Шүгдэнг шүтэх үү, эс шүтэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Шүгдэнг шүтэх үү, эс шүтэх үү?

Dreamt It нэртэй энэхүү Арр нь зүүдний тэмдэглэл ба таны зүүдийг хадгалан Фэйсбүүк, твиттер зэрэг сайтуудад шэйрлэх боломжтой аж.

Зарим хүн “Шүгдэн” сахиусыг “Тангарагийн буг”, Төвд ламын сүнс, ад зэтгэр гэх нь бий. Харин монголчуудын нэг хэсэг нь шүгдэнг жинхэнэ шүтээн гэж үздэг. Энэ мэт шүгдэнг шүтэгсэд, эс шүтэгсдийн бие биеэ үгүйсгэж байгаа нь маргаантай асуудал хэвээр оршсоор байна.

ШҮГДЭНГИЙН УГ ГАРАЛ

Шүгдэн сахиусны уг гарлын тухай “Dalai.mn” вэб хуудаснаа тэмдэглэхдээ “Алтан Хааны зээ хүү IV Далай Лам Ёндонжамц 1601 онд Төвдөд залагдан сууж байгаад 1616 онд тодорхой бус шалтгаанаар гэнэт таалал барсан юм. Түүнийг таалал барсны дараа Далай Лам болон Шарын шашныг эсэргүүцэгч, Төвдийн Зан аймгийн захирагч Дэсрид Пунцогнамжал (1613-1642 оны хооронд Төвдөд эрх мэдлээ тогтоож байсан) “IV Далай Ламын хойд дүрийг тодруулж болохгүй” хэмээн хориг тавьж байлаа. Үүнийг мэдсэн Алтан Хааны удмын Гүр Хунтайж болон Лувсанданзан нар 2000 цэрэг захиран 1621 онд Төвдийн Үй-Занд ирж Сономравданг (хожим V Далай Ламын туслах болсон) дэмжиж, Шарын шашныг устгах бодолтой байсан Дэсрид Пунцогнамжалд дарамт шахалт үзүүлэн, түүний гарт орсон шарын шашны хийдүүдийг чөлөөлсөн гэдэг. Тэд IV Ванчин Богд Лувсанчойжижанцантай (1567-1662) IV Далай Ламын хойд дүрийг тодруулахаар зөвшилцсөнөөс хойш нэг жилийн дараа V Далай Лам Лувсанжамцыг тодруулж сэнтийд залсан талаар бичжээ.

IV Далай Ламын хойд дүрийг хайх явцад дөрвөн хүүгийн нэр сүүлийн шалгуурт үлдсэнээс Ванчин Богд болон Ядам Бурхадын таалал нэг зүгт буун Чонжай нутгийн хүүг V Далай ламаар тодруулжээ. 

Эдгээр дөрвөн хүүгийн нэг нь Гадхаса хошууны Дагважанцан нь тангаргийн буг Должал буюу Шүгдэнгийн өмнөх төрөл юм. Тэрээр 1619 онд Төвдийн Зан аймгийн Гадхаса хошуунд төржээ. Эцэг Намсрай нь нутаг усандаа эрх мэдэлтэй хошууны ноён хүн байв. Түүний эх Ла-Ажал башир арга хэрэглэн Дэсрид Пунцогнамжалын дэмжлэгтэйгээр өөрийн хүү Дагважанцангийн нэрийг Далай Ламын дүрийг тодруулах явцад шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэрэнд хавчуулж чадсан ч энэ зорилго нь бүтээгүйн дээр түүний гэр бүл Дэсрид Пунцогнамжалын талынх тул монголчуудад түйвээгдсэн гэдэг. 

Дагважанцан 1656 онд халдварт өвчнөөр өөд болов. Түүнийг нас барсны дараагаар биеийг чандарлан, чандрыг суваргад байрлуулсан шөнө суваргаас дүрсгүй ярих чимээ гарах зэргээр ад зэтгэр болсны шинж өлзий бусын олон муу ёр гарсан тул Найчүн сахиусын зарлиг дагуу Дагважанцангийн өргөөг нураалган, суурин дээр нь зуун гэлэнгээр ном уншуулж, суварган дахь чандрыг гарган голд хаяжээ. 

Шүгдэн жинсрэгийн галд шатсанаасаа хойш 47 жилийн дараа буюу 1721 онд урьдын үйл, буруу ерөөлийн эрхээр дахин гарч ирэн өөрийн багшийн хийд болох Дашлхүнбэд ирсэнд Намсрай сахиус хийддээ оруулаагүй тул цааш сажавын хийдийг зүглэн сажавын дамжлагын эзэн Дагти Сономринчингийн өмнө ирсэнд Дагти Ринбүүчий: “Чи хэн юм?” хэмээн асуусанд дүрсээ үзүүлэн “Би Шарын шашинтай тангараг буруудсан буг байна” хэмээн хариулсан гэдэг. Тухайн цаг үеэс эхлэн буг чөтгөр түүнтэй үйлийн барилдлагатай сажавын зарим нэгэн лам нар анхлан түүнийг шүтэж эхэлжээ. Улмаар тэдгээр лам нартай номын барилдлагатай шарын шашны лам нар шүтэх болсон” тухай дурджээ.

Харин “Шүгдэн” сахиусны талаар Зава Дамдин Ринбүчи буюу Осгонбаяр ламтан /2014.04.29/ хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа айлдахдаа “Монголоос Алтан хааны зээ хүү Ёндонжамцыг IV Далай ламаар тодруулсан. Түүнийг Төвдөөс хүлээн зөвшөөрөхгүй их удаж, 27 насандаа Төвдөд залагдаад, нэг жил бололгүй тодорхой бус шалтгаанаар таалал төгссөн байдаг. IV Далай ламыг таалал төгссөн талаар одоо үеийн Төвдүүд ярьж, бичих ч дургүй. Харин монголын өвгөн лам багш нар бидэнд ярьж өгдөг байсан. Ер нь энэ тэндийн хуучны судар бичгүүдэд энэ талаар дурдсан байдаг. Тухайн үед монголоос Далай ламыг залахаар Төвдийн улс төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн юм шиг байна. Харин XIV Далай ламын эрдэм чадлыг гайхан биширдэг байсан гэдэг” тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байв. ЭНД дарж үзнэ үү.

ДАЛАЙ ЛАМ ШҮГДЭН ШҮТЭХИЙГ ХОРИГЛОСНЫ УЧИР

Хятадын арми 1959 онд Далай лам Төвдийн Лхас хотноо дэгдсэн ард түмний бослого хятадын цэрэгт дарагдсаны дараа эх орноосоо дүрвэн гарах болсон. XIV Далай лам Төвд Хятадын тэмцэл хурцдаж эхлэхэд цаашид гарах сөрөг үр дагавраас сэргийлж Энэтхэг улс руу дүрвэн гарсан байдаг.

Төвдийн бурханы шашны Нингма, Гаржүд, Сажа, Гэлүг, Сажа зэрэг урсгал дөрвүүлээ эв нэгдэлтэй байснаар Төвд тусгаар тогтнолоо бэхжүүлж чадна. Гэтэл шүгийг шүтэгчид “Бид бусдаас онцгой, хамгаас илүү, төгс төгөлдөр” гэсэн үзэл баримтлал нь Төвдийн тусгаар тогтнол нийцэхгүй байсан учраас XIV Далай лам 1996 онд шүгдэнг шүтэхийг хориглосон байх магадлалтай тухай зарим эрдэмтэн судлаачид хэлж байв.

Ийн 2011 онд XIV Далай лам улс төрийнхөө эрх мэдлийг Төвдийн ерөнхий сайд Лувсан Сэнгээ гэдэг хүн шилжүүлсэн талаар хэвлэл мэдээллээр шуугиж байсан билээ.

ШҮГДЭН САХИУСЫГ ЧАНД САХИХГҮЙ БОЛ ТАМД УНАДАГ УУ?

Шүгдэнг шүтэгчид, эс шүтэгчид аль ч тал өөрсдийгөө зөвтгөхийн тулд бүх баримтыг өөрийнхөө талд хэлнэ. Харин үүний үнэн худлыг нь судлаачид судлах хэрэгтэйг лам хуврагууд хэлж байлаа.

