Шинэ нэр: “The MongolZ”-ын аttacker буюу довтлогч Б.Бат-Энх

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Шинэ нэр: “The MongolZ”-ын аttacker буюу довтлогч Б.Бат-Энх

Монгол–Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы “Нихон Сеико” дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид уран зургийн үзэсгэлэнгээ Эх үрсийн баяраар нээн, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

“NEWS” агентлаг залууст зориулсан “Шинэ нэр” булангийн шинэ зочноор дэлхийн кибер ертөнцөд эх орныхоо нэрийг цуурайтуулж буй залуусын нэг Батбаярын БАТ-ЭНХ-ийг онцоллоо.

 

Б.Бат-Энх нь Монголын кибер спортын мэргэжлийн “Тhe MongolZ” багийн довтлогч. Тэрбээр 14-хөн насандаа Монгол Улсын CS 1.6 тоглоомын улсын аварга болж байжээ.

Бид компьютер тоглоомыг “гаж дон”, “өвчин эмгэг” гэх хандлага бий. Гэтэл энэ ойлголтыг “Тhe MongolZ” багийнхан өөрчилж, 2016 онд Тайваньд зохиогдсон “IEM Taipei” тэмцээнд түрүүлж “Азийн аварга” болсон амжилтыг үзүүлсэн билээ.

“The MongolZ” баг анх “E-sport” клуб нэртэйгээр байгуулагдсан ч цаашдаа энэ спортоор дэлхийд эх орныхоо нэрийг гаргах зорилгоор “The MongolZ” гэж нэрээ өөрчилсөн.

“The MongolZ” багийн Attacker буюу довтлогч Б.Бат-Энх гэж хэн бэ? Түүнтэй танилц.

БАТБАЯРЫН БАТ-ЭНХ: 1995.06.01

Төгссөн сургууль:

Улсын тэргүүний 33 дугаар сургууль /2012 он/

Бээжин хэл соёлын их сургуулийн хэлний бэлтгэл /2014 он/

Korea university их сургуулийн хэлний бэлтгэл /2015 он/

Мэргэжил: Электроник спортын мэргэжлийн тамирчин

Одоо эрхэлж буй ажил: “The MongolZ” багийн тоглогч

Сошиал хуудас: Бат-Энх Кабие /фэйсбүүк/


АНХ ХЭДЭН НАСТАЙДАА КОМПЬЮТЕР ТОГЛОЖ СУРСАН БЭ?

-Би багаасаа компьютерт сонирхолтой хүүхэд байлаа. Анх 10 настайгаа компьютер тоглоом тоглож сурсан. Тэр үед Монголд CS 1.6 гэж тоглоом л байдаг байлаа. Намайг хүүхэд байхад манай хоёр ах үе үе компьютер тоглоом тоглоно. Би чадахгүй мөртлөө ах нартайгаа хамт тоглоно гэж уйлсаар байгаад дагаж тоглодог байв. Анх дайснаа буудаж ч чадахгүй, компьютерын хулганаа хөдөлгөж чаддаггүй байлаа. Яваандаа тоглоомынхоо учрыг ойлгож эхэлсэн дээ.

АНХНЫ АМЖИЛТ

14 насандаа Монгол Улсын CS 1.6 тоглоомын улсын аварга болж, анхны амжилтаа гаргасан. Тэр тэмцээний дараагаар их сургуульд суралцаж, компьютер тоглоом тоглохгүйгээр хэсэг завсарласан. Энэ хугацаанд би БНХАУ-ын Бээжин хэл, соёлын их сургуулийн хэлний бэлтгэлд хоёр жил суралцаад, бас Өмнөд Солонгост хэлний бэлтгэлд суралцсан. Өмнөд Солонгост электроник спорт маш өндөр хэмжээнд хөгжсөн. Тэр үед надад өмнө нь компьютер тоглоом тоглодог байсан учраас энэ сонирхлоо улам хөгжүүлэх бодол төрсөн. Тухайн үед Монголоос анх “The MongolZ” багийн ахлагч Л.Энхтайван, гишүүн Б.Тэмүүлэн нар эх орноо төлөөлж Азийн том тэмцээнүүдэд оролцдог байсан. Би хэлний бэлтгэлээ төгссөнийхөө дараа “The MongolZ” багийн гишүүн болох санал хүлээн авч, зөвшөөрсөн. Яг тэр үед манай баг Азийн аварга болж байлаа. 

 

Солонгос улсад болсон "PGL Asia Minor Championship-2016" тэмцээний үеэр

Солонгос улсад болсон ‘PGL Asia Minor Championship-2016’ тэмцээний үеэр

МОНГОЛ ТАМИРЧДЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Дэлхийд монгол тамирчдыг их зоригтой тоглолт хийж чаддаг гэж үнэлдэг. Бидэнд өөрсдийн гэсэн ур чадвар, бусад орны тамирчдад байдаггүй зориг бий. Энэ нь бидний цусанд байдаг байх л даа.

Анх аав, ээж нар маань төдийлөн ойлгодоггүй байлаа. Сүүлд гадаад, дотоодын тэмцээнд амжилт гаргаад ирэхээр илүү ойлгодог болсон. Одоо манай багийнхныг гэр бүлийнхэн маань их сайн дэмждэг. Манай багийн зарим гишүүний гэр бүлийнхэн нь бүр алдаа оноог нь хэлж өгч, зөвлөдөг болсон.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ?

Тэмцээнд бэлтгэхийг өдөржин, шөнөжин компьютер тоглодог гэж ойлгож болохгүй. Том багуудын үндсэн тактикийг судална. Жишээ нь, энэ багийн эсрэг ийм тактиктай тоглох хэрэгтэй гэх мэтээр багаараа ярилцдаг. Мөн тоглогч хүн хамгаалагч талаасаа бусдыг хэрхэн гэнэдүүлэх вэ зэргээр хувийн бэлтгэлээ хийдэг.

Азийн хувьд том тэмцээний шагналын сан нь 50-100 мянган ам.доллар байдаг. Манай баг өнгөрсөн арваннэгдүгээр сард Малайзад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.

 

CS:GO тактикийн дэвтрээс...

CS:GO тактикийн дэвтрээс…

МЭРГЭЖЛИЙН ТОГЛОГЧ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Би англи, хятад, солонгос хэлтэй. Хэлний мэдлэг олон улсын тэмцээнд оролцоход давуу тал болж өгдөг. 

Мэргэжлийн тоглогч хүнд ур чадвар, туршлагаас гадна сэргэлэн зан, багаар ажиллах чадвар маш чухал байдаг юм.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Бид өдөрт 10-11 цагийн бэлтгэл хийдэг. Мэдээж энэ олон цагийн бэлтгэлийн хажуугаар амралт чухал. Амралтын цагаараа өөрсдөө хоолоо хийж иднэ. Мөн чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж, билльярд тоглох дуртай. Манай найзууд билльярд маш сайн тоглодог болохоор өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар чөлөөт цагаа  өнгөрүүлдэг. 

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Ирэх зургадугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гэсэн зорилго тавьсан байгаа. Энэ тэмцээнд амжилттай оролцвол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Тиймээс баг тэмцээнийхээ бэлтгэлд эрчимтэй орсон. Бид багийнхаа логотой стикер авч чадвал цаашдаа сар бүрийн тогтмол орлоготой болох боломжтой.

Одоогоор Азийн орнуудад энэ спортын төрлөөр алдаршсан хамгийн хүчирхэг найман баг байна. Тэр дундаа Хятадын баг маш хүчтэй. Тэднийг ялахын тулд нарийн, үндсэн тактикыг нь судалж байна. Багт дасгалжуулагчаас гадна таван тоглогч байдаг. Тоглогч бүр довтлогч, хамгаалагч гээд өөр өөр үүрэгтэй. Миний хувьд багийнхаа хамгийн урд явдаг буудагчийн үүрэг гүйцэтгэдэг. Маш их мэдрэмж, сэргэлэн цовоо, хурдан шаламгай зан их шаарддаг спорт.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Хүний амьдралыг мөрөөдөл, зорилгогүйгээр төсөөлшгүй шүү дээ. Миний хувьд электроник спортын төрлөөрөө дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргах маш том мөрөөдөлтэй. Энэ мөрөөдөл маань ч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Аливаа баг хамт олон нэг мөрөөдөл, зорилготой байснаар амжилтад хүрч чадна. Тиймээс ч бид монголынхоо залуусыг түүчээлж, дэлхийн аварга баг болохын төлөө зүтгэх болно. 

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Одоогийн өсвөр насны хүүхдүүд компьютер тоглоомыг маш их сонирхдог нь үнэн. Гэхдээ зорьсон зорилготой, мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Алт шиг цагаа дэмий үрж, цаг нөхцөөх байдлаар компьютер тоглох нь харамсалтай.

Компьютер тоглоомыг спорт гэдэг талаас нь харахыг хүсэж байна.

Өсвөр насныханд хандаж хэлэхэд, хичээл номоо хамгийн түрүүнд тавих хэрэгтэй шүү. Үүний дараагаар өөрийн сонирхол, хоббигоо хөгжүүлэх нь зүйтэй.

 

2016 онд Шанхай хотноо болсон "Zowie extremesland" тэмцээний үеэр

2016 онд Шанхай хотноо болсон ‘Zowie extremesland’ тэмцээний үеэр

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж