Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ компьютерын ард өнгөрөөдөг хүмүүс цөөнгүй бий.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 2016 оны сүүлээр ‘Хүнд манан’ шүлэг, бодролын түүврээ гаргасан. Найрагч 2011 оноос хойш бичсэн шинэ шүлгүүдээ энэхүү түүвэрт багцалжээ.

‘Хүү чинь ирлээ… нутаг минь’ гэж хачин сайхан шүлэг байнаа. Үүнийг цээжлээд нутагтаа (аавынхаа) очоод, уулан дээрээс чанга дуугаар уншихсан гэж бодогдох. Бүтнээр нь бичье.

‘Хүү чинь ирлээ… нутаг минь’

Ээ… хээ… хээ

Хүү чинь ирлээ… Нутаг минь…

Асрын өндөрт цэцэг дэлгэрч

Алсын зэрэглээнд толгод мяралзахыг харах гэж…

Сайвар хонгор салхины чинь амьсгаагаар

Санасан хацраа үнсүүлэх гэж…

Хүү чинь ирлээ… Нутаг минь…

 

Ээ… хээ…хээ…

Хүү чинь ирлээ… Нутаг минь

Алдрайхан нялх хүүхэд насныхаа

Алгын чинээхэн мөрөн дээр гишгэх гэж…

Тэргэл саран дор шувууд ганганаж

Тэнгэрийн симфони эгшиглэхийг сонсох гэж

Хүү чинь ирлээ… Нутаг минь.

 

Ээ… хээ…хээ…

Хүү чинь ирлээ… Нутаг минь…

Алдаж, онож явсан залуу насныхаа

Алтанхан дурсамжийг сэдрээх гэж

Аван, ижий, ахан дүүстэйгээ

Бүтэн байснаа дурсах гэж

Хүү чинь ирлээ… Нутаг минь… гэсэн сайхан шүлэгтэй хамгийн түрүүнд таарах.

Энэхүү түүвэр нутаг усны тухай шүлгийн бөлгөөр эхэлж байгаа нь ‘Хүнд манан гэсэн нэрнээсээ цаг үеийнхээ тухай өгүүлсэн хүнд шүлгүүд байх нь дээ’ гэсэн бодлыг арчиж хаясан гэж хэлж болно.

Яруу найрагч бээр олон ач, гучтай. Тэр бүрээ хараад ихийг бодож, эргэцүүлдэг нь шүлгээс нь илт. Хүн гээч төрүүлсэн үр хүүхдээсээ илүү ач, гучдаа хайртай байдаг нь үргэлжлэл минь гэж боддогийнх биз ээ.

Үүсгэсэн амьдралдаа ‘хаан’ шиг байсан ч

Үргэлжлэлийнхээ өмнө ‘боол’ шиг амьдарлаа

Ижий бурхан нь хөхөө хөхүүлж

Эцэг би вээр тархиа хөхүүлж өсгөлөө… гэх буюу

Өвөө, эмээ модны саарал ‘мөчир’ дээр

Өдий төдий ач гуч ‘жимс’ шиг ургах юм.

Модноосоо жимс нь гоё ургадаг болохоор

Баярлах юм… хэмээн энгийн, тансагаар өгүүлж. Түүгээр зогсохгүй,

Жил жилд ‘хүн’ над руу ирцгээх юм…

Жижигхэн хөөрхөн ‘бурхад’ морилох юм…

‘Хаан’ шиг морилтугай!

Боол шиг сөгдье, өвөө нь!… гэсэн байх.

Б.Лхагвасүрэн гуай хүүхдүүддээ нэг ч удаа гар хүрч байгаагүй гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Харцаараа, дуугүйшлээрээ айлгадаг юм шиг байгаа юм. Хүү Л.Хасар (Болор цомын эзэн, одоо Францад амьдардаг) нь хүү Хасуйгаа зэмлэжээ, нэг удаа. Энэ ач хүүг нь бид ‘Монгол тулгатны 100’ эрхэмд Б.Лхагвасүрэн гуайг ороход ирж үнсүүлээд, уйлуулж байснаар нь харсан шүү дээ. Хүү нь хүүгээ зэмлэж байгааг хараад бачимдахдаа ийн шүлэглэжээ.

Хүү минь

Хүүгээ зэмлэж байна…

Байх суух газар олдохгүй…

Аавыг нь нүдээрээ ороолгож,

Амандаа ийн үглэв…

‘…Чи миний хавар юмсан…

Хүү чинь миний ‘зун’

Чиний миний ‘маргааш’ юмсан

Хүү чинь миний ‘нөгөөдөр’… гэжээ.

Тэгээд энэ ач хүү Хасуйдаа зориулж,

Бодолд багтаж суухдаа, чимээнд цочихын цагт

Болгоомж дэвсээд, дуу нь зөөлхөн – хүүгээ санана… гэжээ. Ач хүү Хасуйдаа их хайртай, алс байдаг болохоор их санадаг бололтой юм. Ханийхаа тухай:

Энхрий чи минь – Зуруул

Эр бие минь – Шүдэнз

Иймдээ бидэн хоёр дүрэлзэн шатдаг

Ассан энэ гал дээрээ

Амьдрал гээчийг

Алдаа, оноотой нь буцалгадаг.

Бидэн хоёр – хайрын гал зуухандаа… гэсэн нь эвлэж уулзсан таван хананы эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо гэх шиг сонстох.

Б.Лхагвасүрэн гуай өнгөрсөн таван жилд таван тив, дөрвөн далайн мөн ч олон газар орноор явжээ. Тэр бүртээ л нэгээр тогтохгүй сайхан шүлгээ дурсамж, ухаарал болгон үлдээсэн байх юм. Харийн хүний сэтгэлийн тухай хачин гоё хэлжээ.

… Битүү модтой намхан толгод

‘Биеэ өмөөрсөн’ амин байшингууд

Яндан байхым… цэнхэртсэн утаа гарахгүй

Явж байхын хүн… сэтгэл цэлмэтэл инээхгүй… гэх юм уу

 

Эрх чөлөө, амь хоёроо тэврээд хэвтчихсэн

Энд бусдын зовлон огт хамаагүй

Илүүгээ зөвхөн нохой, муурандаа л өгнө

Дутуугаа зөвхөн өөрөөсөө л нэхнэ

Дундаа хэрэглэдэг болохоор яах аргагүй

Дуртмал алтан нар л байна… гэх.

 

Шүр сувд шиг часхийсэн шадтай мөн ч олон таарах.

…Худлаа үг – үнэнийг хэлэхээс их бодуулах… гэж. Энэ ёстой үнэн шүү. Би гэхэд л сая нэг хүнд худал хэлэх гэж байгаад бантахдаа бараг л үнэнээ хэлчихсэн дээ.

…Хүмүн гэгч

Оноо алдаа гэсэн

Хос царги дээгүүр явдаг

Олон чиглэлийн

Галт тэрэг…

 

…Айлаас:

Авсан юмсын нь мөнгөний

дайтай их хог гардаг…

Хүнээс:

Алдсан алдааны нь

дайтай их зовлон гардаг…

 

…Усан дээр буусан

Ус үнэгүй…

 

…Хугарсан яс – зөрсөн байлаа ч

Бороолоод эдгэх нь ойр амуй.

Хугарсан итгэл – зөвөө олж

Эвэндээ орох нь алс амуй…

 

…Галзууртлаа санаж байна

Чамайгаа…

Галзуураагүй болохоор

Чи үнэмшихгүй.

Үхтэлээ санаж байна

Чамайгаа…

Үхээгүй болохоор

Чи үнэмшихгүй…

 

…Нялуун өвөр их дамжсан бүсгүй хүмүн

Нохойд зулгаалгуулсан эсгий мэт болмуй…

…Сайн ханьтай хүн бага өтөлдөг… гэх мэт шүр, сувдууд хэлхэж.

Мөн Орост оюутан байхдаа бичсэн /1975-77 он/ шүлгүүдээ ямар ч засваргүйгээр оруулсан нь уншихад нэн сонин аж. Агуу авьяас билигт нас хэзээ ч залууддаггүй гэдгийг эндээс харж болно.

ЭХ СУРВАЛЖ: АMARTUVSHIND.BLOGSPOT.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж