Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат эрх мэдлээ хэтрүүлэн нэг өдрийн дотор 8 аж ахуй нэгж байгууллагад 21 тусгай зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл байгаа.

Евгений Плющенко: “Спортод шинэ үе гарч ирж байна. Өнөөдөр би тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болжээ. Бүх зүйлд хязгаар гэж бий. Бэртлийн улмаас 15 удаа хагалгаанд орсон надад тав дахь удаагаа олимпийн наадамд оролцоно гэдэг маш хүнд даваа. Одоо хангалттай”

Уран гулгалтын спортын дэлхийн домогт тамирчин Евгений Плющенко хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа зарласан бол өнөөдөр /2017.04.06/ Москва хотноо “Плющенкогийн сахиусан тэнгэрүүд” уран гулгалтын академийн нээлтээ хийлээ.

“NEWS” агентлаг “ХҮМҮҮС” буландаа олимпийн хошой аварга, Дэлхийн гурван удаагийн аварга Евгений Плющенкогийн амьдрал, амжилтын түүхийг онцолж байна.

Плющенкогийн намтар маш баялаг. Тэр ОХУ-ын Хабаровын хязгаар нутаг дахь Солнечный тосгонд төржээ. Түүний эцэг, эх Сибирээс Алс Дорнод хүрэх төмөр зам буюу “БАМ” төсөл дээр ажилладаг байв. Гэвч Сибирийн уур амьсгал бяцхан хүүгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон тул түүний гэр бүл Волгоград хот руу нүүжээ.

Эмч нар бие муутай, бяцхан Женяг спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөдөг байв. Нэг удаа Женя ээжтэйгээ гудамжаар зугаалж яваад “Уран гулгалтын спортоос залхаж байна” хэмээн уйлж суугаа охинтой санаандгүй таарчээ. Яагаад ч юм, охины ээж хүүхдийнхээ тэшүүрийг Женяд бэлэглэсэн байна. Женя энэ мөчөөс эхлэн уран гулгалтын спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болж, аав, ээжээсээ секцэнд оруулж өгөхийг гуйжээ. Энэ үед дөрөвхөн настай байсан юм.

Сонирхол гэхээсээ илүү биеэ чийрэгжүүл гэсэн эмч нарын захиасыг дагаж, эцэг, эх нь Женяг спортоор хичээллүүлснээр гурван жилийн дараа тэр “Болор тэшүүр” /Хрустальный конек/ нэртэй шагнал хүртсэн байв.

Энэ үеэс Женя Волгоград хотын алдарт дасгалжуулагч Михаил Маковеевын нүдэнд өртжээ. Дасгалжуулагчийнхаа ачаар 11 настай Женя туршлагатай уран гулгагч, мастеруудын гүйцэтгэж чаддаггүй байсан гурвалсан үсрэлттэй эргэлт /трипл аксел/-ийг таван удаа гүйцэтгэж чаддаг болсон байв.

1980-1990-ээд онд Орос улс капитализмын замыг сонгож, энэ үед уран гулгалтын дугуйлангууд ихэнх нь хаалгаа барьжээ. Гэсэн ч Михаил Маковеев ирээдүйд домогт тамирчин болох хүүг зөнд нь орхиогүй юм. Тэрбээр шавийгаа Санкт-Петербург дагуулан явж, Алексей Мишин гэх дасгалжуулагчтай танилцуулжээ.

Алексей Мишин тухайн цаг үеийн хамгийн алдартай, эрэлттэй дасгалжуулагч байв. Түүний шавь болохын тулд Женя бүхий л авьяас, хүч чадал, тэсвэр тэвчээрээ харуулж, хүлээн зөвшөөрөгдөх ёстой байлаа. Тэр үүнийг чадсан. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Женя Алексей Мишиний багт орж, дуртай спортоороо хичээллэн, амжилт гаргах боломжоо хадгалж үлдсэн юм.

Түүний амжилт багаас эхэлсэн. Алексей Мишиний шавь болсныхоо дараа тэр Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байр эзэлжээ. Гэтэл энэ үеэс Женягийн нуруу өвдөж эхэлсэн байна. 14 настайдаа тэр анх нуруу нь өвдөхийг мэдэрчээ. Гэсэн ч Женя тэвчээр заан, хичээллэсээр байв. “Cup of Russia” тэмцээнд шилдэг тамирчдыг ардаа орхин, IV байр эзэлсэн нь түүний хувьд анхны томоохон амжилтын нэг байлаа.

Амжилтын оргил өөд тэмүүлэх урт замд тэр өөрийнх дотны найз Алексей Ягудин хүчтэй өрсөлдөгч нь болох юм санаагүй байх. Тэд 1998 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт оролцож, Женя хүрэл, харин Ягудин алтан медаль хүртсэн билээ.