Зава Дамдин өөрийн цахим хуудаснаа Дорж шүгдэн сахиусны талаар тайлбарлахдаа “Аливаа амирлангуй үйлсийг бүтээж болно өвчин зовлон, хэрүүл хямрал тэмцлийг амирлуулах үйлсийг дэлгэрүүлнэ. Эрдэнийн дорж шүг нь эд баялаг, нас буян, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлдэг бөгөөд нийгэмд эзлэх байр суурь, оюун санаа, эрх мэдлийг арвижуулдаг. Мөн хатуу үйлийн дорж шүгдэн гэдэг нь нууц тарнитай бөгөөд хатуу үйлээр аливаа дотоод сэтгэлийн нисванисыг сэтгэлийг дарах, гадаад дотоод нууцыг барцад саадыг арилгах зан үйлүүд байдаг” талаар дурджээ.

Чойжин ламын сүм музейд байсан сахиусыг шүгдэн сахиус зарим нь Дамдиндорлиг гэх нь ч бий. Уг музейн 1960-аад оны архивын баримтад Шүгийн талаар тэмдэглэсэн байдаг ч сүүлийн үеийн баримтуудад энэ талаар тэмдэглээгүй байдаг ажээ.

ШҮГДЭН САХИУС ТӨВДИЙН ШАШИН, УЛС ТӨРИЙН АСУУДАЛ УУ?

Энэ талаар яруу найрагч, зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” романдаа “Монголд түүнийг баячуулын бурхан, Энэтхэгт нууц цусан тахил үйлдэгчдийн шүтээн гэж үздэг юм гэнэ. Тийн бодогсод ердөө л Бурханы нэг хийгээд сэтгэшгүйг таниагүй хэрэг ээ. Бурханыг мөнгөний, уран үгийн, мал сүргийн, эх хүүхдийн гэхчилэн ангилахыг хичээцээгээдэг ч Бурхан нэг л юм. Нэг л атлаа заримд нь мөнгөө аривжуулахад тусалдаг ивээгчийн дүрээр, заримд нь ном цээжлэхэд дэм үзүүлэгч багшийн дүрээр, гурав дахь этгээдэд үр хүүхэд заяагч болж очих гэж үү? Энэ чинь бурханлиг оюунд тэнцэх хэрэг мөн үү? Илбэ жатга бус уу? Бурхан нэг л учраас л сэтгэшгүй, тоолшгүй мэт санагдаж чаддаг. Үнэндээ бурханд тиймэрхүү хямдхан зүйлс мөнгө, цус, эрх мэдэл, огтоос хэрэггүй. Эцсийн эцэст Шүгдэн гэдэг бол үе авиа нийлж бүтсэн, зүгээр л нэг нэр шүү дээ” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Сyдлаач Ж.Лхагвадэмчиг энэ тухайд үзэл бодлоо хэлэхдээ “Шүгдэн сахиусын асуудал бол Төвдийн шашин, улс төрийн дотоод асуудлаас үүдэлтэй. Хоёрдугаарт Далай ламыг БНХАУ−ын засгийн газраас салан бутаргагч хэмээн үздэг учраас хэн Далай ламын эсрэг байна түүнийг дэмжих магадлал өндөр. Монгол улсын бурханы шашинт иргэд хоорондоо талцан хуваагдах нь Монгол Улсын нэгдмэл байдалд сөрөг нөлөөтэй тул энэхүү асуудалд Монгол Улсын төр болон Монголын Бурхан Шашинтны Төв анхаарлаа хандуулж, зохицуулах үүрэгтэй” гэсэн юм.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд:

  1. Төрөөс шашин, сүм хийдийн талаар баримтлах бодлогын үндсийг Монгол Улсын Их Хурал тодорхойлно.

  2. Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна.” гэж заасан байдаг аж. Тус хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.


Зава Дамдин Ринбүчи буюу Осгонбаярын ийм нэг бичлэг байдаг

А.СҮР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж