчдийн 14.2 хувь нь төгсөхөөсөө өмнө ажилтай болсон бол хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн 25.5 хувь, байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн 23.3 хувь, тээвэр болон бусад мэргэжлийн 21.3 хувь нь, сэтгүүлзүйн мэргэжилтнүүдийн 20 хувь нь ажилгүй болжээ.

“Мэргэжлээ буруу сонгосноос сэтгэл санааны хямралд орох, мэргэжлээ сонгосны дараа сэтгэл ханамжгүй хандах эсвэл сургуулиа дахин солих гэх мэт асуудлаар хүмүүс манай төвд ханддаг. Ялангуяа оюутнууд маань ажлаа хүнд хэцүү гэж битгий хандаасай гэж хүсч байна. Оюутан байхад цагийн ажил, сайн дурын ажил хийх бололцоо маш их байдаг. Гэтэл залуус маань ажил дээр гараад, ачаалал даах чадваргүйгээс гадна өндөр цалин хардаг. Уг нь оюутан байхдаа ажил хийсэн хүмүүс ажил дээр гарсны дараа багаар ажиллах чадвар, харилцаа сайжирсан байдаг. Дөрвөн жил их сургуульд академик мэдлэг эзэмшчихээд, ажил дээр гарахаар ур чадвар нь нийцдэггүй. Тэгээд л тэр хүнийг сургах гэж албан байгууллагууд их хугацаа шаарддаг. Суралцах явцдаа давхар дадлага хийж байх нь цаашдаа ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болдог. Тиймээс ядаж л би ямар мэргэжил сонгож, ирээдүйд сэтгэл ханамжтай, сайхан амьдарч чадах вэ гэдгээ хоёр жилийн өмнөөс бодох хэрэгтэй” тухай Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг зөвлөсөн юм.

"Болор дуран"-аар шалгав.