2002 оны Солт-Лейкийн олимп Плющенкогийн чухал шалгуур байлаа. Женя энэ удаа ч Алексей Ягудинд ялагдаж, найз нь олимпийн аварга болж, харин өөрөө олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Солт-Лейкийн олимпийн дараа жил түүний хүчтэй өрсөлдөгч, дотны найз Алексей Ягудин их спортыг орхив. Энэ үеэс Евгений Плющенко уран гулгалтын эрэгтэйчүүд ганцаарчилсан төрөлд дэлхийг байлдан дагуулж эхэлсэн гэж болно.

Плющенко 2004 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин болохоо баталсан ч 2005 онд бэртлийн улмаас ДАШТ-д оролцож чадаагүй юм. Нэг жил спортоосоо завсарлага авсны дараа тэр мөсөн талбайдаа эргэн ирж, дэлхийн аварга цолоо хамгаалж байлаа.

Хэдийгээр Женя спортын салбарт жинхэнэ од шиг гялалзаж чадсан ч түүний хувийн амьдрал тийм ч бүтэлтэй байгаагүй юм. Тэр анхны эхнэр Марий Ермактай 2005 онд гэрлэсэн ч гурван жилийн дараа албан ёсоор салжээ. Энэ үед тэр спортоос түр завсарлага авч байгаагаа зарласан бөгөөд зарим шүтэн бишрэгчид нь түүнийг зодог тайллаа гэж хүлээн авч байсан юм.

Түүний хоёр дахь амьдрал 2007 оноос эхлэлтэй. 2008 оны “Eurovision”-д ОХУ-ыг төлөөлөн оролцож байсан дуучин залуутай хамтран тоглолтын тайзан дээр уран гулгалтын үзүүлбэр үзүүлэх даалгавар Евгенийд оногджээ. Энэ нь Женя их спортдоо эргэж ирэх шалтгаан болсон гэдэг. Энэ үеэс Евгений Плющенко дуучин Дима Билан болон түүний продюсер Яна Рудковская нартай танилцаж, дотно нөхөрлөх болжээ. “Eurovision-2008” олон улсын хөгжмийн наадам дууссаны дараа Евгений Плющенко, Яна Рудковская нар хэдийн хайр сэтгэлтэй болж, удалгүй гэрлэсэн.

2007 онд Плющенко ‘Справедливая Россия’ намын гишүүнээр элсч, улс төрийн карьераа эхлүүлсэн ч амжилт олоогүй. 2011 оноос тэр улстөрч болох бодлоо бүрмөсөн орхисон байна.

Хэсэг хугацаанд спортоос завсарласан Плющенко 2010 онд Ванкуверт болсон өвлийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь гол шуугиан болов. Хожим нь тэр энэ талаар “Ванкуверт түрүүлэх боломжтой байсан ч шүүгчид хэт нэг талыг барьж, шударга бус шүүсэн” гэж ярьсан байдаг.

Хэдийгээр Евгений Плющенко их спортдоо эргэн ирсэн ч эмч нар түүнийг 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг нь хориглож байсан юм. Удалгүй тэр Израильд нурууны хагалгаанд орж, хөл дээрээ боссон бөгөөд 2014 оны Сочигийн олимпод оролцох ОХУ-ын шигшээ багт багтсан байв.

Плющенко “Сочи-2014” олимпийн мөсөн талбайд багийн төрөлд алтан медаль хүртэж чадсан ч бэртлийн улмаас ганцаарчилсан төрөлд амжилт гаргах боломжгүй болж, тэмцээнийг орхисон билээ.

Өвлийн олимпийн наадмын хошой алт, хошой мөнгөн медальт, Дэлхийн гурван удаагийн аварга, Европын долоон удаагийн аварга Евгений Плющенко… Энэ амжилтаас түүний ямар агуу тамирчин болохыг харж болно.

Түүнтэй хамт уран гулгалтын спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүхэл бүтэн нэг зуун улиран оджээ.

Женя өнөөдөр Москва хотноо “Плющенкогийн сахиусан тэнгэрүүд” уран гулгалтын академийн нээлтээ хийлээ. Тэр өөр шигээ домогт тамирчид төрүүлэхийг мөрөөдөж байгаа.

Цаашид Евгений Плющенко тамирчны хувьд дахин дэлхийн хэмжээний спортын наадам, тэмцээнд оролцохгүй боллоо. Гэхдээ тэр одоо шинэ амьдрал, дасгалжуулагчийн цоо шинэ карьераа эхлүүлж байна.

Баярлалаа, мөсний хаан Женя.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж